Цалин нэмэхгүй, хасахгүй

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

Цалин нэмэхгүй, хасахгүй

Хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, иргэдийн ажилгүйдлээс үүдэлтэй орлогын хомсдолыг хэрхэн яаж бууруулах вэ гэдэгт хариулт олохоор өнөөдөр Хөдөлмөрийн яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Монголын ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтарсан чуулганыг зохион байгуулж байна.

Үндэсний статистик хорооноос гаргасан судалгаанд улсын хэмжээнд өнгөрсөн аравдугаар сард ажилгүй 98.6 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 20.9 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ. Харин  бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо аравдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 7.2 хувиар буурч, 31 мянга 526 болжээ. Харин бүртгэлтэй ажил хайгч нийт 44.7 мянган иргэний 24.8 мянга нь эмэгтэйчүүд байжээ. Насны бүлгээр нь үзвэл улсын хэмжээнд нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 64 хувийг 15-34 насны иргэд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 30 орчим хувь нь дээд боловсрол эзэмшсэн залуучууд. Энэ нь  зах зээл дахь ажлын байрны эрэлттэй уялдаагүйтэй холбоотой гэж Хөдөлмөрийн сайд тайлбарлав. Одоогийн хөдөлмөрийн зах зээлд бүтээн байгуулалт, инженерийн чиглэлийн мэргэжлийн боловсон хүчин эрэлттэй байх юм. Иймээс одоогийн дээд боловсролын системээ эргэн харж, амьдралд ойрхон эрэлттэй мэргэжлээр боловсон хүчнээ бэлтгэх шаардлага тулгарчээ.

Улс орны эдийн засгийн хямралыг дагаад аж ахуйн нэгж, компаниуд ажлын байраа цомхотгож, компанийн санхүүгээ агшаах болсон. Энэ нь нийгэм дэх ажилгүй иргэдийн тоог автоматаар нэмж буй үйлдэл. Иймээс салбар яамнаас нь санхүү нь хүндэрсэн, цомхотгол хийх яаралтай шаардлагатай болсон аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл өгч, асуудлыг иргэнд халгүйгээр шийдэх бодлого баримталж эхэлсэн аж. Хөдөлмөрийн яамны зээлийн санд жилд 80 тэрбум төгрөг хуваарилагддаг юм байна. Нийслэлийн тухайд  ч төсвөө тэлэх улмаар ажлын байрыг танахгүй байх бодлого баримталж буй юм.

Хямралтай холбоотой цомхотгол хийхгүй байхыг хувийн компаниудад төрөөс зөвлөж буй ч, бодит байдал дээр ажилтнаа халсан, ажиллах хүчнийхээ тоог бууруулсан олон аж ахуйн нэгж байна. Тухайлбал нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ажлаас халсан ч, удирдлага тушаалаа гаргаж өгөхгүй байна гэсэн иргэдийн гомдол ихээр ирэх болжээ. Тухайн иргэнд ажлаас халагдсан албан тушаал байхгүй бол шинээр өөр ажилд орох, ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдөхөд хүндрэлтэй болох юм. 

Хөдөлмөрийн яам, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогчдын эздийн холбоодын гурван талт хэлэлцээрээр энэ жил цалин нэмэхгүй. Мөн төрийн 180 албан хаагчийн цалинг хасахгүй гэсэн шийдвэрт хүрчээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж