С.Бямбацогт: 850 сая ам.доллар өрөнд өгнө

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: 850 сая ам.доллар өрөнд өгнө

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа өнгөрсөн долоо хоногт УИХ-аас баталсан Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийг хэлэлцээд эдийн засгийн хямралыг сөрсөн төсөв болж чадаагүй хэмээн дүгнэжээ.

Энэ тухай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Хэт хөөсөрсөн, өрийн ачааллыг нэмэгдүүлсэн туйлын хариуцлагагүй төсөв баталсан. Ирэх оны төсвийн хуультай холбоотойгоор МАН-аас зардал бууруулахтай холбоотой тодорхой санал хүргүүлсэн байсан. Харамсалтай нь, дийлэнх нь тусаагүй. Ганц нэг санал орсон. Тэр нь Нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын нөхөн олговрыг нэмэгдүүлэх, Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэхтэй холбоотой санал байсан. Цалин, тэтгэврийг хасахгүй байх ёстой гэсэн санал оруулсан. Ажлын хэсгийг ахалж байсан Д.Ганхуяг гишүүн “135 тэрбум төгрөгөөр зардал өсч байгаа, энэ нь цалинтай холбоотой МАН-ынхны санал” гэж байсан. Гэвч Онцгой, цагдаа, эрүүл мэнд, боловсролын салбараас бусдынх нь цалин ирэх онд 10 хувиар буурах, эс бол цомхотгол хийх нөхцөл байдал үүссэн. Ардын нам үүний эсрэг байсан гэдгийг хэлье.

Өрийн хэмжээ ирэх онд 1.7 их наяд төгрөг буюу 850 сая ам.доллараар батлагдлаа. Өрийнхөө үйлчилгээний төлбөр буюу зээлийн хүүнд 950 тэрбум төгрөг төлнө. Улсын төсөвт маш том дарамт ирнэ. Түүхэндээ бид ийм том өр зээлийг хүүтэй нь төлж байсан тохиолдол байхгүй.

Төсвийн хуультай холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүний үнийг буулга гэдэг шаардлагыг тавьж байсан. ОХУ-д 1 литр шатахуун 1000, АНУ-д 1200 төгрөгийн үнэтэй бол Улаанбаатар хотод 1600, орон нутагт 1800-2100 төгрөгийн үнэтэй байгаа. Энэ саналыг УИХ олонхиороо хүлээж аваагүй. Харин алслагдсан бүс нутгийн шатахууны үнийг Улаанбаатар хотынхтой ойролцоо болгохоор боллоо. Нефтийн үнийг буулгасан бол иддэг талх, өмсдөг гутал, экспортод гаргадаг нүүрсний өртөг зардал буурч, аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэх энэ хэмжээгээр дампуурахгүй байх суурь үнэ нь болох байсан ч харамсалтай нь хүлээж аваагүй” гэлээ.

Мөн бүлгээр Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Тус бүлэг өнгөрсөн долоо хоногт дээрх асуудлыг хэлэлцэж байр сууриа тодорхой болгосон. Гэтэл УИХ, байнгын хороодын энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд багтаж орж ирсэн тул дахин ярьжээ. Энэ тухай С.Бямбацогт дарга “Ард нийтийн санал асуулга нэрийн дор Үндсэн хуулийг өөрчлөх бодолтой гишүүн олон биш. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад нэлээн олон процедур бий. Хоёрдугаарт,  УИХ-д өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд 50 орчим заалт хөндөгдсөн. Энэ бол Үндсэн хуулийг шинэчлэн найруулсны чинээ том өөрчлөлт. Үндсэн хуулийг өөрчлөхөд бүх хууль тогтоомжийг нийцүүлэх шаардлага үүснэ. Энэ мэт нарийн асуудал байгаа учраас энэ УИХ Үндсэн хуулийг яаран өөрчлөх чадваргүй гэж үзэж байгаа. МАН-ын бүлгийн саналтай бие даагч гишүүд, Ардчилсан намын бүлгийн олон гишүүн санал нэгдэнэ. Боломжгүй зүйлийг хүч түрж явах гээд байна. Гуравны хоёрын босго давах ёстой. Үүний оронд Сонгуулийн хуулиа баталъя. Сонгуулийг шударга, булхай луйваргүй явуулах нь чухал. УИХ-д нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Сонгуулийн дөрвөн төсөл байгаа. Гэхдээ  Р.Бурмаа нарын 15 гишүүний санаачлан боловсруулсан хуулийн төсөлд долоон гишүүн нь дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Гэтэл УИХ-д өргөн мэдүүлэгдсэн. Мөн Сонгуулийн ерөнхий хороо уг хуулийг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн байгаа.

О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн төсөл Р.Бурмаа нарын өргөн мэдүүлсэн төслөөс тэс өөр. Эрх барьж байгаа намууд нь Сонгуулийн хууль дээр саналаа нэгтгэж чадахгүй байна. Энэ бол зөвшилцлөөр гарах ёстой хууль” гэсэн юм.


Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр нар дараах хариултыг өглөө.

-Нефтийн бүтээгдэхүүний Онцгой албан татварыг чөлөөлснөөр үнэ буух боломжтой гэж байсан. Гэвч УИХ татварыг нэмэх шийдвэр гаргасан. Энэ тохиолдолд ямар сөрөг үр дагавар гарна гэж үзэж байна?

Н.Номтойбаяр: Дэлхийн зах зээлд шатахууны үнэ 60 хувиар буурчихаад байхад манайх татвараа нэмэх нь зүй зохисгүй. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхгүй байж өргөн хэрэглээний барааны суурь үнэ болсон нефтийн татварыг нэмэх нь буруу. Төсвийн орлогыг өөр эх үүсвэрээр нэмэх боломж байсан. Татвар төлөлтийнхөө цар хүрээг нэмэх замаар хямралыг давах боломжтой гэж бүлэг дүгнэсэн байсан. Харамсалтай нь, эрх баригч хүчин хүч түрэн төсвийг баталсан.

С.Бямбацогт: Татварыг нэмэхгүйгээр ОХУ, АНУ шиг нефтийн бүтээгдэхүүний үнийг 1000-1200 төгрөг болгох боломжтой гэдгийг бид сануулж байсан.

-Хүүхдийн мөнгийг ялгавартай өгөхөөр болсон гэдэг үнэн үү. Ямар тооцоо судалгаагаар 40 хувийг танах боломжтой гэж үзсэн юм бол?

-Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгийг 18 хүртэлх насныханд олгохдоо 60 хувьд л өгнө. МАН Засгийн эрх барьж байхдаа бүх хүүхдэд тэгш олгодог байсан. Эдийн засаг туйлдсан учраас нийт хүүхдийнхээ 40 хувийг нь хаслаа. Үүнийг эрх баригчид ямар тооцоо судалгаагаар оруулж ирснийг мэдэхгүй байна. Хүүхдийн мөнгөө авдаггүй өрхүүд бий, тэндээс хасна.

Та бүхэн мэдэж байгаа, 2016 оны төсвийн хуультай холбоотойгоор МАН-ын бүлэг санал дүгнэлтээ гаргаж, танилцуулж байсан. Цалинг хасахгүй шүү гэхэд л 10 хувиар хассан. Тэр байтугай УИХ-ын гишүүдийн үг хэлэх, саналаа тайлбарлах эрх олгохгүйгээс завсарлага хүртэл авч байсан.

-Сонгуулийн хуулиудаас бүлэг аль хувилбарыг дэмжиж байна вэ. Ямар саналыг огт дэмжих боломжгүй гэж үзсэн бэ?

-Дөрвөн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг ерөнхийд нь дэмжье. Нэгдсэн ажлын хэсэг байгуулагдах байх. Эсрэг тэсрэг олон заалт ч байгаа, төстэй заалтууд ч бий. Бүлгийн барьж байгаа зарчмын байр суурьтай ижил саналыг гишүүд дэмжээд явна. Жишээ нь, хүн дагуулж дугуйлдаг тогтолцоог дэмжье гэдэг дээр олонхийн санал байгаа.

-Өөрөөр хэлбэл, намын жагсаалтаар УИХ-д нэр дэвшихийг дэмжихгүй нь гэж ойлгож болох уу?

-Намын жагсаалтаар сонгогдохыг дэмжихгүй гэдэг байр суурь барьж байгаа. Сонгогч иргэн өөрийгөө төлөөлөх бүрэн эрхээ эдлэхдээ Үндсэн хуульд заасны дагуу нэрээр нь сонгох ёстой гэсэн байр суурь барьж байгаа.

-2016 оны төсвийн зардлыг өсгөсөн гол зүйлүүд юу вэ?

Н.Номтойбаяр: Ганц жишээ хэлье, 2012 онд Монгол Улсын хүн ам 2.9 сая байсан, тэр үед төрийн албан хаагчдын тоо 150 мянга байсан. Гурван жилийн дотор хүн ам 3 сая болсон, төрийн албан хаагчдын тоо 180 мянга болсон. Зөвхөн 30 мянгаар нэмэгдсэн төрийн албан хаагчдын цалингийн фонд жилийнх нь 200 тэрбум болж байгаа. Улстөрийн зорилгоор хиймэл албан тушаалуудыг бий болгосон. Эдийн засаг, шинжлэх ухааны тооцоо байхгүйгээр нэмсэн. Хүн амын өсөлт, газар нутгийн байршилтай уялдуулж төрийн албан хаагчдын тоог зүй зохистой хэмжээнд нь аваачих ёстой гэсэн байр суурь л барьж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж