С.Дэмчиг Өвөрхангайнханд "Цаг үе"-ийг хүргэж явна

2015 оны 11 сарын 16

Сэтгүүлч:
Өвөрхангай

Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга С.Дэмчиг Монгол Улсын хүйст байрлах Өвөрхангай аймагт ажиллаж байна. Тэрбээр “Цаг үе” гэсэн сэдвээр илтгэл тавьж, ард түмэнтэй ярилцаж, санаа бодлыг нь сонсохын зэрэгцээ бодит байдал дээр ард түмний амьдрал ямар байгааг нүдээр үзэж, чихээр сонсч яваа юм. Өнөөдөр улс оронд эдийн засагтай холбоотой шийдвэрлэх асуудал олон байгаа. Мөн улс төрийн тогтолцоо, хуулийн засаглалд ч өөрчилж, шинэчлэх зүйл их бий. Дээрээс нь монгол хүн бүрийн сэтгэхүй, сэтгэлгээнд өөрчлөлт хийх цаг ч болсон. Энэ мэтчилэн өргөн цар хүрээтэй асуудлын талаар илтгэгч С.Дэмчиг үзэл бодлоо хуваалцаж, энэ бүхнийг хэрхэн засах боломжтойг ч дүгнэж  ярьж байна. Түүний аялал энэ сарын 7-ны өдөр Баянгол сумаас эхэлсэн. Дараа нь Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл /баг/, Тарагт, Хайрхандулаан Уянга, Жаргалант /баг/ сумдад ажиллалаа.

Малчид махаа л үнэтэй зарахыг хүсч байна

С.Дэмчиг иргэдтэй уулзаж, илтгэл тавихаасаа өмнө очсон сум бүртээ айлуудаар орж, тэдний санаа бодлыг сонсч байгаа. Аймгийн Засаг  даргын орлогч н.Мөнхбаяр болон сум орон нутгийн удирдлагууд хамт явсан болохоор асуудлыг газар дээр нь ярилцаж, ямар гарц байгаа, шийдэж болох эсэхийг хэлэлцэж явсан юм.  

Малчдын хувьд нэн тулгамдаж буй нийтлэг асуудал нь мах болон малын гаралтай түүхий эдийн үнийн уналт юм. Уг нь энэ жил Өвөрхангай аймагт зуншлага сайхан болсон. Ирэх өвөл ч өнтэй байна гэж нутгийн иргэд, малчид ярьж байлаа. Тиймдээ ч малаа хамаагүй нядалж, зарахыг урьтал болгохгүй байгаа юм билээ. Гэвч орон даяар махны үнэ хямдарч байгаа нь  энд хүртэл нөлөөлж, сайн эр ямаа 60 мянган төгрөг л хүрч байгаа аж. Хэрвээ гулууз болгоод бөөний үнэээр зарвал кг нь 1700 төгрөг. Махны үнэ ингэтлээ буурчээ, хөдөө орон нутагт. Тиймээс малчид “Махаа л үнэтэй зардаг баймаар байна. Арьс шир, түүхий эдийг  хэтэрхий хямдхан авч байна. Малчид бид чинь бэлэн мөнгөөр  маруухан л болж байна шүү” хэмээн ярьж байлаа.  Мөн гадагшаа мах экспортлох ажил ямар шатандаа явааг ихэд сонирхож байв.

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга С.Дэмчиг “Мах, арьс шир, түүхий эдийн үнэ хямдарч байгааг төрөөс зохицуулах боломж хомс. Монгол Улс түүхэндээ анх удаа 50 сая мал тоолуулсан. Энэ нь ч бас махны үнэ буурахад нөлөөлсөн. Дээрээс нь бичин жилийн зуд болж, хамаг малаа алдаж магадгүй гээд малчид малаа ихээр нядалж, зарж байна. Энэ мэт олон шалтгааны улмаас махны үнэ буурч байгаа, төрөөс зохицуулах амаргүй. Мах экспортлох тухайд, Дэлхийн малын эрүүл мэндийн байгууллагаас манай улсыг “өвчлөлтэй бүс” гээд олон улсад зарлачихсан. Гэхдээ Монгол Улс өвчлөлтэй бүсийг нь хэсэгчилж тогтоож өгөөч гэж хүсэлт тавиад байгаа. Зүүн бүсийг нь өвчлөлтэй, төвийн хэсгийг гайгүй, баруун бүсийг нь өвчлөлгүй гэж. Гэтэл саяхан өмнөд хөршөөс хүмүүс ирээд баруун бүст шалгалт хийгээд явсны дараа л шүлхий гарсан. Гэхдээ Монгол Улс ойрын 10 жилдээ томоохон мах экспортлогч болно гэж би харж байгаа. Тийм болохоор мал дагаж байгаа хүмүүсийн амьжиргаа дээшилнэ” хэмээн хэлж байсан юм.

Сургуулийн өмнөх насны 600 хүүхэдтэй  Богд сумынхан

90 ортой ганц цэцэрлэгтээ өргөтгөл хийх шаардлагатай байгааг дуулгалаа

С.Дэмчиг Богд сумын жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэдтэй уулзсан. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг н.Цогтбаатарын  эхнэр нь дэлгүүр ажиллуулж, өөрөө түлээ, нүүрсний зах ажиллуулдаг юм билээ. Баянтээгийн уурхайгаас нүүрсээ татдаг бөгөөд тонныг нь 20 мянган төгрөгөөр авдаг аж. Тэд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн орлого малчдаас хамаардаг, малчид л мөнгөгүй болчихвол борлуулалт мууддаг талаар ярьж байсан юм. Мөн “Ний нуугүй хэлэхэд хөдөөгийн иргэд болон малчдын байдал хүнд л байгаа. Оюутныхаа төлбөрийг төлж чадахгүй жилийн чөлөө авч байгаа” хэмээн ярьж байлаа. Тэгвэл хувиараа хөдөлмөр эрхэлдэг н.Адъяасүрэн Сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээл авчихвал эрхэлж байгаа бизнес нь дээшилж, дугуй засвартай, ажлын байртай болох боломжтой байна. Сум хөгжүүлэх сангаас хоёр саяас дээш төгрөгийн зээл олдохгүй байна гэдгийг онцолж байв. Харин гутал үйлдвэрлэдэг н.Түмэннастынх борлуулалт сайн байгаа болохоор тоног төхөөрөмжөө нэмж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хэлж байсан юм.  Тэгвэл төрийн албан хаагчдын төлөөлөл болсон н.Эрдэнэцогтын гэр бүлийнхэн арай өөр зүйлийг хөндөж тавьж байсан. Түүний гэргий цэцэрлэгийн багш. Тиймдээ ч цэцэрлэгийн хүрэлцээ муу байгааг дуулгасан. Богд сум 5000 гаруй хүн амтай бөгөөд цэцэрлэгийн насны 600 хүүхэд байдаг аж. Гэтэл суманд 90 хүүхэд хүлээж авах чадалтай ганц цэцэрлэг байдаг бөгөөд 165 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа юм байна. Улаанбаатарт намартаа хүмүүс хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж дугаарладаг шиг л юм болдог аж. Тиймээс цэцэрлэгийн өргөтгөлийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байгааг дуулгав. Энэ асуудлыг шийдэх боломж байгаа эсэхийг судалж, боломжтой талаас нь хөөцөлдөхөө парламент дахь олонхийн бүлгийн Ажлын албаны дарга С.Дэмчиг хэлж байсан юм. Энэ мэтчилэн ард иргэд янз бүрийн л сэдвээр  ярьж байсан. Төрийн албан хаагчдын чадвар, мэдлэг, чадавхийг дээшлүүлэх хэрэгтэй байгааг ч хэлэх нэгэн байсан юм.

Баруунбаян-Улааны газар нутгийг “нинжа” нар сүйтгэж байна

Баруунбаян-Улаан сумын иргэдийн хувьд  сумынх нь нутаг дэвсгэр дээр 7-8 алтны уурхай ажиллаж, газар нутгийг нь сүйтгэж байгаа талаар хөндөж байсан.  Баянтээг багийн иргэдтэй уулзах үеэр энэ асуудал мөн хөндөгдөж байв. Тус багийн иргэдийн дийлэнх нь Баянтээгийн нүүрсний уурхайд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа иргэд юм байна. Багийн нутагт хэд хэдэн газар алт гарч, “нинжа” нар сүйдэлж байгаа аж. Энэ асуудлыг шийдэхээр сум орон нутаг болоод аймгийн удирдлагууд чармайн ажиллаж, нөхөн сэргээлт хийж байгаа юм байна.

Баянтээг багийн иргэн С.Жаргалын гэр бүл багийн төв дээр хувиараа эмийн сан барьж, хөдөөгийн иргэдээ эмээр хангадаг юм байна. Эмийн сангийн барилга нь муудаж, таазыг нь засч, шинэ лангуу тавих шаардлагатай болсон тул Сум хөгжүүлэх сангаас таван сая төгрөгийн зээл авах гэж хүссэн ч гурван жил болоход шийдэж өгөөгүй байгаа аж. Энэ асуудлыг сумын удирдлагуудад уламжилж, шийдэх боломжтой талаас нь ажиллахыг С.Дэмчиг дарга хэлж байлаа.  Баянтээгийнхэн түүнийг гэрээр нь зочилж, ард түмний амьдралтай танилцан, санаа бодлыг нь сонсч байгаад баярлаж буйгаа илэрхийлж байлаа. Өмнө нь гишүүд, дарга нар ирж байсан ч зааланд хурал хийсэн болоод л яваад өгдөг. Тэр ч бүү хэл, Баянтээгийг багийн төв гээд тоодоггүй, иргэдтэй нь уулздаггүй гэдгийг хэлж байлаа.

С.Дэмчиг болон түүний багийнхан Баянтээг багаас гараад Нарийнтээл сумыг зорьсон. “Цаг үе” илтгэл энэ сарын 23-ны өдрийг дуустал Өвөрхангайн нийт иргэдийн сонорт хүрнэ.  

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна