ОХУ-ын хөнгөний тамирчид Олимпийн наадамд оролцож чадах уу?

2015 оны 11 сарын 17

Өнгөрсөн долоо хоногт Олон улсын хөнгөн атлетикийн холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг цуцалснаар тус улсын хөнгөн атлетикийн тамирчид Бразилийн Рио де Жанейро хотноо болох зуны олимпийн наадамд оролцож чадах эсэх нь эргэлзээтэй боллоо. Хэрвээ тус улсын холбогдох байгууллага сэргээшийн эсрэг дорвитой алхам хийхгүй бол 2016 оны олимпийн наадмаас хасагдана гэж Дэлхийн сэргээшний эсрэг агентлагийн тэргүүн Крейг Риди мэдээлсэн байна.

“Хэрвээ ОХУ  допингийн эсрэг тууштай тэмцэхгүй бол хөнгөн атлетикийн тамирчдад Олимпийн наадамд оролцох эрх олгогдохгүй. Холбогдох байгууллага өөрийн ажил үүргийнхээ дагуу тамирчид “цэвэр” гэдгийг батлах, шударга өрсөлдөөнийг дэмжих үүргээ биелүүлэх шаардлагатай” гэж Риди  Телеграффт өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэжээ. Оросын тамирчдад системчилсэн графикаар сэргээш хэрэглүүлж, зарим мэдээллийг устгасан гэсэн үндэслэлээр  дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн гаргасан хүсэлтийг Олон  улсын хөнгөн атлетикийн холбоо хүлээн авч энэ сарын 13-ны өдөр ОХУ-ын гишүүнчлэлийг тодорхойгүй хугацаагаар цуцлах шийдвэрийг гаргасан юм. Гэхдээ ОХУ-ын спортын сайд Виталий Мутко тус улсын тамирчид  Рио 2016 Олимпийн наадамд оролцох боломж бий гэдгийг онцлон мэдээлсэн байна. Үүний тулд ойрын хэдэн сарын хугацаанд  олон улсын байгууллагаас тавьж байгаа хэд хэдэн шаардлагыг биелүүлэх ёстой болж байгаа юм байна. ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид  сэргээш хэрэглэсэн тухай мэдээллийн улмаас  Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн асан Ламина Диака болон түүний өмгөөлөгчийг баривчлан саатуулаад байгаа. Тэднийг Бүх Оросын хөнгөн атлетикийн холбооноос допинг хэрэглэсэн гэх мэдээллийг нууцлахаар ихээхэн хэмжээний авлига авсан гэх хэргээр мөрдөн шалгаж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна