“Honey moon” хамтлагийн “Тэр залуу” дууны шинэ клип гарлаа

2015 оны 11 сарын 17

“Honey moon” хамтлаг нь 5 жилийн ойн босгон дээрээ энэ онд анхны цомгоо амжилттай гаргаж, хэд хэдэн дуундаа клип бүтээлгэж, үзэгчдийн хүртээлд хүргэсэн билээ. Тэгвэл цомгийн ээлжит уран бүтээл болгож, "Тэр залуу" шинэ уран бүтээлээ танилцуулж байна. Дууны үг, аяыг хөгжмийн продюсер Оки бичсэн бол клипийг “V” студийнхэн хамтлагийнхны шинэ дүр төрхийг тодотгож, шинэ санаа тусган үзүүштэйгээр хийж гүйцэтгэжээ.

Дуу, клипний найруулга, хийцээс гадна хувцасны стиль имиж, үс засалт, нүүр будалт гээд бүх тал дээр мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаж, чанартай уран бүтээл гаргахыг эрхэмлэжээ. Тэр ч утгаараа цаг хугацаа, хөдөлмөр, хөрөнгө, сэтгэл зүрх, авьяас чадвар, мэдрэмжээ дайчлан ажилласан энэ удаагийн уран бүтээл “Honey moon” хамтлагийн дуу хөгжмийг илүү шинэлэг түвшинд илэрхийлж байна.

Хайрын сэдэвт дуунуудыг ихэвчлэн дуулдаг “Honey moon” хамтлагийнхан энэ удаад ч хайрыг бас нэгэн сонирхолтой өнцөгөөс харж, мэдэрч, аялгуулан дуулсан юм. Өнгөлөг, эрч хүчтэй, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, ихэмсэг дүр төрхийг тодотгож бүтсэн энэ уран бүтээл охид, бүсгүйчүүдэд өөртөө итгэх итгэл, урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Дашрамд, хамтлагийнхан тун саяхан ӨМӨЗО-ны Хөх хотын “Улаан театр”-т зохиогдсон Монгол, Орос, Хятад гурван орны залуу бизнесменүүдийн уулзалтанд зориулсан тоглолтонд Монголын рок попыг төлөөлөн амжилттай тоглоод иржээ. Мөн Монгол орны баруун аймгуудаар аялан тоглож, хөдөө орон нутгийн сонсочидтойгоо халуун дотноор уулзан цомгоо бэлэглэсэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна