Хөгжлийн гарц

2015 оны 11 сарын 17

Нийслэлийн Ардчилсан Хүчний холбооны ээлжит чуулганд тавьсан илтгэлээс.

 

Илтгэгч УИХ-ын гишүүн Ж.Батзандан

 

 

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчидөө!   

 

Та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье!

 

Монгол улсынхаа нийслэл Улаанбаатар хотын дүүрэг бүрээс хуран цугласан Та бүхэн өнөөдрийн хэлэлцүүлгийг нухацтай даацтай болоосой хэмээн хүсч байгаа.

 

Би энэхүү илтгэлээрээ Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжлийн гарцын талаар Та бүхэнтэй санал солилцохыг хүсч байна.

 

Энэхүү сэдэв нь маш өргөн хүрээтэй хорь, гучин минутанд байтугай хоёр, гурван өдөр ярилцаад ч дуусахгүй тул тодорхой хоёр асуудалдээр төвлөрч ярилцах болно.

 

Нэг: Улс төрийн намын шинэчлэлтийн тухайд

 

Сүүлийн үед хүн бүхэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай ярьж байна. Хүмүүсийн ихэнх нь тогтвортой засаглал, хариуцлагатай хяналттай төр,төрийн албаны шинэчлэлтийг хүсч байна. Тухайлбал, бүх шатны засаг дарга болон цагдаагийн даргыг ард иргэдээсээ шууд сонгодог больё, хариуцлага алдсан, ёс зүйгүй гишүүд, төлөөлөгчдийг эгүүлэн татья, засаг захиргааны шинэчлэлээ эргэн харья, хотын статусыг бий болгоё, улс төрийн нам түүнд тавигдах шаардлага стандартыг шинээр харья, орон нутагт улс төрийн намаар үйл ажиллагаа явуулахыг хориглоё гэх мэт олон саналууд гарч байна.

 

Тиймээ засах, залруулах ёстой олон асуудал бий. Засаж залруулахын тулд түүний шалтгаан, өвчний оношийг зөв тогтоох учиртай.

 

Монголын улс төрийг мухардалд, эдийн засгийг хямралдхүргэсэн гол институт бол улс төрийн намууд бөгөөд түүний ялзарсан ужиг тогтолцоо гэж үзэж байна.

 

Орчин үеийн улс төрийн нам нь үнэт зүйл, үзэл санаа, бодлого, зарчим дээр суурилж нийгмийн оюун санааны манлайлал хийх учиртай билээ.

 

Харамсалтай нь Монголд сонгодог улс төрийн нам байхгүй бөгөөдтүүний оронд зөвхөн намын баг зүүсэн олигархуудын систем ажиллаж байна.

 

Монголын улс төрийн үзэл санаагмөнгө, шуналын орон зай эзэлж,олигарх бүлэглэлийн сонирхол ньүндэснийболон иргэд, ард түмний эрх ашгаас дээгүүр тавигдсаар ирлээ.

 

Оюу толгой, Таван толгой, Тамсаг, Гацуурт, Цагаан суврага гэх мэт уул уурхайг тойрсон шийдвэрүүд, эдийн засгийн өршөөлийн хууль, хувьчлалын бодлого гэх мэт томоохон шийдлүүд ихэнхидээ үндэсний эрх ашгийн эсрэг гарч байна.

 

Мөн 1990 оноос хойш бид 11 удаа УИХ-ын болон Монгол Улсын ерөнхийгчийн сонгууль, хэдэн зуун удаа аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль, дахин болон нөхөн сонгууль хийлээ.

 

Энэ хирээр намчирхал, талцал, үзэн ядалт газар авч мөнгөөр хэмжихийн аргагүй материаллаг болон материаллаг бус хохирол Монгол түмэнд учирсан. Зөвхөн сонгуульд ялахын тулд манай улс төрчдийн сүүлийн 25 жилийн турш тараасан мөнгө шуудхан хэлэхэд Чингис болон Самуурай бондыг нийлүүлснээс хол давлаа. Сонгуулийн хэтийдсэн амлалт, дотоодын улс төр, бизнесийн тулга тойрсон тэмцэл нь эцсийн дүндээ Монголын хүчийг нь барж, хөгжлийг нь чөдөрлөж, эдийн засгийг хямралд хүргэж байна.

 

Иймээс Монголчууд бид үрэлгэн, үр ашиггүй улс төрийн системээ халж, үндэстний хагарлыг бус эвлэрэлийг дэмждэг, олигархи бус олон түмэнд үйлчилдэг шинэ улс төрийн системийг бий болгох ёстой. Ингэхдээ Улс төрийн намын тухай, Төрийн албаны тухай болон Сонгуулийн хуулиадаа өөрчлөх хэрэгтэй байна. Үүнд:

 

  • Улс төрийн намыг олигархын бүлэглэлээс салгаж, олон нийтийн бодлогын нам болгох шинэчлэлт хийх,
  • Намын гишүүнчлэлийн хатуу тогтолцоог халж, дэмжигчид рүү хандсан тогтолцоог бий болгох,
  • Газар нутаг, хүн ам, улс үндэстний онцлогоос хамаарч орон нутгийн өөрийн удирдах ёсны сонгууль дахь улс төрийн намын оролцоог хязгаарлах,
  • Улс төрийн намуудын сонгуулийн мөнгө, санхүүтэй холбоотой амлалтыг бүрэн хориглох,
  • Улс төрийн намын санхүүжилтийг ил тод, нээлттэй, шилэн болгох,
  • Төрийн албан дах улс төрийн намын оролцоог хаах зэрэг зарчмын өөрчлөлтүүдийг яаралтай хийх шаардлагатай гэж үзэж байна.

 

Дүгнэж хэлэхэд манай Улс төрийн намууд Монголын хөгжлийн саад бус, хөгжлийн гарц болоосой гэж хүсч байна.

 

Хоёр: Хорооны хөгжлийн тухайд

 

Энэ танхимд Монгол улсынхаа нийслэл Улаанбаатар хотын дүүрэг, хороо бүрээс хуран цугласан төлөөлөгчид чуулж байгаа гэдгийг илтгэлийнхээ эхэнд тодотгож хэлсэн.

 

Нийслэл, дүүргийн маань гол цөм нь хороо бөгөөд нийслэл дүүргийн хөгжлийн гарц нь хорооноос эхэлнэ гэдэгтэй бүгд санаа нийлэх байх. Хороо хөгжилөөс бол дүүрэг, нийслэлийн хөгжил шууд хамаарна.

 

Хороо гэдэг бол Засаг захиргааны анхан шатны нэгж бөгөөд иргэд олон түмэнд төрийн бодлого, УИХ, Засгийн газрын шийдвэрүүдийг таниулдаг, албан хаагч нар нь дугаар хорооны иргэдтэй шууд харьцдаг Монгол төрийн нүүр царай гэж шууд утгаар нь ойлгож болно.

 

Сүүлийн 3 жилд хорооны байранд Засаг дарга, Иргэдийн нийтийн хурал, Иргэний Танхимаас гадна Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн төлөөллүүдийг байнга ажиллуулан иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулан нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэн ажилладаг болсон нь сайшаалтай юм.

 

Өнөөдөр Улаанбаатар хотын нийт өрхийн тэн хагас нь гэр хороололд төвийн ус, дулаан хангамж, хатуу хучилттай замд холбогдоогүй байгаа нь шийдвэрлэвэл зохих нэн тэргүүний асуудал болоод байна.

 

Мөн хорооны хэсгийн ахлагч нар буюу хорооны гол ажлыг хийдэг нугалдаг хүмүүсийн цалин хангамж муу, амьдрал ахуй баталгаагүй зэрэг нь төр засгийн үйлчилгээг ард иргэдэд хүртээмжтэй хүргэхэд нөлөөлж байна.

 

Иймд өнөөдөр хорооны хөгжлийн талаар 3 асуудлыг хөндөж ярилцья.

 

1. Хорооны нийгэм, эдийн засгийн байдал

 

Улаанбаатар хот өнөөдөр үндсэндээ 2 хуваагдаад байна.

 

Боломжийн амьдралтай хэсэг нь хотын төв рүү инженерийн шугам сүлжээ рүү төвлөрч байхад, боломж муутай хэсэг нь хотын зах руу гэр хороолол руу өөрийн эрхгүй амьдралын шаардлагаар очиж байна. Нэг үгээр хэлбэл, хотын төв ба хотын хөдөө гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байна.

 

3000 хүрэхгүй оршин суугчтай нэг суманд эмнэлэг, сургууль, зам харилцаа, бие даасан засаг захиргааны нэгж зэрэг эдийн засгийн төв болох бүх боломжууд байдаг. Дээрээс нь Шинэ сум төсөл нэрийн дор тэрбум тэрбумаар нь мөнгөц ацдаг байдалтай байхад, 15000 гаран оршин суугчидтай Хороог 100-150 сая төгрөгөөр хөгжүүлнэ гэж төсөвлөдөг Засаг, төртэй байж арай ч болохгүй.

 

Хороогоо хөгжүүлж чадвал Монголоо хөгжүүлж чадна.

 

Жишээ татахад Солонгос улс 70-аад оноос “Шинэ тосгон” хөдөлгөөн өрнүүлж улс орноо өөрчилж иргэдээ халуун дулаан сууцанд оруулж амьжиргааг нь эрс сайжруулж чадсан. Тэгвэл энэ загвараас үлгэр жишээ авч иргэд санаачилан “Шинэ хороо” хөдөлгөөнийг өрнүүлж болно шүү дээ.

 

2. Улс төрийн бодлогын хувьд

 

Сүүлийн жилүүдэд Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан багагүй мөнгө Улсын төсвөөс жил бүр хороодын хөгжилд зориулагдан хуваарилагдаж байгаа.

 

Орон нутгийн хөгжлийн сан бол хороодод иргэдэд зориулсан хөгжлийн сан юм. Тэд мөнгөө юунд зарцуулахаа шийддэг, өөрсдөө бүтээн байгуулалтанд гар бие оролцдог бас хийсэн бүтээснээ хянаж хамгаалдаг байх ёстой.

 

Ер нь бензингүй машин хөгжилөөд давхих уу? Үүнтэй адилаар төсөвгүй хорооноос хөгжил, хариуцлага нэхэх нь зөв үү? Бид эрх мэдлийг иргэдэд, орон нутагт доод шатанд нь өгье гэж амтай болгон л ярьдаг. Энэ эрхийг хороонд жинхэнэ утгаар нь өгөх цаг болсон.

 

Түүнчлэн хороонд улс төрждөгийг болиулья. Хороог улс төрөөс хол байлгая. Улс төр хороог хорлоод байна.

 

Миний хувьд Шинэ хороо хөтөлбөрийг санал болгож, Засгийн газарт чиглэл өгөх тогтоолыг УИХ-ын өргөдлийн байнгын хорооноос гаргах тал дээр ажиллаж байна.

 

Энд Монгол улсын Засгийн Газарт хандаж хэлэхэд хотын дарга Бат-Үүлийн гаргасан сайн санаачлагыг дэмжье.

 

Хороо бүрт Хадгаламж зээлийн хоршоо байгуулсан нь сайн санаачлага болсон. Хороо бүр 100 сая төгрөгийн жижиг бизнес эрхлэх эхлэлтийн хөрөнгөтэй болсон. Энэ ажил амжилттай явж байна. Иймд энэ хөрөнгийг цаашид жил бүр нэмэгдүүлэх нь зүйтэй. Хороонд бизнес ирснээр, хороонд ажлын байр ирснээр хороо хөгжинө.

 

Мөн газар зохион байгуулалтын талаар Хотын даргын санаачилсан дахин төлөвлөлт нь хороог, хотыг хөгжүүлэх олон аргуудын зөвхөн нэг нь юм. Олон арга хэмжээ, санал санаачлагыг Засгийн газар, Нийслэл хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ шинэчлэлийг далайцтай хийх хэрэгтэй байна.

 

Хорооны асуудлыг шийдэхгүйгээр дүүргийн, нийслэлийн, Монголын асуудал шийдэгдэхгүй ээ. Хороонд Монголын нийт иргэдийн 50 гаруй хувь оршин сууж байгаа юм.

 

Миний сонгогдсон Баянзүрх дүүрэг буюу 50 жилийн өмнөх Найрамдлын район 7900 өрх, 35000 оршин суугчтай байжээ. Саяхан 50 жилийн ойгоо хийсэн Нийслэлийн Баянзүрх дүүрэг маань өнөөдөр 79000 өрх, 330000 гаруй оршин суугчтай болоод байна. Оршин суугчдын тоо нэмэгдэхийн зэрэгцээ шийдэх асуудал нь 10 дахин томорсон байтал шийдэл нь хэдэн мянга дахин багасчээ.

 

Иймд том асуудлыг жижигхэн бодлогоор шийдэхгүй. Хороог хөгжүүлэх арга зам, бодлогоо эргэн харах хэрэгтэй байна.

 

2016 оны 01 сарын 01-ээс хэрэгжих Хүүхэд харах үйлчилгээний хуулийг хэрэгжүүлж ажиллах тал дээр анхаарах хэрэгтэй. Засгийн газар төсөв мөнгийг нь хангалттай төсөвлөж өгвөл хороонд ажлын байр шинээр үүсэхээс гадна цэцэрлэггүй үлдсэн олон багачууд хамрагдах боломжтой болно.

 

3. Шийдэл, дүгнэлт

 

Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг дугаар хорооны иргэдийн санал санаачлага дээр тулгуурласан ажил үйлчилгээ, барилга байгууламжийг бий болгох зорилгоор л ашиглах нь зүйтэй юм. Гэхдээ бүхнийг төр шийдэхгүй ээ магадгүй хороонд Орон нутгийн хөгжлийн сангаас 100 сая төгрөг хуваарилсан байж болно. Иргэдийн санаачлагаар энэ хөрөнгийг өсгөн нэмэгдүүлж хорооны сайн сайхны төлөө санаачлагатай ажиллаж болно.

 

Хороог төсөвтэй бие даасан нэгж болгохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ч хөндөж тавих нь зүйтэй гэж бодож байна. 15000 хүнтэй Хороог 3000 хүрэхгүй оршин суугчтай сумтай нэг түвшинд авч үздэг одоогийн хууль тогтоомжийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай байна.

 

Дугаар хорооны иргэдийн нөхөрлөл, хороо дүүрэг нийслэлийн удирдлагуудын хамтын ажиллагаа нь хороог хөгжүүлэх, эзэнтэй болгох үндсэн зарчим болно. Монгол улсын ирээдүйн тулгуур бол яах аргагүй иргэд олон түмний идэвх санаачлага юм.

 

Эцэст нь хэлэхэд нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж оршин суугчдын тоо нь аль хэдийн нэг сая давсан. Иргэн бүр эрүүл аюулгүй тохитой орчинд ажиллаж амьдрах хүсэл мөрөөдөлтэй.

 

Энэ хүсэл мөрөөдлөө биелүүлж хороогоо хөгжүүлж тохь тухтай сайхан амьдрахын төлөө хамтдаа“Шинэ хороо” хөдөлгөөнөө өрнүүлж санаачлагатай амьдарцгаая.

 

Анхаарал тавьсанд баярлалаа.