Т.Баттөгс ДАШТ-ий долоо дахь медалиа зүүв

2015 оны 11 сарын 16

Марокко улсын Касабланка хотноо арваннэгдүгээр сарын 13-15-нд самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэ удаагийн ДАШТ-д 82 орны тамирчид оролцсоноос манай улсаас 6 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт оролцож, нэг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 64 кг-д Т.Баттөгс ДАШТ-ий медалийн тавцанд зогсож, ДАШТ-ий долоо дахь медалиа зүүв.

Эмэгтэйчүүдийн 64 кг-д 13 орны аваргууд барилдсанаас ОУХМ Түмэн-Одын Баттөгс эхний тойргуудад Францын Сара Локо, Мексикийн Андреа Гиллен нарыг цэвэр ялж зооны аваргын төлөө тулаанд Беларусийн Т.Мацкод торгуулийн 0:1 оноогоор хожигдов. Улмаар 34 настай бөх маань хүрэл медалийн төлөө барилдаанд Молдавын бөхийг 1:0 оноогоор ялсан юм. Энэ нь түүний ДАШТ-ээс авч буй дөрөвдэх хүрэл, тэр дундаа сүүлийн гурван жил дараалан 64 кг-д хүрэл медаль зүүж байна. Мөн 2005 оны алт, 2002, 2012 оны мөнгөн медальтай. Тэрээр эдгээр медалийг 56 кг, 60 кг, 64 кг гэсэн гурван өөр жинд 14 жилийн туршид хүртсэн нь Т.Баттөгсийн хэр чансаатай тамирчин болохын нэгэн нотолгоо билээ. Тэрээр медаль хүртсэнийхээ дараагаар “Самбо бөхийн спортдоо их дуртай болохоор барилдсаар явна. Медалийн буухиаг таслахгүйг хичээлээ” хэмээн ярив.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛ СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБОО

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна