Тосонбумбын нурууг хамгаалалтад авахыг хүсчээ

2015 оны 11 сарын 16

Сэтгүүлч:
Өмнөговь

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Өргөдлийн байнгын хороонд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тосонбумбын нурууг хамгаалалтад авах шаардлагатай байгаа талаар 1059 хүний гарын үсэгтэй өргөдөл ирүүлсэн байна. Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “Долдугаар сарын 7-ны өдөр тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу энэ өргөдлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өгсөн. Наймдугаар сарын 17-ны өдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргын нэр дээр сайд С.Баярцогтын зүгээс тайлбар ирүүлсэн. 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зориулалтыг хэрэгжүүлэх зорилгоор дараах газар нутгийг улсын тусгай хамгаалалтад нэмж хамруулах үндэслэлийг боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна гэсэн мэдээлэл ирүүлсэн. Үүнд,  Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн өргөтгөл,  Булган голийн эх онгын байгалийн цогцолборт газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газрын өргөтгөл, Тосон бумбын нуруу, Дулаанхайрхан уул, Дэлгэрхаан уул, Цагаан дэлийн агуй, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл зэрэг газруудыг тусгай хамгаалалтад авна гээд албан бичгээр ирүүлсэн. Гэтэл одоо хүртэл шийдэгдээгүй.

Тиймээс байнгын хороогоороо энэ асуудлыг авч шийднэ. Засгийн газарт найдаад бүтэхгүй байна. 21 лиценз бүхий ашигт малтмалын аж ахуйн нэгж байгууллагуудыг лобби орсон байна гэж хардаж байгаа. Засгийн газрын хуралдаанаар оруулна гэж хэлсэн мөртлөө өнөөдрийг хүртэл оруулахгүй байна. Олон хууль, тогтоомж зөрчсөн” гэв.

Түүнчлэн Өргөдлийн байнгын хороонд Гэр бүлийн хуультай холбоотой өргөдөл их ирсэн байна. Тухайлбал, жилд 9000 залуу гэр бүл гэрлэлтээ батлуулдаг ч 3000 нь салдаг байна. Үүнээс үүдэн хүүхдийн мөнгөө төлдөггүй гэх гомдол их иржээ. Тиймээс Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү ажлын хэсэгт санал хүргүүлж байгаа аж.  Нэгдүгээрт хүүхдийн мөнгөө өгдөггүй эцэг, эхийг албадан хөдөлмөрлүүлж, мөнгийг нь хүүхдүүдэд нь гаргуулах, хоёрдугаарт “гэр бүлийн тогтворгүй этгээд” гэсэн нэр томъёог шүүхээр гаргаж, торгууль тавих саналыг хүргүүлж байгаа юм байна. “Гэр бүлийн тогтворгүй этгээд” гэсэн нэр томъёонд гурав дахь хүнтэйгээ гэр бүл зохиож байгаа хүн хамаарагдах аж. Хэрэв шүүхээр тогтоогдох юм бол улс төрийн болон төрийн албан тушаал хашихыг хориглох юм байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна