Бан Ги Мун Пхеньянд айлчилна

2015 оны 11 сарын 16

 

НҮБ-ын /Нэгдсэн үндэсний байгууллага/ ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун энэ долоо хоногт Хойд Солонгос улсад айлчлах талаар “Ёнхап” агентлаг мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлснээр Бан Ги Мун Пхеньянд айлчлах үеэрээ Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзах гэнэ. Одоогоор айлчлалын тов гараагүй бөгөөд НҮБ-аас албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.

 

Хэрэв Бан Ги Мун Пхеньянд айлчилбал 20 гаруй жилийн дараа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Хойд Солонгост хөл тавьсан хэрэг болох юм. Мөн тэрбээр Хойд Солонгост айлчилсан НҮБ-ын гурав дахь ерөнхий нарийн бичгийн дарга болох аж.

 

Өмнө нь өнгөрсөн тавдугаар сард Бан Ги Мун Пхеньянд очихын өмнөх өдөр Хойд Солонгосын талаас айлчлалыг цуцалсан юм. Бан Ги Мун өмнө нь Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайдаар ажиллаж байжээ.

 

Хойд Солонгос нь цөмийн туршилт хийснээс болж Европын холбоо, НҮБ, АНУ-ын хориг орсон юм.

 

Солонгосын хойгийг хоёр хуваасан 1950-1953 оны дайны дараа Пхеньян Сөүлтэй энхийн гэрээ байгуулаагүй тул одоо болтол дайсагнасан хэвээр үлджээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна