С.Дэмчиг Өвөрхангайн ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүллээ

2015 оны 11 сарын 16

Өвөрхангайчууд өнгөрөгч бямба гарагт /2015.11.14/ аймаг, цэргийн арслан цолтнууддаа хүндэтгэл үзүүлэх дөрөвдүгээр чуулга уулзалт, наадмыг зохион байгууллаа. Тус аймгийн Үндэсний бөхийн холбоо дөрөв дэх жилдээ энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Холбооны тэргүүн н.Хүрэлбаатар наадмыг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү чуулга уулзалтаараа бид аймгаас төрөн гарсан арслангууддаа хүндэтгэл үзүүлэх, тэднийг алдаршуулах, мөн энэ спортоор хичээллэж байгаа залуу үедээ сургамж, үлгэр дуурайлал, урам зориг өгөхийг зорьдог. Түүнчлэн  Өвөрхангай нутгаас улсын цолтой олон бөх төрүүлэх нь бидний зорилго” гэдгийг онцолсон юм.

Чуулга уулзалтад аймгийн арслан, ахмад бөх Д.Аюушжав, Ц.Донтор Ц.Цэдэндамбаа, Н.Баатар, С.Доржваанчиг, Г.Дашцэрэн, Н.Пүрэвдорж, цэргийн арслан Д.Цэрэндорж тэргүүтэй ахмад бөхчүүд болон залуу арслангууд хүрэлцэн ирсэн байлаа. Одоогоор аймгийн хурц арслан Д.Цэрэнсодном, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, цэргийн арслан Л.Батзориг тэргүүтэй 10 гаруй залуу хүчтэн ид барилдаж байгаа аж.

Өвөрхангай аймгийн Бөхийн холбооны дэд дарга, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албан дарга С.Дэмчиг 40-өөс дээш настай ахмад бөхчүүдэд гарын бэлэг гардуулж, хүндэтгэл  илэрхийлэв.  Тэрбээр энэ сарын 7-23-ны өдрүүдэд Өвархангай аймгийн сумдад ажиллаж, “Цаг үе” сэдэвт илтгэл тавин, ард иргэдтэй уулзаж байгаа юм.

С.Дэмчиг хэлэхдээ: "Өвлийн тэргүүн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр өвөрхангайчууд маань нутгаасаа төрөн гарсан аймаг, цэргийн арслан цолтнууддаа хүндэтгэл үзүүллээ. Манай нутгаас маш олон аварга, арслан, заан, начингууд төрөн гарсан. Иймд бөхийн өлгий нутаг гэж хэлж болох юм. Цаашид ч олон улсын цолтой бөхчүүд төрөн гарах боломжтой гэдэг нь харагдаж байна. Манай залуу бөхчүүд амжилттай барилдахад ахмад үеийнхний оролцоо маш чухал гэлээ.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна