Р.Амаржаргал: Тэмээ гэхээр ямаа гэх юм

2015 оны 11 сарын 17

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны А танхимд хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай болон 1995 онд баталж нэг ч удаа хэрэглэж байгаагүй Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Анх энэ хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлсний дараа УИХ-аар хэлэлцэж, улмаар зарчмын зөрүүтэй санал их гарсан учраас хуулийн төслөө буцаан татаж өөрчлөн УИХ-д оруулж иржээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гишүүн асуулт асуув. Тэрбээр, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль гэж ямар хууль гаргаад ирсэн. Энэ нь ямар үр дүнтэй байх талаар шүүмжилсэн юм. Харин ажлын хэсгийн гишүүн Р.Амаржаргал “Ажил яаж явах юм бэ гэж та хэлж байна. Үнэхээр ингээд байхаар ажил яаж явах юм. Байнгын хороонд хүрч ирчихээд ямар асуудал хэлэлцэж байгааг мэдэхгүй. Тэмээ гэхээр ямаа гэж шал өөр юм яриад байхаар яаж ажил явах юм. Ж.Энхбаярын яриад байгаа чинь өөр. Энэ чинь шал өөр бодлого.

Хоёрдугаарт, энэ асуудал чинь өнөөдөр л УИХ-аар хэлэлцэгдэж байгаа юм биш. Хэлэлцэхээ хэлэлцээд, шийдэхээ шийдээд явчихсан. Тухайн үед ямар учиртай баримт бичгийг яагаад хэлэлцэх ёстой вэ гэдгээ нэлээд сайн ярилцсан. Угаасаа улс оронд хөгжлийн стратеги гэж юм хэрэгтэй байдаг юм. Энэ улс оронд зүг чиг алга байна. Стратегийн баримт бичиг маань ямархуу байх юм. Хэн хаана юу хийх юм гэдгийг нэлээд сайн ярилцаж өгсөн. Баримт бичгүүдээ ангилсан асуудал. Энийг УИХ-аар анхны хэлэлцүүлэг хийхэд шийдчихсэн. Зарчмын зөрүүтэй санал их байсан учраас Засгийн газар буцааж татаад асуудлаа өөрчлөөд дахин өргөн бариад хэлэлцээд явж байгаа процесс” хэмээн тайлбарлав.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Энэ бодлогын баримт бичгийг би хувьдаа ойлгохгүй байгаа. Дараалал алга” гэв. Харин Р.Амаржаргал гишүүн “Хэрвээ энэ баримт бичиг шүүмжлэл дагуулж байгаа бол шүүмжлэлийн хариуцлагыг С.Бямбацогт та өөрөө үүрэх ёстой. Яагаад гэвэл та энэ ажлын хэсгийн гишүүн. Ажлын хэсгийн гишүүд муу ажилласан гэж хэлэх байна. Бодлого гэж яриад байх юм. Юуг бодлого гэж хэлээд байгаа юм. Өөрөө нэг юм хэлэх байх. Би ч гэсэн нэг юм хэлнэ. Дагалдаж гарч ирэх тогтоол гэж манай ажлын хэсгийнхэн гаргаж ирсэн. Би бол хувьдаа тогтоол гаргах шаардлагагүй гэж үзсэн” гэсэн тайлбар өгөв.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Хуулийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Энэ хуулиар улсын хөгжлийн үзэл баримтлал, бодлого гэсэн олон улсын загварыг баримталсан юм болов уу гэж харж байна. Мөн дунд, урт, богино хугацааны бодлого гээд хугацаагаа нэлээд тодорхой болгосон байна. Гурван зүйл тодруулъя. Хөтөлбөр, бодлого хоёр ямар ялгаатай вэ. Хөтөлбөрийг хэн батлах юм. Бодлогыг хэн батлах юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Сүүлдээ бүр толгой эргүүлчихлээ. УИХ-ын гишүүдийнх нь толгой эргэж байгаа юм чинь иргэдэд ойлгомжгүй байгаа. Дараалал нь буруу байна гэж С.Бямбацогт гишүүн хэллээ. Намын бүлгийн дарга нар ажлын хэсэгт ороод энэ хууль орж ирсэн гэж ойлгосон. Энэ том хууль дээр намын бүлгийн дарга нь би оролцоогүй гэж хэлэхээр би ч ойлгохгүй байна. Дарааллын асуудлыг ярьж болно. Хууль нь эхлээд батлагдах ёстой байх. Эхлээд бодлого төлөвлөлтийн хайрцаг хийгээд хуулиа батлаад явах нь зөв. Юугаараа ялгаатай юм бэ гэдэг нь зөв. Тогтвортой байх нөхцөл нь яаж хангагдсан юм бэ. Энэ хуулийг бид хэрэгжүүлэхгүй, ямар хариуцлага хүлээх юм бэ гэж асуумаар байна. Сахилгын хариуцлага ногдуулна гээд заачихаж. Гэхдээ ямар хариуцлага хүлээлгэх юм бэ.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: Хууль батлаад гаргачихдаг гэтэл тэрнийг хэрэгжүүлэх гэж чармайдаггүй, зүгээр цаас болгодог асуудал байдаг. Хаа явсан газар иргэд энэ улс оронд чинь хөгжлийн стратеги гэж байна уу. Хаашаа яваад байгаа юм бэ гэж асуудаг байхгүй юу. Энэ улс орон чинь хөгжлийн стратегитай байх ёстой юм. Тэр нь ийм байх юм шүү гэдэг рамыг нь зангидаад өгчихвөл зүгээр гэж бодсон юм. энэ бол төгс төгөлдөр биш. Анх Засгийн газраас үнэхээр хэцүү юм өргөн мэдүүлсэн шүү.

Б.ТОГТОХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна