Концессоор цэвэрлэх байгууламж барина

2015 оны 11 сарын 17

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулах эрчим хүчний цогцолборыг нүүрсээр хангахыг үүрэг болголоо

Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулах эрчим хүчний цогцолборыг нүүрсээр хангах тухай танилцуулгыг Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүсний ордыг түшиглэн байгуулах эрчим хүчний цогцолборыг нүүрсээр ханган нийлүүлэх ажлын хүрээнд “Шинэ Шивээ” ХХК-тай хэлэлцээр хийж, 2015 оны IV улиралд багтаан хамтарсан аж ахуйн нэгж байгуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд, тус цогцолборыг нүүрсээр найдвартай хангахтай холбогдуулан шаардлагатай арга хэмжээ авч хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Р.Жигжид, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт  даалгалаа.

Улаанбаатарт шинээр цэвэрлэх байгууламж барих төслийг концессоор хэрэгжүүлнэ

Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотод шинээр цэвэрлэх байгууламж барих-250000 м.куб/хоног хүчин чадалтай төсөл”-ийг нэмж оруулахаар шийдвэрлэж, концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт даалгалаа.

1964 онд байгуулагдсан Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл, барилга байгууламжийн их засвар хийх, 250 000 метр куб/хоног хүчин чадал бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Төв цэвэрлэх байгууламж нь зөвхөн ахуйн бохир усыг цэвэрлэх технологитой боловч тус байгууламжид химийн өндөр бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа нь биологи цэвэрлэгээний чанарыг бууруулах гол хүчин болж стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж чадахгүй байна.

Лаг бүрэн боловсруулах систем өнөөгийн цэвэрлэх байгууламжид огт байхгүй бөгөөд хүнд металлын агууламжтай хаягдал лаг тунадасыг цэвэрлэх байгууламжийн лагийн талбайд ил задгай хатаадаг нь агаарын бохирдол үүсгэх гол шалтгаан болоод байна.

Техник тоног төхөөрөмж нь хуучирч муудсанаас байгууламжийн эрчим хүчний хэрэглээ өндөр, эрчим хүчний зардалд нэг сард 250 сая төгрөг зарцуулж байна.

Технологийн хоцрогдол, техник тоног төхөөрөмж хуучирсан, бетон арматурчлал, суурин барилга байгууламжийн элэгдэл зэргээс үүдэн Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа зогсоход хүрээд байгаа юм.

Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөрийг баталлаа

Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр баталж, хэрэгжилтийг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан удирдлага, зохицуулалт, мэдээллээр хангаж ажиллахыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд даалгалаа.

Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортьн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт, хөтөлбөрийн хэрэгжилтийг салбар, орон нутгийн түвшинд зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Хүн амын хоол тэжээлийн байдалд ядуурал, нийгэм, эдийн засгийн ялгаатай байдал, хүнсний хангамж болон хүртээмж, усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн дадал, өвчлөл, амьдралын хэв маяг нөлөөлдөг. Хоол тэжээлийн байдлыг сайжруулах арга хэмжээ нь дан ганц эрүүл мэндийн салбарын хүрээнд зохицуулагдах боломжгүй тул хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, нийгмийн хамгаалал, боловсрол, дэд бүтэц зэрэг олон салбарын оролцоо, хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангасан өргөн хүрээтэй багц үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай гэж салбарын яам үзжээ.

Вируст хепатитаас сэргийлэх, элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах дэд хөтөлбөр баталлаа

Вируст хепатитаас сэргийлэх, элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах дэд хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Вируст хепатитийн анхдагч урьдчилсан сэргийлэлтийг оновчтой зохион байгуулах, халдварыг эрт илрүүлэх, хүн амын дундах вирусын халдварын тархалтыг хязгаарлах, элэгний өвчлөл, түүнээс үүдэлтэй архаг үрэвсэл, цирроз, анхдагч өмөнгийн шалтгаан, нас баралтыг бууруулах зорилгоор энэхүү дэд хөтөлбөрийг баталсан байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хепатитийн халдварыг хянах, сэргийлэх чиглэлд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, шийдвэр гаргагчдын оролцоо нэмэгдэж, салбар дундын үйл ажиллагаа эрчимжинэ гэж үзэж байна.

Хөтөлбөрийн хүрээнд вируст хепатитийн халдварын архаг болон шинэ тохиолдол бүрийг давхардуулалгүй хүн бүрээр бүртгэх, хянах, цахим мэдээллийн сүлжээ нэвтрүүлэх, халдвартай иргэдийг бүртгэх мэдээллийн нэгдсэн цахим программыг боловсруулж ашиглахаар төлөвлөжээ. Энэ санд бүртгэгдсэн иргэдэд элэгний С вирусыг эмчлэх ХАРВОНИ эмийг худалдах ажлыг эхлүүлэх юм байна.

Франц улстай “Сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр” хэрэгжүүлнэ

“Сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, хөтөлбөрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргахаар тогтлоо.

БНФУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах асуудлыг анх 2013 онд Францын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тавьж, улмаар Францын Засгийн газрын тэтгэлгийг Монголын 10 оюутанд 2013-2014 оны хичээлийн жилд олгосон. Улмаар талууд сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу “Сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр” хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Францын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулахаар тохиролцжээ.


Товч мэдээ

·  Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд уг үзэл баримтлалыг баталж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэсүрэн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт даалгалаа.

·  2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулсан Монгол Канадын дугуй ширээний VI уулзалтын дүнг сайшааж, уг уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд бөгөөд тус уулзалтын ахлагч Р.Жигжидэд даалгалаа.

·  “Нүүрснээс синтетик байгалийн хий үйлдвэрлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлын явц, Цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элементийн өнөөгийн байдлын тухай болон Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын тухай асуудлыг Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна