Нийслэлийн Ардчилсан хүчний холбооны чуулганд 9 дүүргийн 1000 гаруй төлөөлөгч нар оролцлоо

2015 оны 11 сарын 16

 

-Нийслэлийн Ардчилсан Хүчний Холбооны ээлжит чуулган боллоо.Энэ удаагийн чуулганаас та ямар үр дүн, зорилтуудыг хүлээж байв?

 

-Энэ онд бид Булган аймагт Төвийн, Хэнтий аймгийн Дадал суманд Зүүн бүсийн, Завхан аймгийн Отгон сум буюу Отгонтэнгэр хайрханыхаа бэлд Баруун бүсийн чуулганаа хийсэн. Хамгийн сүүлд Баянхонгор аймгийн Шаргалжуутын рашаан сувилалд очиж Говийн бүсийн чуулганаа хийсэн. Эдгээр чуулгануудад маань давхардсан тоогоор 8 мянга орчим хүн оролцож, улс эх орныхоо өмнө тулгамдаад буй асуудлаар хэлэлцүүлэг, семинар зохион байгуулж тодорхой шийдлүүд гаргаад байна. Нийслэлийн чуулган маань өнгөрсөн амралтын өдрүүдэд маш амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганд нийслэлийн 9 дүүргийн 1000 гаруй төлөөлөгч нар маш идэвхтэй оролцсон. Бид Ардчиллын ололт амжилт, Уул уурхайн өнөөгийн байдал, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар, Монголын хөгжлийн гарц ба шийдэл сэдвүүдээр илтгэл тавьж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Чуулга уулзалтын гол зорилго нь эцсийн дүндээ иргэдээ чадавхжуулах, үнэт зүйлээ дэлгэрүүлэхэд оршиж байгаа юм.

 

-Энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлуудыг шийдэх гарцыг та хэрхэн харж байна вэ?

 

-Ардчилсан хүчний холбооноос жилд хоёроос доошгүй удаа чуулган зохион байгуулах зорилттой ажилладаг. Нийслэлийн Ардчилсан хүчний холбоо энэ удаагийн уулзалтаараа Ардчиллын ололт амжилт, Монголын хөгжлийн гарц, Хувьцаа эзэмшигчийн эрхийн асуудал, Хууль эрх зүйн талаар хэлэлцүүлэг хийнэ. Ардчиллын талаар олон янзын ойлголт, тодорхойлолт байдаг. Ардчилал бол өөрөө олон уургальч үзэл. Миний хувьд ардчиллыг хариуцлага гэж ойлгодог, хариуцлага байхгүй бол ардчилал байхгүй. Хариуцлагатай ирээдүй хариуцлагатай өнөөдрөөс эхлэх учиртай. Хүн бүр хийж буй ажил, эрхэлж буй мэргэжил, зорьж буй мөрөөдөлдөө тууштай үнэнч байхаас л хариуцлагатай ирээдүй шууд хамаарна.

 

-Ардчилсан Хүчний Холбооны нийгэмд үзүүлж байгаа хамгийн том эерэг нөлөө нь юу вэ?

 

-Ардчилсан хүчний холбоо бол төрийн бус байгууллага. Намын гишүүнчлэлээс үл хамаарч иргэд үзэл бодлоороо нэгддэг тийм л бүтэц. Нийгэмд намаар хуваагдаж, талцдаг хэсэг байдаг л байх. Харин энэ байгууллагын хувьд улстөрийн нам харгалзахгүй иргэд өөрийн үзэл бодол, үнэт зүйлээрээ эвлэлдэн нэгдэж, санаа бодлоо солилцдог газар. Тус холбооны бүтцийн нэг онцлог бол сонирхлын бүлгүүдийн клубын тогтолцоо юм. Манай гишүүд өөрсдийн сонирхлын дагуу англи хэл сонирхогчдын, байгаль хамгаалагчдын, хуульчдын гэх мэт клубт нэгддэг. Тиймээс Ардчилсан хүчний холбоонд нам бусчууд, мөн аль ч намын гишүүд байдгаараа онцлогтой. Товчхоор хэлбэл Ардчилсан хүчний холбоо сонирхлын бүлгүүдийн нэгдэл юм.

 

-Монголоо шинэчлэх хүсэл эрмэлзлэл, үзэл санаагаар нэгдэн нийлсэн нийт дэмжигчиддээ хандаж мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

 

-Миний хувьд Монголынхоо ирээдүйг гэгээлгээр төсөөлдөг. Хэзээ нэгэн цагт Монгол орон маань хөгжил, дэвшлийн оргилд хүрнэ гэдэгт би итгэдэг. Итгэхийн зэрэгцээ үүнд гар бие оролцохыг хүсдэг нэгэн.

 

Монголоо шинэчлэх хүсэл эрмэлзэл, үзэл санаагаар нэгдсэн та бүхэн маань ч надтай санал нэг байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна. Монгол Улсынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд бүгдээрээ идэвх зүтгэл гарган хамтран оролцож, хамтдаа их зүйлийг хийж, хүн бүрийн ажил амьдрал өсөн дэвжихийг хүсэн ерөөе.