"Эцсийн шийдийг асуухгүй л юм бол цаг мөнгөний гарз"

2015 оны 11 сарын 17

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, энэ тухайгаа ард нийтээс асуух талаар хуулийн төсөл өргөн барьсан. Тус хуулийн төслүүдийг өргөн барьснаас хойш энэ парламент Үндсэн хуульд гар хүрэх ёс суртахууны эрхгүй, чадамжгүй хэмээн шүүмжлэл өрнөж байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай ярилцлаа.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Та энэ төсөлтэй танилцсан уу, дэмжиж байгаа юу?

-Ийм санаачилга гаргасан хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж байна. Үндсэн хууль бол Монголын ард түмний эв нэгдэл, зөвшилцөлд суурилсан нийгмийн суурь гэрээ. Тийм учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Үндсэн хуульд өөрт нь заасан үндэслэл, мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Нийгмийн өргөн оролцоо, зөвшилцөл, дэмжлэгт суурилах ёстой гэсэн үг. Энэ шаардлагыг хангахад цаг хугацаа их л бага байна. Сонгуулиас зургаан сарын өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хориотой.

-Цаг хугацаа хэрэгтэй гэж хэлж байгаа юм байна. Тэгвэл агуулгын хувьд дэмжиж байгаа юу?

-Өргөн барьсан төсөл дотор агуулгын хувьд дэмжмээр санаанууд байлгүй яах вэ. 1992 оны Үндсэн хууль бол Монголын ард түмний урт хугацааны бартаат тэмцэл, түүхэн сургамж, оюун бодол, ирээдүй хойчийн эрх ашиг шингэсэн улстөр, эрх зүйн дээд баримт бичиг. Хэрвээ одоо ул суурьтай бодоогүй, өрөөсгөл өөрчлөлтийг хүч түрэн оруулбал ардчилсан Үндсэн хуулийн маань тулгуур зарчим суларч ганхах аюул бий.

-Тэгвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэсэн үг үү?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь бүү хэл, цоо шинэ Үндсэн хууль ч боловсруулж баталж болно. Гэхдээ зөв зүйлийг зөв замаар хийх хэрэгтэй. Хямрал, хариуцлагагүй байдал, хэл үг дагуулсан 2000 оны нэмэлт өөрчлөлтийн маргаан өнөөдөр ч үргэлжилж байгаа. Алдаагаа хэд давтах вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах гэж байгаа. Энэ богино хугацаанд ард нийтийн санал асуулга явуулж амжих уу?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжинэ, дэмжихгүй гэсэн хэт ерөнхий асуултаар санал асуугаад, түүнд дулдуйдаж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг бол Үндсэн хуульт байгуулалд халдаж байгаа үйлдэл. Дэмжинэ гээд хэлчихвэл түүгээр юуг ч гоожуулж болно оо доо. Ард нийтийн санал асуулгаармаш тодорхой асуудлаар эцсийн шийдвэр гаргуулахгүй л юм бол хайран цаг, хөрөнгө мөнгөний гарз болно. Үндсэн хуулийн заалт, үзэл санаа ч тийм байгаа.

-Хууль санаачлагчид Монголын ард түмэн 1945 онд тусгаар тогтнолын төлөө санал өгснийг жишиг болгож яриад байгаа?

-Тэд санал хураалт, санал асуулга хоёрыг хольж, хутгаж яриад байна билээ. Уг нь плебисцит, референдум гээд хоёр өөр үгнээс үүссэн хууль зүйн ялгаатай ойлголтууд.

-Тэгвэлямар тодорхой асуудлаар ард нийтийн санал асуулга явуулвал тохиромжтой вэ?

-Монгол Улс парламентын засаглалтай улс байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай улс байх уу? Аль эсвэл УИХ байнгын ажиллагаатай байх уу? байнгын бус ажиллагаатай байх уу? УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох уу? Эсвэл дөрвөн жил хэвээр байлгах уу? УИХ-ын сонгуулийн тогтолцоо пропорциональ, можаритар, холимог тогтолцооны алинаар байх вэ? Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх үү? Эсвэл одоогийнхоороо байх уу? Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох уу? Эсвэл ард түмнээрээ сонгох уу гэх мэтээр асуулт нь ч, хариулт нь ч хоёрдмол утга санаагүй асуудлаар санал асуулга явуулах хэрэгтэй. Цаашид энэ мэтийн асуудлаас гадна иргэний оролцоо, шууд ардчиллыг хөгжүүлэх зорилгоор Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох эрэлт хэрэгцээ үүсч байгаа нь харагдаж байна. Төр засаг ард түмнээс үүсэлтэй, тэдний хүсэл зоригийг илэрхийлэгч, хэрэгжүүлэгч учраас нийт үндэсний эрх ашгийг хөндсөн болон төрийн байгуулалтай холбоотой нарийн төвөгтэй, ээдрээтэй зарчмын асуудлаар ард түмэн эцсийн үг хэлдэг байх нь ардчиллын амин сүнс.

-Парламентын засаглалыг сонгодог утгаар нь хөгжүүлж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэхгүй бол Засгийн газар тогтвортой ажиллаж чадахгүй байна гэх шүүмжлэл байна. Энэ утгаараа Үндсэн хуульд өөрчлөлт хийх нь зарчмын хувьд зөв биз дээ?

-Эрх мэдэл, тогтвортой байдлын хооронд шууд хамаарал байхгүй. Тэр бол эндүүрэл. Эрх мэдэл хэлтийвэл юунд хүргэдгийг гадна, дотны хол ойрын түүх, манай улсын өнгөрсөн түүх бэлхнээ харуулж байгаа. Тийм учраас Үндсэн хууль боловсруулахдаа засаг хуваарилах онолд суурилж эрх мэдлийн хуваарилалт, тэнцвэр, харилцан хяналт гээд олон зарчим баримталсан. Харамсалтай нь тэр зарчим алдагдаж, мөрдөгдөхгүйгээс л үүдэж тогтворгүй байдал үүсч байгаа нь үнэн.Санал болгоод байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зохицуулах гээд байгаа олон асуудлыг одоо ч хуулиар зохицуулах боломжтой.

-Засгийн газрыг тогтвортой байлгах механизм хүсээд байгаа юм биш үү?

-Уг нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулинд тэр механизм нь байгаа. Үндсэн хуульд шинэ Ерөнхий сайд томилогдсноор өмнөх Ерөнхий сайд, Засгийн газрын бүрэн эрх дуусгавар болно гэсэн заалт байгаа. Анх Үндсэн хуулийн төсөл боловсруулж байхад энэ заалтыг Германы Үндсэн хуульд байдаг конструктивный вотум недоверия буюу шинээр томилогдох буюу чөлөөлөгдөх Ерөнхий сайдын асуудлыг нэг санал хураалтаар шийдвэрлэдэг заалтаас санаа авч оруулсныг тод санаж байна. Хельмут Коль тийм замаар ХБНГУ-ын Канцлерь болсон түүхтэй. Гэтэл бид Ерөнхий сайдаа эхэлж огцруулчихаад дараа нь Ерөнхий сайд болох хүний эрэлд морддогт л хэргийн учир, дутагдал байна. Үндсэн хуулийн уг заалтыг бусад хуульд тодруулж, нарийвчлан зохицуулах боломж бий.

-УИХ-ын гишүүний тоог 99, бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгохоор хуулийн төсөлд тусгасан. Энэ цаг үед 99 гишүүнтэй байх нь оновчтой юу?

-Өнгөрсөн 25 жилийн практикийг харахад тухайн хуулийг хэрэглэх байгууллага нь хуулийн төслийг боловсруулж ирсэн. Ингэхдээ өөрийн эрх мэдэл талыг голлоод, үүрэг, ялангуяа хариуцлага талыг нь сулруулах, бүрхэгдүүлэх, орхигдуулах явдал хавтгайрснаас болж манай улсад хяналт, хариуцлагын тогтолцоо суларсан. Хууль санаачлагч гишүүний телевизээр ярьж байхыг нь хальт үзсэн. УИХ-ын гишүүний тоог 99 болгох нь 2-3 шалтгаантай юм байх. Нэг нь хүн амын өсөлтийг дагаж УИХ-ын гишүүний тоо өсч байх гэнэ. Өөр нэг чухал үндэслэл нь хуулийг цөөн хүн, хорин хүн батлаад байна. Олон хүнээр батлуулдаг болох гэнэ. Энэ асуудлыг шийдье гэвэл УИХ-ын гишүүдийн тоог нэмэх биш, хууль баталдаг кворумыг өндөрсгөхөд л болно. Дордуулсан долоон өөрчлөлтөө хүчингүй болгоход энэ асуудал шийдэгдэнэ.

-Төсөлд есөн яамны нэрийг зааж өгсөн. Бас Ерөнхий сайдад яамын тоог нэмэх боломж олгосон заалт ч бий. Уг нь яамдыг тогтвортой байлгах байх зорилготой байх?

-Яамдыг тогтвортой байлгах чухал. Үүнтэй санал нэг байна. Шинэ Ерөнхий сайд болгон яамдын нэр, хаяг, тоог бужигнуулж, нүүдэл суудал болно. Дараа нь шинэ сайд яамны бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, төрийн албыг үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнуулдаг харалган, үрэлгэн, харамсам явдлыг цэглэх цаг болсон. Үүнийг шийдэх арга бол яамны тухай нийтлэг нэг хууль биш, яам тус бүрийн тухай хууль гаргах явдал. Тэгж байж яамны нэр хаягнаас гадна түүний бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа тогтвортой, үр өгөөжтэй, давхардалгүй болно. Төрийн алба ч тогтвортой, ой санамжтай болно.

-Ерөнхийлөгчийг ард түмнээс бус УИХ-аас томилж, хууль санаачлах эрхийг нь ч хасахаар хуулийн төсөлд оруулж ирсэн юм билээ. Ер нь Ерөнхийлөгчийг ард түмнээсээ сонгохгүй байх нь зөв шийдвэр мөн үү?

-Монголчууд бид хаантай, төрийн тэргүүнтэй байхдаа дэлхийд дэг журам тогтоож явсан гайхамшигтай түүхтэй боловч эвдрэлцэл, хуваагдлын гайгаар бусдын боол, босгоны зарц, утсан хүүхэлдэй мэт явсан олон зууны гунигт түүхийг дуусгаж, дөнгөж саяхан л төрийн тэргүүн Ерөнхийлөгчтэй болсон. Айл гэр ч тэргүүнтэй байдаг. Өнгөрсөн 25 жилд хамгийн гацаагүй, тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн төрийн институци бол Ерөнхийлөгчийн институци. Үндсэн хуулиар баталгаажсан ард түмний эрхийг хурааж авах гэж байгаа бол ард түмнээсээ асуух нь зөв.

-Хуулийн төсөл боловсруулсан гишүүд нь ч 100 хувь санал нэгдэж хуулийн төслөө өргөн бариагүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Цог ажлын хэсэгт орсон ч боловсруулсан хуулийн төсөлтэй санал нэгдэхгүй учраас гарын үсгээ зураагүй байхад ард нийтийн санал асуулга явуулаад хуульд заасан хугацаандаа амжиж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж амжих уу?

-Хэн юу хийж, юу ярьсныг сайн мэдэхгүй байна. Яарвал даарна л гэдэг.

-1992 оны анхны ардчилсан Үндсэн хуулийг батлахад та Б.Чимид багшийн туслахаар ажиллаж байсан гэсэн. Тухайн үед Үндсэн хуулийг батлахад улстөрчид хэрхэн хандаж байсан бэ. Харин өнөөдөр ямар байна вэ?

-Үндсэн хуулийн төслийг боловсруулахдаа нийт ард түмнээр хэлэлцүүлж, үнэ цэнэтэй олон санал бодлыг нь шүүрдэн авч тусгаснаас гадна Үндсэн хуулийн эрхзүйн онол, практикийн асуудлаар дотоод, гадаадын хуульчид, эрдэмтэн мэргэдийн санаа бодол, зөвөлгөөг сонсч, их шингээсэн. Тухайн үед улс төрчдийн оролцоо байсан. Гэхдээ одоогийнх шиг бүхнийг шийдэгчийн дүрээр байгаагүй.

-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа, сайн хэлэлцүүлээрэй гэж Тамгын газрын даргаараа хэлүүлсэн аятай юм ярьж, бичүүлж байгаа. Ер ньҮндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчөөс санал авсан уу?

-Дэмжиж байна, дэмжихгүй байна гэж хийсвэр ярьж болохгүй. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтөөр байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах аливаа санал санаачилга, түүний үг үсэг, үйлдэл бүр нь хуулийн дагуу, эн түрүүнд Үндсэн хууль болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зүйл заалттай нийцэж байх ёстойг зөвөлсөн. Энэ чинь маш тодорхой санал биш гэж үү. Тэдгээртэй нийцүүл гэсэн үг шүү дээ.

-Үндсэн хуулийн эхний үсгийн товчлол муу үг үүсгэж байгаа учраас нэрийг нь сольж Үндсэн хуулийг Эх хууль гэж нэрлэх санал явж байгаа. Энэ тухайд?

-Үндсэн хуулийн нэрийг товчлох ёсгүй. Үндсэн хууль бол хуулийн үндсийн үндэс, эцэг хууль учраас бүтнээр бичиж, бүтнээр нь дуудах ёстой. Эцэг, эхийнхээ нэрийг товчилдоггүй биз дээ. Нэр томьёоны албан ёсны товчлолд Үндсэн хуулийг оруулаагүйг хууль тогтоогчид мэдэх учиртай. Чиний асуултад Цагаан гэдэг иргэний байр сууринаас түлхүү хариулсан шүү.

Сэтгүүлч Л.ОДОНЧИМЭГ

ЭХ СУРВАЛЖ: WWW.ITOIM.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна