Сирийн цуст төлөөс

2015 оны 11 сарын 17

 

“Исламын улс” бүлэглэлийн хатуу хяналтад Ракка хотноо амьдарч буй Сирийн энгийн ард иргэд, хүүхэд багачууд, эмэгтэйчүүд Парист урссан цуст хядлагын хариуг төлж байна. Хэт даврагчид Сири, Иракийн газар нутгийн эзэлсэн хэсэгтээ исламын халифатыг тунхаглаж, Ракка хотыг  нийслэлээр нэрлэсэн билээ.

 

“Исламын улс” бүлэглэл Парист халдлага үйлдэж, 129 хүний амийг хөнөөн, 350 гаруй хүнийг шархтуулсны хариуд Францын арми Ракка хотыг агаараас бөмбөгдөж эхэлсэн юм. Францын батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Ракка хот дахь хэт даврагчдын сургуулилтын бүс, зэвсгийн агуулах зэргийг 30 байршлыг агаараас бөмбөгджээ. Сирийн иргэний дайныг ажиглах хүний эрхийн байгууллагаас мэдээлснээр Францын армийн цохилт байгаа онож, энгийн иргэд хохироогүй гэсэн байна. Ракка хотноо Францын армийн цохилт хаа сайгүй дэлбэрэлтийн дуу цуурайтуулж, галт уул дэлбэрэх мэт гэрэл гаргаж байсныг оршин суугчид хэлжээ.

 

Ракка хотын агаарт байлдааны онгоцнууд “ялаа” мэт эргэлдэх болсноор Сирийн энгийн иргэд айдас, хүйдэст автаад буй аж. Ракка хотыг Францаас өмнө ОХУ болон АНУ-ын тэргүүлсэн цэргийн эвслийнхэн агаараас бөмбөгдсөн юм. ОХУ-ын армийн бөмбөгдөлтийн үеэр Ракка хотын орон сууцын дүүрэгт таван энгийн иргэн амь үрэгдсэний дунд хүүхэд байсныг хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ. “Ракка хотын нөхцөл байдлын мэдээллийг авах нь маш хүнд байдаг гэнэ. Учир нь “Исламын улс” бүлэглэл оршин суугчдын харилцаа холбоо, шилжилт хөдөлгөөнд хатуу хяналт тавьдаг аж.

 

Ракка нь Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас нь унагаахын төлөө тэмцэгч босогчдын гарт хамгийн эхэнд орсон хот аж. Улмаар “Исламын улс” бүлэглэлийн гол түшиц газар болсон билээ. Өдгөө “Исламын улс” бүлэглэлд нэгдсэн олон орны иргэд болон тэдний гэр бүлүүд Ракка хотын хүн амын олонхыг эзлэх болжээ. Ракка хотод оршин суугчдын 30-40 хувь нь уугуул Сирийн иргэд байгаа аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна