"Нийслэлд 14,2 мянган ажлын байр бий болгосон"

2015 оны 11 сарын 17

Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭ-ийн холбоо хамтран “Хөдөлмөр-хөгжлийн үндэс” нийслэлийн хөдөлмөрийн чуулганыг өчигдөр зохион байгууллаа.

 

 

Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачилгаар Хөдөлмөрийн яам түншлэгч талуудтай хамтран Хөдөлмөрийн үндэсний чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Үндэсний чуулганы өмнө аймаг орон нутагт бүсчилсэн байдлаар хийж буй бөгөөд нийслэлийнхийг  “Хөдөлмөр-хөгжлийн үндэс” сэдвийн дор зохион байгууллаа.

 

Чуулганд төрийн болон төрийн бус байгууллагууд, ажил олгогчид, төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн төлөөлөл 150 гаруй хүн оролцож хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, нийслэлд тулгамдаж буй хөдөлмөр эрхлэлтийн асуудлуудыг хэлэлцэхийн хамт ажилгүйдэл түүнээс үүдэлтэй орлогын хомсдолоос гарах арга замын талаар ярилцаж, эдийн засгийн хямралын үед хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс баримтлах бодлого чиглэл болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй хөтөлбөрийн онцлог давуу талыг танилцуулсан. 

 

 

Нийслэлийн хөдөлмөрийн чуулганыг нээж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан үг хэлсэн бөгөөд тэрбээр Үндэсний статистикийн хорооноос гаргадаг ажиллах хүчний судалгаагаар ажлын байрын хамгийн идэвхжил өндөртэй үе буюу энэ оны гуравдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 6,3, Улаанбаатар хотод 5,4 хувьтай байгааг дурдаад хүн амын төвлөрөл ихтэй нийслэлд ажилгүйдлийн түвшин улсын дунджаас бага байгаа нь сайн хэдий ч хөдөө орон нутгаас нийслэлд шилжин ирэгсэд ажилгүйдлийн түвшинг нэмэгдүүлэхийн хамт эерэг талаас нь харвал эдийн засгийн идэвхтэй хүн амын тоог ч өсгөж буй тул энэ байдлыг хөдөлмөрийн бодлого шийдвэртээ тусгаж ажиллах шаардлагатайг онцолсон.

 

Хөдөлмөрийн сайд Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 150 мянган шинэ ажлын байр бий болгох зорилт тавьсан “Ажилтай, орлоготой монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөрийн яам, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж буйгаа дуулгаж, эдийн засгийн хүндрэлтэй үед ажлын байр бий болгох, хадгалах, улмаар ажлын байрны захиалгад үндэслэн ажилд зуучлах үйл ажиллагааг нийслэлд улам боловсронгуй, шуурхай болгох хэрэгцээ шаардлага байгааг хэлсэн.

 

Тэрбээр мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээний  хүрээнд мэргэжилгүй, ажилгүй иргэдэд богино хугацаанд мэргэжил эзэмшүүлэх, ажлын байранд буюу үйлдвэр дээр дадлагажуулан сургаж ажиллуулах, өөрөө өөртөө ажлын байр бий болгох санаачилгыг дэмжиж, барьцаа хөрөнгийн батлан даалт бүхий 5-10 хүртэл сая төгрөгийн зээл олгох, 35-аас дээш насны иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, оюутны цагийн ажил, түр орлогоор хангах ногоо тарих, нийтийг хамарсан ажил зэрэг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр төслийг нийслэл дүүрэгт хэрэгжүүлж байна.

 

Хөтөлбөр, төслийн хүрээнд 2015 оны эхний 10 сарын байдлаар нийт 20 тэрбум төгрөгийг 49,7 мянган хүнийг хамруулж, 31,9 мянган ажлын байрыг бий болгоход зарцуулсан бол нийслэлд 4,5 тэрбум төгрөг зарцуулж 23 мянган иргэнийг хамруулан, 14,2 мянган ажлын байр бий болгосон. Цаашид ч та бүхний саналыг тусган нийслэл дүүрэгт хэрэгжүүлэх хөтөлбөр төслүүдийг шинэчлэн хамрах хүрээг нь өргөжүүлэх болно”  хэмээсэн юм.

 

 

 

Хөдөлмөрийн яамнаас нийгмийн түншлэгч талууд МҮЭ-ийн холбоо МАОЭНХ-той хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан УИХ-аар батлуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 70 гаруй хувийг шинэчилж, 13 бүлэг 124 зүйлтэй төсөл боловсруулан өргөн барьсныг УИХ хэлэлцэж байгаа. Түүнчлэн жижиг зээлийн хэмжээг нэмэгдүүлж тодорхой зохицуулалтаар хангах, зээлийн эрсдэлийн болон баталгааны асуудлыг тусгай сан бйагуулахгүйгээр зохицуулах зэрэг олон асуудлыг тусгасан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байгаа тухай мэдээллийг Г.Баярсайхан сайд чуулганд оролцогчдод өгсөн юм.

 

“Хөдөлмөр хөгжлийн үндэс” чуулганд үг хэлсэн НИТХ-ын дарга Д.Баттулга Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн үр дүнд нийслэлд 14 мянган хүн ажилтай болсныг онцлоод хотын удирдлага эдийн засгийн хямралаас гарах ганц арга нь хөдөлмөр эрхлэлт хэмээн үзэж төсвийн бодлогоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглүүлдгээ ярьсан. Түүний хэлснээр төсвөө тэлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь эргээд төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлдэг бөгөөд энэ бодлогоо 2016 оны төсөв дээр ч барьж ажиллана гэж байсан. Нийслэлээс Бичил бизнесийг дэмжих хөтөлбөр гарган 15,2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна. Хөтөлбөрт зааснаар  тав хүртэл сая төгрөгийг иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан хоршоонд маш бага хүүтэй өгөх замаар бизнесийг нь дэмжсэний үр дүн ч гарч байгаа аж.

 

Бүтэн өдрийн турш үргэлжилсэн Нийслэлийн хөдөлмөрийн чуулганд “Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй төрийн бодлого”, “Нийслэлд шинэ ажлын байр бий болгох боломж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр санаачлан зохнион байгуулж буй ажлууд”, “Эдийн засгийн хүндрэлийн үед ажлын байр бий нэмэгдүүлсэн болон хадгалж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого”, “Шинээр ажлын байр бий болгоход хувийн хэвшилд тулгарч буй хүндрэл бэрхшээл”, “Эдийн засгийн хүндрэлийн үед цомхотголд орсон иргэдийн өнөөгийн байдал ба ажилгүйдлийн тэтгэмж авч буй шалтгаан” зэрэг илтгэлийг хэлэлцүүлэн “Нийслэлийн хөдөлмөрийн чуулганаас Хөдөлмөрийн үндэсний чуулганд хүргүүлэх зөвлөмж” гаргалаа.

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.MOL.GOV.MN