Элэгний эмийг хөнгөлөх талаар судалж байна

2015 оны 11 сарын 17

Иргэд эрүүл мэндийн даатгалыг сар бүр төлдөг ч үйлчилгээгээ хангалттай авч чаддаггүй гэж гомдоллодог. Тэгвэл эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн бүр жилд 200 гаруй нэршлийн эмийг хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй байдаг. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Р.Наранчимэгтэй ярилцлаа.

-Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд жилд хэчнээн төрлийн эмийг, хэдий хэмжээний хөнгөлөлттэйгөөр авах боломжтой вэ?

-Өнөөдрийн байдлаар 138 нэрийн 228 нэршлийн эмийг 30-80 хувийн хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд олгож байна. Зарим иргэдийн хувьд эмийн хөнгөлөлтөд зөвхөн өндөр настай хүн хамрагддаг гэж ташаа ойлгодог. Энэ хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн бүр эдлэх боломжтой.

-Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм олгодог хэчнээн эмийн сан байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд 198, улсын хэмжээнд 689 эмийн сан бий. Иргэд эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ өрхийн эмнэлэгтээ хандаж хөнгөлөлтөд хамрагдах боломжтой.

-Энэ жилийн хувьд хэчнээн иргэн хөнгөлөлтөд хамрагдсан бэ?

-Хагас жилийн байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас давхардсан тоогоор 2.5 сая иргэн тусламж үйлчилгээний зардал авсан. Үүнээс эмийн үнийн хөнгөлөлтөд 633100 орчим даатгуулагч хамрагдсан.

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад иргэд эмийн хөнгөлөлтөд хамрагдах нь нэмэгдсэн үү?

-Жил ирэх тусам эмийн хөнгөлөлт эдлэх иргэдийн тоо нэмэгдэж байна. Манай төсөв өмнөх оноос 20 орчим хувиар нэмэгдсэнтэй холбоотой. Дээрээс нь иргэдийн даатгалын үйлчилгээтэй холбоотой мэдлэг, мэдээлэл жил бүр нэмэгдэж буй нь ажиглагддаг.

-Иргэдийн зүгээс хөнгөлөлттэй үнээр ямар эмийг ихээр авдаг вэ?

-Ихэнхдээ өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ хөнгөлөлтөд хамрагддаг. Тиймээс нэн тэргүүнд зүрх судас, даралт, антибиотик, элэг цөс, хоол боловсруулах гээд олон төрлийн эм авдаг.

-Элэгний С вирусийн өвчлөл Монголд их байна. Энэ ч утгаараа элэгний С вирусийн эсрэг “Харвони” эмийг оруулж ирнэ. Гэхдээ иргэдийн зүгээс энэ эмийг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлж болохгүй юу. Хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жагсаалтад оруулж болохгүй юу гэх саналыг ихээр тавьж байна. Ийм боломж бий юу?

-Яамд хооронд яригдаж буй асуудал. Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд энэ талын ажлын хэсэг гарсан. Тэр ажлын хэсгээс тодорхой шийдвэр гарвал манай байгууллага хэрэгжүүлж ажиллана.

-Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн хөнгөлөлтөд яаж хамрагдах вэ. Хөнгөлөлттэйгөөр эм хэрхэн авах вэ?

-Нэн тэргүүнд харьяа өрхийн эмнэлэгтээ очиж эмээ бичүүлнэ. Ингээд хөнгөлөлттэй жороор үйлчилдэг, өөрт ойрхон эмийн сангаас эмээ авна.

-Эмийн сангууд санхүүжилтгүй гэх шалтгаанаар хөнгөлөлттэй үнээр эм өгөхгүй байх тохиолдол байдаг. Энэ жилийн хувьд ямар байгаа бол?

-Энэ жилийн хувьд гайгүй. Бидэнд энэ талын гомдол бага ирж байна. Тухайн эмийн санд байхгүй ч ойролцоох газруудаар үйлчлүүлж болно. Ялангуяа эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр үйлчлэх эмийн санг хоёр дахин нэмсэн. Тэгэхээр иргэдэд хүртээмжтэй болсон гэсэн үг.

-Иргэдийн зүгээс хөнгөлөлттэй жороор үйлчилдэг эмийн сан гэр хороололд хангалтгүй байна гэж гомдоллодог?

-Алслагдсан газар, ялангуяа лагерь, гэр хороололд эмийн сан байгуулсан тохиолдолд хөнгөлөлттэй жороор үйлчлэх эрх өгдөг.  Эрүүл мэнд, спортын яамнаас зөвшөөрөл авч ашиглалтад орсон эмийн сангийн жагсаалтыг  харж байгаад боломжтойг нь  сонгодог.

Өнгөрсөн онд л гэхэд хөнгөлөлттэй жороор үйлчлэх эрх авах 90 орчим эмийн сан хүсэлтээ ирүүлсэн. Энэ дундаас Их дэлгүүрийн ойролцоох нэг эмийн санд л эрх олгосон. Бусад нь хотын захад байрладаг, гэр хорооллын эмийн санд хөнгөлөлттэй жороор үйлчлэх эрх олгосон.

-Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг эмийн санг хэрхэн ялгаж мэдэх вэ?

-Маш хялбар. Гадна талдаа эрүүл мэндийн даатгалын дэвтэр шиг мөртлөө гэрэлтдэг, лого самбарыг хадсан байдаг. Мөн зарим хувийн эмнэлгүүд манайхтай гэрээтэй ажилладаг. Тэр эмнэлгүүдээр үйлчлүүлж болно.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна