Чөлөөт бөхийн ОУХМ, боловсролын доктор Ю.Гандолгор

2015 оны 11 сарын 16

Чөлөөт бөхийн оюутны дэлхийн аварга, боловсролын доктор, олон улсын хэмжээний мастер Юрагийн Гандолгорыг танилцуулж байна.

1980 оны аравдугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, 1996 онд Баянзүрх дүүргийн Төрхурахын 88 дугаар дунд сургууль төгссөн, 2002 онд Хүнсний технологийн коллеж, 2007 онд ШУТИС-ийн Хүнсний технологийн сургууль, 2008-2011 онуудад Хүнсний инженер, био-технологийн сургуулийн Хоолзүй, тэжээлийн технологийн докторантурыг төгсчээ.

1998-2005 онуудад “Нарантуул” клуб, “Хөдөлмөр” нийгэмлэгт Гавьяат дасгалжуулагч Х.Намширын удирдлага дор чөлөөт бөхийн спортоор бэлтгэл сургуулилт хийж байжээ.

2007-2008 онуудад “Замчин” клуб, эмэгтэй үндэсний шигшээ багийн тамирчин байсан. 2007-2008 онуудад “Монос” эрдэм шинжилшээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2008-2015 онуудад “Аврага” биеийн тамирийн дээд сургуульд чөлөөт бөхийн багшаар ажиллаж байгаад 2015 оноос Спортын хөгжлийн төвийн Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээ, сургалтын хэлтэст ахлах судлаачаар ажиллаж байна.

2001 онд спортын мастер, 2006 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн, 2010 онд Улсын шүүгч болжээ.

Оюутны УАШТ-нээс мөнгө, хошой алт, Бүх ард түмний спортын наадмаас мөнгө, хүрэл медаль, УАШТ-нээс 3 алт, 4 мөнгө, хошой хүрэл медаль авсан.

ДАШТ-нд 2002-2003, 2006, 2009 онуудад 4 удаа оролцсоноос 2009 онд ДАни улсын Хёрнинг хотод IХ байр эзэлж байжээ..

2006 онд Улаанбаатар хотод болсон оюутны ДАШТ-нээс алт, ОХУ-ын Красноярск хотод болдог И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” олон улсын тэмцээнээс 2005 онд мөнгөн медаль хүртсэн. Энэ мөнгөн медаль нь тус тэмцээнээс манай эмэгтэй бөхчүүдийн авсан анхны медаль байжээ.

2006 онд оны Шилдэг эмэгтэй оюутан тамирчнаар шалгарч байжээ.
Түүний шавь нараас Т.Мөнхтуяа ДАШТ-нээс хошой хүрэл медаль авч Э.Оюунболд 2015 оны Улмын наадамд түрүүлж Улсын арслан цол хүртжээ.

Тамирчдын хоол хүнсний шимт чанарыг дээшлүүлэх чиглэлээр судалгаа хийж “Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит залуу эрдэмтний тэтгэлэг”, ШУТИС-ийн “Шидэг докторант” өргөмжлөл хүртэж 2013 онд ШУТИС-ийн Хүнсний инженер, био-технологийн сургуулид “Уургийн баяжуулсан бэлдмэл үйлдвэрлэх технологийн судалгаа” сэдэвт бүтээлээр техникийн ухааны боловсролын докторын (Ph.D) зэрэг амжилттай хамгаалсан. Түүний диссертацийн удирдагчаар Гавъяат эмч, Төрийн соёрхолт, доктор, профессор М.Амбага, доктор, профессор Ц.Батсүх, доктор, профессор Г.Энхтайван нар ажиллажээ. Ю.Гандолгор нь манай чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас төрсөн анхны эрдэмтэн ажээ.

Доктор Ю.Гандолгорын судалгааны ажлын шинэлэг талын тухайд сүүний уургийн төгс чанарт тулгуурлан хүний бие махбодод зохицуулах үйлчилгээ үзүүлэх бүтээгдэхүүний технологийн шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулсан байна. Боловсруулсан бүтээгдэхүүнээ туршилтын амьтдад мөн өндөр зэрэглэлийн тамирчдад их ачаалалтай бэлтгэлийн үед нь хэрэглүүлж үр дүнг нь тооцсон явдал шинэлэг ажил болжээ. Уг бэлдмэл нь амны цангаа гаргаж цадалт бий болгон энергийг нөхөх үйл явцыг сайжруулдаг болохыг тогтоож энэ ажлын үр дүнгээр гарсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр манай тамирчид өөрийн орны түүхий эдийн нөөцөд тулгуурласан бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Шинэ бүтээлийн 2 патент авчээ.
Төрсөн дүү Ю.Ганхайч нь спортын мастер юм.

Бэлтгэсэн Д.ӨЛГИЙСАЙХАН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна