Франц “Исламын улс”-д цохилт өглөө

2015 оны 11 сарын 16

 

Парис хотод гарсан халдлагын хариуд Францын арми Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн гол байршлуудад агаараас цохилт хийлээ. Сирийн Ракка хот дахь исламын хэт даврагчдын байршилд Францын байлдааны онгоцнууд дараалсан цохилт хийсэн байна.

 

Ирак, Сирийн газар нутгийн ихэнх хэсгийг эзэлсэн “Исламын улс” бүлэглэл нь өөрийн байгуулахыг эрмэлзэж буй исламын халифатын нийслэлээр Ракка хотыг нэрлэсэн аж. Харин Францын армийн байлдааны 12 онгоц ням гаригт /XI.15/ Ракка хот дахь “Исламын улс” бүлэглэлийн гол байршлуудыг агаараас бөмбөгдсөн байна. Францын тал Ракка хот дахь агаарын бөмбөгдөлт амжилттай болсон гэж мэдэгдсэн боловч “Исламын улс” бүлэглэл хэдийнэ байршлаа сольсон тул хохирол амсаагүй гэжээ.

 

 

Өмнө нь өнгөрсөн баасан гаригт /XI.13/ Парис хотноо хэд хэдэн газар халдлага гарч 130 орчим хүн амь үрэгдэж, 350 гаруй хүн гэмтэж шархтсан юм. Франц улсын засгийн газар Парист халдлага зохион байгуулж, олон хүний аминд хүрсэн “Исламын улс” бүлэглэлийн эсрэг дайн зарлаж буйгаа мэдэгдсэн билээ.

 

Франц улс нь “Исламын улс” бүлэглэлийн эсрэг өнгөрсөн есдүгээр сараас хойш Сирид агаарын цохилт өгч эхэлсэн билээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна