Парисын халдлагын сэжигтнүүдийг нэрлэлээ

2015 оны 11 сарын 16

Парис хотноо өнгөрсөн баасан гаригт /XI.13/ хөлбөмбөгийн цэнгэлдэх, клуб, ресторан, баар зэрэг олон хүн цугласан газар нэгэн зэрэг халдлага гарсан юм. Халдлага үйлдэгчид гурван багт хуваагдан нарийн төлөвлөгөөтэй ажилласнаар 129 хүний амийг хөнөөж, 350 гаруй хүнийг гэмтээж шархтуулжээ. Тэгвэл Францын албаныхан Парисын халдлагын сэжигтнүүдийн жагсаалтыг гаргасан байна. Халдлагын үеэр амиа золиосолж, цагдаа нарын устгасан долоон сэжигтнээс гадна зугтсан хамсаатнуудыг хайж байгаа аж.

 

 

  1. Бельгид оршин суух хаягтай Билал Хафди халдлагын үеэр амь үрэгдсэн. Түүнийг Сирид тулалдаж явсан гэж үзэж байна. Билал Хафди 20 настай байжээ.

  2. Ахмад аль-Мухаммед /хуурамч нэр/ Сири улсаас дүрвэж ирсэн оршин суух хаяг тодорхойгүй. “Stade de France” цэнгэлдэхэд амиа золиосолсон. Цэнгэлдэхэд гурван хүн амиа золиосолж бөмбөг дэлбэлсний нэг нь Ахмад аль-Мухаммед байжээ. Ахмад аль-Мухаммед нэртэй хүн өнгөрсөн аравдугаар сарын 3-нд Грек ирж, Македон, Серб, Хорватад цагаачаар бүртгэгдсэн байна.

  3. “Stade de France” цэнгэлдэхэд амиа золиосолсон нэр нь тодорхойгүй эрэгтэй Туркийн хуурамч паспорттай байсан.

  4. Францын Шартр хотод оршин суух хаягтай Исмайл Омар Мостефай рок хамтлагийн тоглолтын дундуур амиа золиосолсон. Исмайл бол Батаклан клубт АК-47 буугаар гал нээж, амиа золиосолсон гурван хүний нэг аж. Энэ халдлагын улмаас 89 хүн амь үрэгдсэн юм. Түүнийг хурууны хээгээр таньсан бөгөөд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байжээ.

  5. Салах Абдесламыг Парисын халдлагын гол сэжигтнээр нэрлэн олон улсад эрэн сурвалжилж байна. Бельгид төрсөн Францын иргэн Салах Абдесламын ах нар нь Парисын халдлагад холбогджээ. 31 настай Брахим Абдеслам бааранд амиа золиосолсон бол Мухаммед нь Бельгийн нийслэл Брюссельд баривчлагджээ.

 

Халдлагыг “Исламын улс” бүлэглэл зохион байгуулж, Францаас өшөө авсан” хэмээн мэдэгдсэн юм. Үүний хариуд Францын арми өчигдөр /XI.15/ Сирийн Ракка хот дахь Исламын улс бүлэглэлийн гол байршлуудад агаараас цохилт хийсэн аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна