Хоол тэжээлийн үндэсний хөтөлбөрийг баталлаа

2015 оны 11 сарын 17

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрбээр, “Засгийн газрын хуралдаанаар Хүн амын хоол тэжээлийн үндэсний хөтөлбөрийг баталлаа. Сүүлийн жилүүдэд, ялангуяа 1990 оноос хойш хүн амын хоол тэжээлтэй холбоотой асуудлаар хэд хэдэн баримт бичиг гарсан байдаг. Үүнээс үндэслэн Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд 1990-2015 оноос хойш хоол тэжээлийн дутлыг 6 дахин буурна гэсэн зорилт тавьсан нь биелсэн гэж Эрүүл мэнд, спортын яамнаас дүгнэсэн. Гэхдээ хоол тэжээлийн дутлын хэмжээ 6 дахин буурсан ч чанарын болон эрүүл хооллолтын асуудал дээр онцгой анхаарах шаардлага байгаа юм. Иймээс Хүн амын хоол тэжээлийн үндэсний хөтөлбөрийг батлах нь зүйтэй хэмээн үзэж, өчигдрийн Засгийн хуралдаанаар оруулж баталлаа. Хэдийгээр томоохон зорилт хэрэгжсэн ч хэд хэдэн шийдвэрлэх зорилтууд байсаар байна. 0-5 насны хүүхдүүдийн хувьд, энэ тал дээр онцгой анхаарах хэрэгтэй гэж Үндэсний Статистикийн хорооноос гаргасан тоо баримт харуулж байгаа. Тухайлбал, 0-5 насны хүүхдийн 10 гаруй хувь нь өсөлтийн дутагдалтай байна. Мөн 1,6 хувь нь тураалтай байна. Дээр нь 0-5 насны хүүхдийн 20-30 хувь А болон Д амин дэмийн дутагдалтай гэсэн үзүүлэлтийг гаргасан байна. Мөн нярай болон өсвөр насны хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг хөтөлбөрт онцгойлон тусгасан. Дээр нь 1990 оноос хойш Монгол Улс өөрийнхөө нутаг дэвсгэрт үйлдвэрлэдэг байсан органик бүтээгдэхүүн, түүхий эдийг үйлдвэрлэх нь тодорхой хэмжээгээр багассан. Гадаадаас оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүний хэмжээ эрс өссөн. Ингэснээр стандарт хэмжээнээс илүүдэл элсэн чихэр, давс, тослог агуулсан бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа нь хүн амын эрүүл мэндэд срөгөөр нөлөөлж байна гэсэн судалгааг судлаачид хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, манай улсын хүн амын 50 гаруй хувь нь илүүдэл жинтэй байгаагийн зэрэгцээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээс шалтгаалсан өвчлөлийн асуудал хөндөгдөх болсон Дээр нь нэг хүнд ноогдох жимс жимсгэнэ, хүнсний ногооны хэмжээ олон улсын стандартын хэмжээнд хүрэхгүй байгаа. Дээр нь хоол хүнсний хэмжээнээс өнөө цагт чанарт анхаарах нь чухал байгаа тул хөтөлбөрийг баталж, жил бүр энэ асуудлаар ямар ажил хийж хэрэгжүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайдад үүрэг болголоо. Түүнчлэн хөтөлбөрийн хэрэгжилтэд шаардлагатай хөрөнгийг жил бүр төсөвт суулгахыг Сангийн сайдад даалгасан" гэж мэдээлэв.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна