Сонгуулиар жиргэхийг "хориглоно"

2015 оны 11 сарын 16

Зуны сар зургаа, намрын сар найм биш юм болохоор улстөрчдийн сандал, суудлын хэрүүл өндөрлөөгүй байхад дараагийн сонгууль болоход долоохон сар үлдлээ. Сонгуулиас сонгуулийн хооронд хуулиа өөрчилж, эрх барьж буй нь өөрсдийнхөө сонгогдох боломжийг түлхүү тусгадаг Сонгуулийн хуулийн дөрвөн ч төслийг өнөөдрийн байдлаар УИХ-д өргөн бариад байна. УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Х.Тэмүүжин, Су.Батболд, “Шударга ёс” эвслийн бүлгээс тус тусдаа Сонгуулийн хуулийн төсөл, нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслүүдийг өргөн мэдүүлээд буй.

Энэ удаад УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн Сонгуулийн тухай хуулийн төслөөс анхаарал татсан асуудлыг нь онцлон хүргэе.

Энэ хуулийн төсөлд тусгаснаар бол хэвлэл, мэдээллийн болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд цензур тогтоох гэсэн айхавтар оролдлого бий.

Хэвлэлийг хаана, телевизийг унтраана

Хуулийн төслийн 5.4-т “Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний ажилтан, албан тушаалтан сонгуулийн үйл ажиллагааны талаар бодит мэдээллийг түгээх үүрэгтэй” гэж заасан нь хамгийн түрүүнд анхаарал татна. Аливаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэл мэдээллийнхээ бодит үнэнийг нягтлан магадалж, буруутай бол шүүхийн өмнө хариуцлага хүлээдэг.

Харин хууль санаачлагчид юуг бодит мэдээлэл гэх гээд байна вэ? Нам, нэр дэвшигчийн амнаас унасан “алт шиг” сурталчилгааны үгсийг үү, сонгуулийн хорооны бөөрөнхий, булзсан мэдэгдлийг үү? Хэрэв тийм бол “үүрэгтэй” гэдэг нь тухайн нэр дэвшигчийн сурталчилгааг мэдээлэх үүрэгтэй болж таарлаа.

Ингэж хардах үндэслэл нь “71.12.Нам, эвслийн дарга, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал хурааж дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг хориглох бөгөөд сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтлэхийг мөн хориглоно” гэх заалт. Телевизийн ямар нэгэн нэвтрүүлэг, мэдээллийн хөтөлбөрийн тодруулга, сонин, сэтгүүлийн нийтлэл ярилцлагад тухайн нэр дэвшигч нэг ч өгүүлбэр хэлж болохгүй гэсэн үг. Тухайн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч эх сурвалжаас мэдээ, мэдээлэл, нийтлэлдээ тайлбар авах хориотой учраас бодит мэдээлэл гэдэг нь сурталчилгаа болж, үүрэгтэй гэдэг нь тэрхүү сурталчилгааг нь дамжуулах, нийтлэх үүрэгтэй болж таарлаа. Тухайн редакцийн бодлого, уншигчдынх нь хүсэл сонирхлыг үл харгалзан хүчээр өөрсдийн сурталчилгаагаа нийтлүүлэх нь л дээ.

Олон танигдсан хүнээс өөр нэр дэвшигч өөрийгөө таниулах, тодорхой сэдвээр өөрийн байр сууриа илэрхийлэх эрхгүй гэсэн үг. Энэ нь хэнд ашигтай нь хэнд ч ойлгомжтой хойно, орхиё.

Өнөөдөр бүх зүйл хувьд шилжсэн. Хэвлэл мэдээллийн салбарт ч мөн адил. Тиймээс оршин тогтнохуйн үндэс нь тухайн үзэгч, уншигчдынхаа хүсэл, сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Гэхдээ өнөөдөр уншигчдын захиалга, үзэгчдийн хандалтаар оршин тогтнох боломжгүй болохоор гол ашгаа сурталчилгаанаас олдог. Энэ утгаараа ашгийн төлөө байгууллага. Тиймээс сурталчилгааныхаа тарифын эрэлт, хэрэгцээнд тулгуурлан тогтоох ёстой. Харин үүнийг хууль санаачлагчид өөрсдөдөө ашигтайгаар “83.7.Сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь тухайн радио, телевиз сурталчилгааны сүүлийн зургаан сарын дундаж төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино” гэж оруулжээ. Сонгууль ойртох тусам өрсөлдөгчөө намнаж, элдвийн гүжир гүтгэлэг явуулахыг хичээдэг нь улстөрчдийн араншин. Үүнийг нь өөрсдийн хэмжээнд таслан зогсоож, багасгах үүднээс жирийн бараа, бүтээгдэхүүний сурталчилгаанаас өндөр тарифаар хэвлэл, мэдээллийн байгууллага үйлчилдэг нь нууц биш. Ингэлээ гээд улстөрчдийн зүгээс гардаг ганц шүүмжлэл нь “захиалгаар бичлээ, хаалтын гэрээ байгуулдаг” гэж орилдог. Үнэндээ өрсөлдөгчөө намнах бохир, захилгат нэвтрүүлэг, нийтлэлээ тэд өөрсдөө өндөр үнэ төлөөд ч хамаагүй цацуулдаг нь бас л үнэн. Бохир улс төрийн гүжир, гүтгэлгээ хуулиар чөдөрлөх оролдлого хийхийн оронд хямд үнэ тогтоон байгаад хүссэнээ “нулимах” л бодлогоор хууль санаачлагчид хандаж л дээ.

Гэтэл хуулийн төслийн “71.7.Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн нь талх үйлдвэрлэгчийг талхаа үнэтэй зарахыг хориглосонтой нэг их ялгаагүй гэсэн үг. Хэрэвзээ өөрсдийн зай талбай, эфирээ ашиглуулахгүй бол тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хааж ч мэдэх цөвүүн цаг ирж. Энэ тухай “71.17.Энэ хуулийн 71.1.6, 71.7-д заасныг зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ” гэж “хүчирхийлжээ”. Ерөнхий сайдын амралтын газрын тухай бичсэн сайтыг ядах юмгүй хаачихдаг зөвшөөрөл олгогчидтой Монголын өнөөдрийн нөхцөлд ялих, шалихгүй шалтгаанаар ядах юмгүй хэвлэл мэдээллийн амыг нь барина.

Цааш явбал “71.10.Сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, зурагт хуудас болон бусад сурталчилгааны материалыг санаатайгаар устгах, бохирдуулахыг хориглоно” гэх заалт бий. Бодит гэхээсээ илүү хоосон магтаал, зусар, зулгуй үгсээр дүүрэн сурталчилгааны материалыг нь та бурхны авдар дээрээ залахаас өөр арга үлдэхгүй нь. Гал асааж, цай, кофе асгаж, гээж үрэгдүүлбэл нэр дэвшигчийг дорд үзсэн хэрэгт унаж мэдэх нь ээ.

Энэ хуулийн төсөлд ер нь иргэдэд сонголтоо хийхэд туслах мэдээ, мэдээлэл бэлтгэх нь байтугай хэлэх үгийнх нь хэмжээг заачихсан. Хэлэх үгний тоог “83.14.Тухайн радио, телевиз мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан мэдээ нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй боловч нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан мэдээ нь хоногт 5 минутаас хэтрэхийг хориглоно” гээд заачихсан.

Тухайн нэр дэвшигч ямар нэгэн хэрэг тарьж, нийгэмд болоод хувь хүнд аюултай зүйл хийсэн байлаа гэхэд таван минутаас илүүгээр нэвтрүүлэхгүй нь л дээ.

Сэтгэгдэл бичихийг хориглоно

Монголчуудын тал хувь байнгын давтамжтайгаар ямар нэгэн байдлаар фэйсбүүк, твиттер, мессэнжер хэрэглэдэг болсон. Энэ ертөнцөөс гарах “хаалгаа” олохгүй унтахаас бусад үедээ уяатай байдаг хүмүүс ч олширсон. Тэгвэл та бүхэнд хэлэхэд хамаагүй үзэл бодлоо илэрхийлж, улстөржвөл өөрсдөө хохирч, хаягаа хаалгах нь байна.

Хэрэвзээ та хэн нэгнийг дэмжиж саналаа илэрхийлэх хэрэг гарвал “84.4.Сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулахад захиалагчийн нэр эсхүл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг заавал дурдана” гэж. Өөрөөр хэлбэл, хэн нэгний тухай өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийн тулд заавал захиалга авахын дээр сурталчилгааг нь заавал ашиглах нь. Үүнийг 84.2-т тодорхой заасан бөгөөд “Сонгуулийн сурталчилгааны цахим хуудсаас өөр бусад цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд тухайн цахим хуудсаар зөвхөн сонгуулийн сурталчилгааны цахим хуудсын хаяг, нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр, сонгуулийн уриаг сурталчилна” гэжээ.

Энэ бүхнийг биелүүлэхгүй бол 84.7-д зааснаар “Энэ хуулийн 84.4-т заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, аливаа этгээдийг олж тогтоох боломжгүй бол Харилцаа холбооны зохицуулах хороо тухайн цахим хуудасны Монгол улсаас хандах хандалтыг сонгуулийн санал хураалтын хугацаа дуустал хязгаарлана” гэх лут заалтын дагуу блоклуулах нь дээ.

Ам барих ачтан гэдэг шиг үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж, хэвлэн нийтлэх эрхийг энэхүү Энэхүү Сонгуулийн хуулийн төслөөр сонгогчид сонгох л эрхтэй /Үүрэгтэй гэчхээгүй нь яамай даа. Яралзтал сонгоод байж дээ/.

Л.НАРАНТӨГС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна