С.Зориг агсны хэргийн талаар бидэнд мэдээлэл ирээгүй байна

2015 оны 11 сарын 16

АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд нэгдмэл байр, суурьт хүрээгүй байна. Уг асуудалд тус бүлгийн гишүүд өөр, өөрсдийн байр суурийг илэрхийлэхээр шийджээ.

 

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Зөвхөн АН бүлгээрээ саналаа хайрцаглаад хүч түрээд асуудлыг шийдэхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бүх намууд зөвшилцөнө. Парламентад суудалгүй намууд уг асуудлаар оролцох ёстой. Мөн нийт ард түмнээр хэлэлцүүлж санал авах зорилготой байгаа. Түүнээс биш ганцхан АН хүч түрээд уг асуудлыг хэлэлцэхгүй.

 

Сумын Засаг даргыг тухайн сумын иргэд нь сонгох уу эсвэл намаас томилох уу гэдэг асуудлаар гишүүдийн дунд нилээн маргаан өрнөсөн. Зарим гишүүд суманд улс төржилтийг зогсооё. Илүү аж, ахуйн ажил руу нь чиглүүлье  гэж байгаа. Харин зарим нь гишүүд улс төрийн нам  сумын засаг даргаа томилдог байх хэрэгтэй гэх саналыг хэлсэн” гэлээ.

 

Мөн учир битүүлгээр амиа алдсан Хөвсгөлийн ирвэс хамгаалагчийн хэргийн талаар АН-ын бүлгээр хэлэлцсэн байна. Талийгаач Лхагвасүмбэрэлийн асуудалд анхаарал хандуулж, хэргийн цаад учрыг олох ёстой гэж тус бүлгийн гишүүд үзжээ. Учир нь талийгаачийн эцэг хүүг нь барьцаанд байлгаж, сүрдүүлж байсан талаар  ярьжээ.

 

С.Зориг агсны гэргий Д.Булганы талаар өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн эсэхийг С.Одонтуяа гишүүнээс асуухад "Энэ талаар гишүүд асуулт асуусан. Гэхдээ бидэнд мэдээлэл ирээгүй байна" гэлээ.

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.24TSAG.MN