Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт өгөхгүй

2015 оны 11 сарын 17

Ирэх онд Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг зөвхөн Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдсан 1-17 бүлгийн 823 мянга орчим хүүхэд авдаг болно. Энэ нь амьдралын боломжтой, амьжиргааны түвшин дээгүүр 18-20 бүлэгт хамрагдсан айлын хүүхдүүд авахгүй гэсэн үг. Хэрэв амьжиргааны түвшин дунд, эсвэл тааруу өрх энэхүү өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдаагүй бол 2016 оноос өмнө шинээр бүртгүүлж, хамрагдах боломжтой аж. Жил ирэх бүр төрөлт ихсэж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах хүүхдийн тоо нэмэгджээ. Жишээлбэл анх Засгийн 70-р тогтоол гарч, 2012 оноос эхлэн хүүхдийн мөнгийг 900 орчим мянган хүүхдэд өгдөг байсан бол дээрх тоо энэ онд нэг сая 25 мянга болсон юм.

Хүүхдийн 20 мянган төгрөгийн тэтгэмжийг зарлагыг он бүрээр нь тооцвол 2012 онд 848 тэрбум, 2013 онд 278 тэрбум, 2014 онд 312 тэрбум, 2015 онд 246 тэрбум төгрөг байх юм. Харин ирэх 2016 онд 144 тэрбум төгрөг болж буурчээ. Ийнхүү хүүхдэд олгох тэтгэмжийн мөнгө 102 тэрбум төгрөгөөр буурсан нь эдийн засаг хямралтай энэ цагт төсөв хэмнэлтийн нэг арга аж.

Тэтгэмж авах хүүхдийн тоог өрхийн амьжиргааны бүлгээр ангилж багасгасан ч, нийт хүүхдийн 83 хувь нь дээрх тэтгэмжийг авах бүлэгт хамрагдаж буйг салбар яамнаас нь тодотголоо. Уул уурхайн салбар ид өсөлттэй байх үед төрөөс энэ салбараас олсон ашгийг иргэн бүрд ижил тэгш хүртээнэ гэж УИХ Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг баталсан. Өнгөрсөн 2010-2013 онд  энэ сангаас 21 мянган төгрөг хэлбэрээр нийт нэг их наяд 407 тэрбум төгрөгийг хоёр сая 919 мянган иргэнд олгожээ. Харин нэг сая төгрөг хэлбэрээр 322 орчим тэрбум төгрөгийг 322 мянга 784 иргэнд өгсөн байна. Тодруулбал 2010 оноос хойш Хүний хөгжил сангаас иргэдэд дөрвөн төрлөөр мөнгө тараасан байх юм. 2010-2013 оны хооронд иргэн бүрд эх орны хувь хишиг нэрээр сар бүр 21 мянган төгрөг, 2013 онд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг удаа нэг сая төгрөг,  2011, 2012 онуудад оюутны сургалтын төлбөрт 500 мянган төгрөг тус тус олгосон байдаг. Харин 2012 оноос  зөвхөн энэ сангаас хүүхдийн 20 мянган төгрөгийн тэтгэмжийг сар бүр өгдөг болсон.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна