Уйгуруудын тэмцлийг Парисын халдлагатай зүйрлэв

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

Уйгуруудын тэмцлийг Парисын халдлагатай зүйрлэв

 

Туркт эхэлсэн “Их 20” дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Хятадын гадаад хэргийн сайд Ван И олон улсын анхаарлыг Шинжаан-Уйгурын зөрчилд хандуулахыг хичээлээ. Ван И Парисын халдлагатай холбогдуулан хэлсэн үгэндээ “Терроризмын эсрэг дэлхийн дайны “чухал хэсэг” нь Хятадын алс баруун хязгаарын Шинжаан болох ёстой” гэсэн байна. Исламын шашинт уйгур үндэстний өлгий Шинжаанд өнгөрсөн гурван жилийн хугацаанд бослого, үймээний улмаас олон зуун хүн амь үрэгдсэнийг тэрбээр дурджээ.

 

Түүнчлэн Хятадын гадаад хэргийн сайд Ван И олон улсын төлөөлөгчдөд хандан “терроризмын эсрэг нэгдсэн фронт” байгуулах санаачилга гаргасан байна. Тэрбээр “терроризмын эсрэг тэмцэлд НҮБ тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, нэгдсэн фронтыг байгуулах шаардлагатай. Хятад улс бас терроризмын хохирогч болсон. Зүүн Туркестаны Исламын хөдөлгөөн”-ийг терроризмын эсрэг олон улсын тэмцлийн чухал хэсэгт тооцох хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.

 

Бээжингийн зүгээс Шинжааны бослого үймээнд “Зүүн Туркестаны Исламын хөдөлгөөн” (ETIM) гэх байгууллагыг буруутгадаг бөгөөд аль-Каида бүлэглэлтэй холбоотой хэмээн харддаг. Түүнчлэн сүүлийн үед Хятадын уйгур үндэстнүүд Сири, Иракт очин “Исламын улс” болон бусад хэт даврагчдын бүлэглэлд элсэн тулалдах болсон гэжээ.

 

НҮБ болон АНУ нь 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа “Зүүн Туркестаны Исламын хөдөлгөөн”-ийг террорист байгууллагын жагсаалтад оруулсан аж.  Гэвч олон орны шинжээчид Хятадын яриад байгаа “Зүүн Туркестаны исламын хөдөлгөөн” байдаг эсэхэд эргэлздэг байна. Хятадын эрх баригчид Бээжин хотын төв талбай Тян Ань Минд 2013 онд автомашинтай этгээдүүд хүмүүсийг дайрч осолдсон хэрэгт “Зүүн Туркестаны Исламын хөдөлгөөн”-ий дайчдыг буруутгасан юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж