А.Анхбаяр "Рио-2016" паралимпийн эрхээ авлаа

2015 оны 11 сарын 17

Тайландын Бангкок хотноо болсон пара байт харвааны олимпийн эрх олгох тэмцээний үеэр “Хангарьд” клубын тамирчин, спортын дэд мастер А.Анхбаяр мөнгөн медаль хүртэж,  “Рио-2016”-г зорих эрхээ авлаа. Тэрбээр 70 метрийн босоо байрлалд оролцжээ.

Өнгөрөгч наймдугаар сард Герман улсад болсон пара байт харвааны ДАШТ-ээс Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, паралимпийн аварга Д.Баатаржав Риог зорих эрхээ аваад байсан. Тэгвэл пара байт харвааны тамирчдаас А.Анхбаяр хоёр дахь эрхийг авлаа.

Тайландын Бангкок хотноо энэ сарын 1-8-ны өдрүүдэд Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон бөгөөд энэ үеэр олимпийн эрх олгох тэмцээнүүд явагдсан. Манай паралимпийн тамирчид энэ сарын 19-ний өдөр эх орондоо ирнэ.

Одоогоор манай улсаас "Рио-2016" паралимпт оролцох эрхийг буудлагаас З.Ганбаатар, хөнгөн атлетикаас Б.Цогтгэрэл, хүчний гурван төрөлтөөс П.Содномпэлжээ, байт харваагаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав, А.Анхбаяр нар аваад байна.

“Рио-2016” паралимп:

Буудлага: З.Ганбаатар.

Хөнгөн атлетик: Б.Цогтгэрэл

Хүчний гурван төрөл: П.Содномпэлжээ

Байт харваа: Д.Баатаржав, А.Анхбаяр.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна