ХҮН-аас “Ард нийтийн хурал”-ыг зохион байгууллаа

2015 оны 11 сарын 16

Хөдөлмөрийн үндэсний намаас(ХҮН) өнөөдөр МҮЭСТО-д “Ард нийтийн хурал”-ыг зохион байгууллаа. Хуралд тус намын гишүүд дэмжигчид төдийгүй Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн хүмүүсийн төлөөлөл оролцов.  Тэдний үзэж байгаар 2010 оны 12 сарын 23-нд УИХ-аар баталсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчсөн  байна. Тус хуулийн наймдугаар зүйлд УИХ нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа УИХ-ын бүрэн эрхийг өргөтгөх,  сунгах, өөртөө эрх мэдэл олж авахыг санаачлахгүй хэмээн заасан байдаг гэв. Мөн хуулийн төсөл санаачилсан болон оруулж ирсэн гишүүдийг буцаан татан авч эргэн харахыг сануулж, хууль, дүрэм журмынхаа дагуу иж бүрнээр оруулж ирэхийг тус намын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, хуульч Д.Үүрцайх мэдэгдсэн юм.

Ард нийтийн зөвшилцлийн бэлэг тэмдэг болсон Үндсэн хуулийг бид 1992 онд гаргахад манай улсын төрийн орчин арай цэвэрхэн, илүү гэгээлэг, хүнлэг бас мөнгөгүй байсан. Гэтэл өнөөдөр энэ байдалд бүхэлдээ эсрэгээрээ өөрчлөгдсөн. Яг ийм орчин нөхцөлд Үндсэн хуулийг өөрчлөх нь Монгол орны хувьд нөхөж болзошгүй том гарз, эрсдэлийг авчирна. Ард нийтийн зөвшилцлийн дуу хоолойг дахин авчираач хэмээн ХҮН-ын дарга С.Боргил хэллээ.

Ардчилалын тулгуур зарчим болсон Үндсэн хуулиа өөрчлөхдөө олон нийтийн санаа бодол хийгээд улс төрийн нам бүлэглэлүүдийнхээ дуу хоолойг сонсож өөрчлөлт хийхийг уриалж байна хэмээн хуралд оролцсон иргэдийн төлөөлөл хэлсэн юм.

Ж.ХАТАНБААТАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна