С.Дэмчиг Хайрхандулаан, Тарагт, Уянга суманд ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

С.Дэмчиг Хайрхандулаан, Тарагт, Уянга суманд ажиллалаа

АН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Дэмчиг Хайрхандулаан, Тарагт, Уянга суманд ажиллалаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга  С.Дэмчиг 11 дүгээр сарын 7-23-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн сумдад ажиллаж, “Цаг үе” сэдэвт илтгэл тавьж байгаа билээ. Энэхүү илтгэлээрээ өнөөдөр бидэнд тулгамдаад байгаа асуудлууд юунаас үүсэв гэдгийг ард түмэнд энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлаж, хэрхэн шийдвэрлэж болох талаар санал солилцож яваа юм. Түүний аялал үргэлжилж, энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Тарагт, Уянга, Зүүнбаян-Улаан сум болон Уянга сумын Жаргалант, Таацын багуудад ажиллалаа.

 

Жаргалантынхан сумын статустай болохыг хүсч байна

Багахан сумын төвөөс дутуугүй олон хүн амтай, хөгжин дэвшиж буй Жаргалант баг нь 2200 орчим хүн амтай. Энэ багт 12 жилийн сургууль, цэцэрлэгээс авахуулаад хэр баргийн суманд байхгүй дэд бүтэц байна. Саяхан хүн эмнэлэгтэй болж, багийн иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч эхэлжээ. Хуучин эмнэлгийн барилга нь хэзээ мөдгүй нурах гэж байсан аж. Тиймээс багийн Засаг дарга хөөцөлдсөөр шинэ эмнэлэгтэй болж авсан байна. Энэ мэтээр багийнхаа бүхий л асуудлыг шийдсэн учир сумын статустай болох асуудлыг хөндөж байлаа. Түүнээс гадна Жаргалант, Таацын багийг шилэн кабельд холбож, интернэттэй болгож өгөх асуудлыг холбогдох хүнд нь дамжуулж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан юм. Дээрээс нь Жаргалант, Таацын багт хот хоорондын унаа байдаггүй гэдгийг хэлж байлаа. Ерөнхийдөө багийн бүхий л иргэд сумын статустай болох асуудлыг хөндөж байв. Хэрвээ сумын статустай болчихвол энэ бүх асуудлыг шийдэх төсөв мөнгөтэй болчих боломжтой аж. Хэдийгээр Уянга суманд төсөв мөнгө ирдэг ч Жаргалант, Таацын багт хөрөнгө оруулалт бараг л өгдөггүй гэдгийг удирдлагууд нь ярьсан. Орон нутгийн хөгжлийн санд тодорхой мөнгө ирдэг ч сумын төв зургаан багтай, хүн ам нь олон учраас саналаар дийлдэг. Тиймдээ ч сумын төв дээрээ л хөрөнгө оруулалтаа хийгээд явчихдаг асуудал ч байгаа юм байна.

Харин Уянга сумын иргэд уул уурхайтай холбоотойгоор газар нутаг нь эвдэрч, сүйрч байгаа асуудлыг нэлээд хөндсөн. Мөн махны үнэ хэтэрхий хямдарч, арьс шир үнэд хүрэхгүй байгаа нь хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа талаар малчид хэлж байлаа. Цагаан идээгээ ч хямдхан борлуулж байна гэх мэт үнэ өртөгтэй холбоотой асуудлыг уулзсан хүн бүр л ярьж байв. Монгол Улс махаа экспортлоод эхэлбэл махны үнэ тогвортой байх болно гэдгийг С.Дэмчиг дарга хэлж байв. Мөн сумын төвийн зарим иргэд, өндөр настнууд тэтгэвэр нэмэх асуудлын талаар ч асууж, тодруулж байлаа.

                                                Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга С.Дэмчиг дээрх сумдад ажиллаж, иргэдтэй уулзсаны дараа “Цаг үе” сэдэвт илтгэлээ тавьсан юм. Илтгэлийн эхэнд тэрбээр засаглалын хэмжээнд гарч байгаа алдаатай бодлогыг ярьсан. Мөн төсөв мөнгөний бодлогын талаар хэлэхдээ:

-Өнөөдөр Монгол Улсын нийт төсвийн 80-90 хувийг уул уурхайн салбарын орлого, татвараас бүрдүүлж байгаа. Нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр гэх мэт. Эдгээр бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ ямар байхаас шалтгаалж манай улсын орлого хэлбэлзэж байгаа юм. Бид 2013, 2014 онд төсвөө батлахдаа тонн зэсний үнэ дэлхийн зах зээл дээр 6500 орчим ам.доллар орчим байх болов уу гэж төсөөлж байсан. Өнөөдрийн ам.долларын ханшаар тооцоод төгрөг рүү шилжүүлбэл 12 сая орчим гэсэн үг. Ийм үнээр зэсээ зарна гэж төсөөлж байсан хэрэг. Гэтэл дэлхийн зах зээл дээр тонн зэсний үнэ есөн сая төгрөг болчихсон, орлого санасан хэмжээнд хүрээгүй. Гэтэл манай УИХ-ын гишүүд улсын төсвийг батлахдаа орлогоо дандаа илүү тооцож ирсэн. Төсөөллөөрөө шүү дээ. Дээрээс нь зарлагаа орлогоосоо ч давуулж төсөөлдөг. Ингээд л Монгол Улсын төсөв жил бүр алдагдалтай байх үндэс суурь тавигдсан.

            Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого ч сүүлийн 10 гаруй жил алдагдсан. Тэр дундаа сонгуулийн өмнөх жил бүр алдагддаг. Хамгийн ойрын жишээ гэвэл 2011, 2012 оны улсын төсвөө батлахдаа ямар ч тооцоо судалгаагүй, зураг төсөлгүй, техник эдийн засгийн үндэслэлгүйгээр нэг их наяд 665 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 2067 барилга байгууламж барихаар улсын төсөвт тусгаж байсан. Тухайн үед 2012 оны сонгууль болох гэж байсантай холбоотойгоор УИХ-ын гишүүд тойргийнхоо сонгогчдоос эерэг үнэлгээ авахын тулд хүчээр шахуу улсын төсөвт янз бүрийн барилга барих мөнгө тусгуулсан. Гэхдээ нэг сургуулийн барилга тэрбум төгрөгөөр барих боломжтой байвал дараа жилийн улсын төсөвт 300 сая төгрөг суулгаад өгчихдөг. Ингээд л энд ч нэг, тэнд ч нэг суурь цутгаад, эсвэл барьж эхлээд л орхичихсон олон барилгатай болчихсон.

Нөгөөтэйгүүр, УИХ-д аль аймгаас сонгогдсон гишүүн хамгийн их байна, мөн аль аймгаас гаралтай УИХ-ын гишүүн олон байна гэдгээсээ шалтгаалж ажил явдаг болчихсон. Уг нь Монгол Улс гэдэг нэг том айл. Тэр айлын хэмжээнд хамгийн түрүүнд шийдэх асуудал юу байна гэдгийг сонгож, ажлаа хийх ёстой. Тэгэхгүй онц шаардлагагүй ажилд төсөв мөнгөө зарна гэдэг үргүй зарцуулалт шүү дээ. Наад захын жишээ татъя. Хэнтий аймгийн нэг суманд сургуульд суралцах боломжтой 350 хүүхэд байхад улсын төсвөөр 800 хүүхдийн сургууль барьж байх жишээтэй. Энэ бол үргүй зардал. Төсвийн мөнгө гэдэг бол угтаа ард түмэн, татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Өнөөдөр бид алхам тутамдаа татвар төлж байгаа. Дэлгүүрээс авч байгаа талх, гурилны үнэд татвар шингэсэн байдаг. Тиймээс ард түмний мөнгийг үргүй зарцуулахгүйн тулд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг маш чамбай хийх ёстой.

Өнөөгийн парламент 2016 оны төсвийг хэлэлцэхдээ шинээр барилга, байшин барих мөнгө суулгаагүй. Өмнө нь бариад эхлүүлчихсэн дутуу барилгуудыг гүйцээж барих үүрэгтэй болчихлоо. Энэ бол хөрөнгө оруулалтын бодлого биш. Бид нэн шаардлагатай байгаа зүйлдээ л хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын бодлого алдагдсан нь  УИХ-ын гишүүдтэй холбоотой. Нөгөө талаар  ард түмэн бид зөв шаардлага тавьж чадаагүйтэй ч холбоотой юм.

            Төсвийн зардлыг хоёр ангилдаг. Нэг нь төсвийн хөрөнгө оруулалтын зардал. Нөгөөх нь урсгал зардал. Тэгвэл урсгал  зардлын бодлого ч бас алдагдсан. 2007 онд манай улсын урсгал зардал нэг их наяд 700 гаруй тэрбум төгрөг байсан. Гэтэл одоо долоон их наяд 800 тэрбум төгрөг болж тав дахин өслөө. Энэ хугацаанд  Монголын хүн ам тав дахин өсөөгүй. Төрөөс иргэдэд хүргэдэг үйлчилгээний чанар, хүртээмж ч гэсэн өсөөгүй. Зөвхөн 2010-2012 оны үед гурван их наяд байсан төсвийн урсгал зардал 2012 онд зургаан их наяд болтлоо өссөн. Яагаад  гэвэл тэр үед  уул уурхайн бүтээгдэхүүнээс орж ирэх орлого өссөн. Тэр үед дандаа л ийм их орлоготой, мөнгөтэй байх юм шиг санаад “шинэ баян цээж өвчтэй” гэдэгтэй адилаар урсгал зардлаа өсгөчихсөн. Урсгал зардлын дийлэнх нь хувийг халамж, тэтгэвэр тэтгэмжид өгч байна.

Өнөөдөр бид зөвхөн уул уурхайгаас л орлого олж байж урсгал зардлаа өсгөөд, түүнийгээ нөхөхийн тулд зээл аваад яваад байж болохгүй. Монголчууд бид гуравхан саяулаа шүү дээ. Тийм болохоор ямар орлого олно, түүгээрээ л амьдрах ёстой. Олсон орлогодоо тохируулаад, зардлаа зөв тооцоод л явах хэрэгтэй юм.  Өөрөөр хэлбэл, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. Гэтэл тэгэхгүй орлогоосоо хэтэрсэн зарлагатай байна. Яах вэ, ойрын хэдэн жилдээ ингээд яваад байж болох л байх. Гэхдээ ирээдүйд улс орон улам хэцүү байдалд орно. Одоо төр барьж байгаа нөхөд 2016 онд шинээр төсвийн хөрөнгө  оруулалт тавихгүй, аль болохоор төсвийг эрүүлжүүлэхээр ажиллаж байна. Хэдий тийм ч нөгөө л сонгууль, ард иргэдийн шахалтаас болоод буруу тийшээ явчих гээд л байна.

Халамжтай холбоотой зарим зүйлийг хэлье. Өнөөдөр яг үнэнийг хэлэхэд халамж шаардлагагүй хүмүүст их очиж байна. Монгол Улсын нийт хүн амын 40 орчим хувийг эзэлж байгаа амьдралын төвшин доогуур хүмүүст нийт халамжийн 56 хувь нь зарцуулагдаж байгаа. Халамж очих ёстой хүмүүстээ хүрдэг гэсэн үг.  Гэвч нийт  халамжийн 28 хувь нь халамжлуулах шаардлагагүй хэсэгт очиж байна гэсэн судалгааг Дэлхийн банкнаас  гаргасан байсан. Бас л халамжийн алдаатай бодлого. Үүнийг ч гэсэн засах шаардлага байна” хэмээн илтгэсэн юм.  Тэрбээр өнөөдөр Бат Өлзий сумдад ажиллаж байна.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж