"Ахлагчийн жил"-ийн хүрээнд арга хэмжээ зохион байгуулсаар байна

2015 оны 11 сарын 16

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон батлан хамгаалах салбарын хэмжээнд 2015 оныг "Ахлагчийн жил" болгон зарласан билээ. Энэ нь мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчинтэй болоход Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний голлох хувийг эзэлдэг ахлагч нарын хөдөлмөрийг үнэлэмжийг дээшлүүлэх, сургалтын тогтолцоог төгөлдөржүүлж, тэдний мэргэжлийн чадавхи болон нийгмийн хамгааллын асуудлыг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилготой юм. Энэ хүрээнд ч ЗХЖШ болон Зэвсэгт хүчний ангийн удирдлагууд ахлагч нартаа хандсан хэд, хэдэн бүтээлч ажлууд хэрэгжүүлээд байна. Тухайлбал, Ахлагч нарын нийгмийн хамгааллын асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ахлагч хотхон” төслийг хэрэгжүүлж, БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эхний ээлжийн 4 айлын орон сууцны барилгын ажил эхэлж, гүйцэтгэл 80 хувьтай байна. Завхан аймгийн Улиастай хотод байрлах Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн офицер, ахлагч нарын албан тушаалын 24 айлын орон сууцыг канад технологи ашиглан барьж ашиглалтад оруулав. Зэвсэгт хүчний 339, 340 дүгээр ангиуд тус бүр офицер, ахлагч нарын 40 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулав. Харин ахлагчийн алба хаагчдыг чадваржуулах ажлын хүрээнд АНУ-ын Тэнгисийн явган цэргийн Номхон далайн командлалын сургагч нартай хамтран буудагч, гардан тулааны ахисан түвшний сургалт зохион байгуулав. Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн ахлагч нар өөрсдийн санаачлагаар “Ахлагч цэцэрлэгт хүрээлэн”-г, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлагч нар “Соёл мэдээллийн төв”-ийг санаачлан ашиглалтад оруулжээ. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн удирдлагаас ахлагч нарынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарч Дорнод их сургуультай хамтран баклаврын эчнээ сургалтад 15 ахлагчийг суралцуулж байгаа бол Зэвсэгт хүчний 353 дугаар анги нь Налайх дүүргийн ЗДТГ-тай хамтран 80 ахлагчид газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулжээ. Энэ мэтчилэн манай ахлагч нар бүтээлч ажлуудаас гадна нийгмийн төлөөх сайн үйлсийн аянд ч идэвхтэй оролцож байна гэж БХЯ-аас мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна