Би сүмо барилддаг байсан. Асашёорюү Монголд байгаа юу?

2015 оны 11 сарын 16

ОХУ-ын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид Монголд 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр өнгөрөн бямба гаригт ирсэн билээ. Бэлтгэлийн үеэр “Лондон-2012” зуны олимпийн наадмын -100 кг-ын жингийн алтан медальт Тагир Хайбулаевтай ярилцлаа.

-Сайн байна уу аварга аа. Абу Дабигийн гранприд сайхан барилдаж түрүүлсэнд тань баяр хүргэе?

-Баярлалаа.

-Монголд дөрөв дэх удаагаа ирлээ, сэтгэгдэл ямар байна?

-Сайхан байна. Хамгийн анх 2006 онд ирж байлаа. Тэгэхэд Монголын шигшээ багтай циркт халз барилдаан хийсэн шүү дээ. Дараа нь 2014 онд “Чингис хаан” дэлхийн цомд ирж барилдсан. Энэ жил бас орсон ч ялагдсаныг та бүхэн мэдэж байгаа байлгүй.

-Таныг Лондоны олимпийн алтан медалийн төлөө Н.Түвшинбаяр аваргатай барилдсаныг монголчууд сайн мэднэ. Тэр мөчийг эргэн дурсвал?

-Лондоны финалын талаар хааяа хааяа дурсаж бодно оо. Гэхдээ нэгэнт өнгөрсөн түүхийг эргэж дурсах биш, ирээдүйгээ бодох нь илүү чухал гэж боддог.

-Гэхдээ л нэг зүйлийг асуумаар санагдаад байна. Шигшээ барилдааны дараа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин таны чихэнд юм хэлээд байсан. Юу гэж хэлсэн юм бэ?

-Ерөнхийлөгч яг намайг онцолж юм хэлээгүй ээ. “Та нар сайн байлаа, чадлаа. Бүгдэд нь баяр хүргэе” гэх мэтээр багт хандсан үгсийг л хэлсэн. Тухайн үед бид тийм өндөр амжилт гаргана гэж төсөөлөөгүй байсан болохоор бүгд маш их баярлаж байв. Гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль гэдэг сүрдэм амжилт шүү дээ.

-В.Путин тэр үед танд бугуйн цагаа бэлэглэсэн байх аа. Тэр цагаа зүүж байгаа юу?

-Ерөнхийлөгч цагаа бэлэглээгүй шүү дээ. Надад баяр хүргэж гар барих үед цаг нь мултраад уначихсан юм. Би түүнийг нь авч өгснийг хүмүүс “Ерөнхийлөгч цагаа бэлэглэчихлээ” гэж харж л дээ.

-Гэр бүлийн чинь талаар асуумаар санагдлаа. Эхнэр хүүхэдтэй болсон уу?

-Эхнэр маань таван сарын өмнө хүү түрүүлж өгсөн.

-Анхны хүү юу?

-Тийм ээ.

-Хүүгээ өөр шигээ бөх болгох уу?

-Спортоор хичээллүүлэхийн тухайд гэвэл 100 хувь “Тийм” гэж хариулна. Чухам ямар спорт вэ гэдгээ харин өөрөө л сонгох байх даа. Заавал өөр шигээ жүдогоор хичээллэ гэж тулгахгүй. Би жишээ нь, жүдогоос гадна хоккейн спортод дуртай.

-Монголчууд бас хоккейд дуртай. Танд хоккейн спортоос шүтдэг тамирчин бий юү?

-Тивийн хоккейн лигийн “Металлург” багт тоглодог Данис Зарипов гэж залуу бий. Миний найз байгаа юм. Тэгээд Александр Овечкин, Илья Ковальчук, Евгений Малкин гээд шигшээгийнхээ залуусыг бүгдийг нь дэмждэг.

-Хүүхэд насныхаа талаар манай уншигчдад ярьж өгөөч?

-Би Дагестанд төрсөн. Тэнд 11 нас хүртлээ байж байгаад 1994 онд Самара хотод нүүж ирсэн юм. Багаасаа спортоор хичээллэж эхэлсэн. Дагестанд чөлөөт бөх үндэсний спорт гэж тооцогддог. Тиймээс чөлөөт бөхөөр спортын гараагаа эхэлж байв. Гэхдээ чөлөөт бөх, самбо, сонгомол бөх гээд бөхийн бараг бүх төрлөөр хичээллэж байсан.

-Тэгээд яагаад жүдо руу “урвачихсан” юм бэ?

-Самарад нүүж ирснийхээ дараа чөлөөт бөхийн секц хайтал олдоогүй.Тэнд чөлөөт бөх Дагестаных шиг түгээмэл биш гэдэг нь мэдэгдсэн л дээ. Харин жүдо бөхийн дугуйлан байсан. Тэгээд гэрээс тавхан минут зайтай. Ерөнхийдөө гэрт ойрхон байсан болохоор л жүдо руу “урвачихсан” гэх үү дээ. Цэвэр тохиолдлоор гэж хэлж болно.

-Танд сурсан эрдэмээ ашиглах шаардлага гарч байсан уу. Гудамжинд танихгүй хүмүүстэй зодолдож байсан уу гэж асууж байгаа юм?

-Дагестанд, хүүхэд байхдаа л зодолдож байсан. Самарад ирсний дараа хичээл сургууль, бэлтгэл гээд гудамжаар тэнэх бололцоо гараагүй л дээ. Дагестанд бол өдөр болгон шахуу л үзэлцдэг байлаа.

-Риогийн олимпод таны гол өрсөлдөгч хэн байх бол?

-Эхлээд улсаасаа эрхээ авах хэрэгтэй. Миний жинд надаас илүү чансаатай Асланбек Бисултанов гэж залуу байгаа. Хэрвээ цаашдаа сайн барилдаж улсаасаа шалгарч чадвал олимпод сайн барилдах бодол бий. Олимпийн тухайд гэвэл газар газрын шилдгүүд л цугларч байгаа болохоор сул өрсөлдөгч гэж байхгүй. Найдан бас (Н.Түвшинбаяр) тэнд барилдах байх. Лондоны олимпийн шигшээд бэртэлтэй, санасандаа хүртэл барилдаж чадаагүй болохоор Риод түрүүлэх гэж хичээх нь мэдээж.

-ОХУ-д тамирчдаа хэр урамшуулдаг вэ?

-10 жилийн өмнөхөөс харьцангүй сайжирсан. Амьдралд хангалттай хүрэлцдэг ч хотууд янз бүр. Орост жүдо бөхийн спорт хөлбөмбөг шиг түгээмэл дэлгэрээгүй болохоор олимпийн дараа байдал өөр болсон. Багачууд жүдогоор хичээллэх нь эрс нэмэгдсэн.

-Монголд олимпийн алтан медальтныг сар бүр дөрвөн сая төгрөгөөр урамшуулдаг. Харин танайд хэдийг өгдөг вэ?

-Янз янз. Тухайлбал, Москва, Самара ялгаатай.

-Улаанбаатарын гудамжаар зугаалж амжив уу?

-Манайхан бэлтгэлийн бусад үед Улаанбаатарын зарим газраар зугаалсан. Мөн Х.Баттулга, Х.Цагаанбаатар нар биднийг хөдөө аялуулж, Чингис хааны амьдарч байсан ахуй, соёлтой танилцуулсан. Үнэхээр сайхан санагдсан. Нэг юм асууя, ёкозүна Асашёорюү одоо Монголд амьдарч байна уу.

-Тийм. Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Та хоёр танилууд уу?

-Үгүй ээ. 2003 онд ОХУ-ын мужуудын аварга шалгаруулах сонирхогчдын сүмо бөхийн тэмцээн болоход намайг хүчээр оруулчихсан юм. Багш нар “Чи заавал барилд, энэ тэмцээнд сургуулийнхаа нэрийг гаргана шүү. Барилдаж болмоор шиг байвал дагнан хичээллэхгүй юу” гээд оруулчихаж билээ. Тэмцээний 82 кг-ын жинд 140 кг жинтэй залууг давж түрүүлсэн. Тэгэхэд ямартай ч сургуулийнхаа нэрийг гаргасан. Харин Асашёорюүгийн барилдааныг харахад урамтай байдаг юм. Сүмогоос мэддэг монгол бөх гэвэл олон доо. Ялангуяа Хакүхо, Харүмафүжи гээд Монголын цуут бөхчүүдийн барилдааныг үзэх их дуртай.

-Монголын Үндэсний бөхийн барилдааныг үздэг үү?

-Youtube-ээр хааяа үздэг. Тун сонирхолтой санагддаг.

-Таны нэг жингийн бөх, олимпийн аварга Н.Түвшинбаяр үндэсний бөхөөр барилддаг шүү дээ. Хоёр жилийн өмнө шилдэг наймд шалгарсан?

-(Толгой сэгсрэв) Тийм үү. Монголын жүдочдоос өөр хэн барилддаг юм бэ.

-Н.Батсуурь өнгөрсөн жил улсын их баяр наадамд түрүүлсэн шүү?

-Гайхалтай.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Д.ЖАВХЛАН

ЭХ СУРВАЛЖ: "АРДЫН ЭРХ" СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна