С.Зориг ба сонгууль

2015 оны 11 сарын 17

Ардчилсан хувьсгалаас хойш 25 жил, хувьсгалын оюун санааны манлайлагч болсон С.Зоригоос хойш 17 жил өнгөрөв. Энэ хугацаанд дөрвөн удаагийн сонгууль болж, тэр тоогоор С.Зориг агсны хэргийг илрүүлэх амлалт өгч, нэг ёсны энэ нь оноо цуглуулах оновчтой тактик болж ирэв. Энэ хэргийг илрүүлэх чин эрмэлзэл байна уу, эсвэл илрүүлэхгүйгээр замхруулах бодлого байна уу гэж эргэлзэхэд хүрчээ. Гэтэл сонгуулийн шуугиан ойртсон энэ үед энэ хэрэгт холбогдуулан С.Зориг агсны гэргий Д.Булган амралтын өдөр эхлэхээс өмнө баривчилсан мэдээлэл шуугиан дэгдээлээ. Цагдаагийнхан сүр дуулиантайгаар хэвлэлийн бага хурал зарласан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэхээс өөрийг хэлсэнгүй. Харин хэвлэлүүд С.Зориг агсны амь насыг хоёр эрэгтэй хүн хөнөөсөн гэдгийг шалгалтын явцад олж тогтоосон учраас хэргийн амьд гэрч Д.Булганыг “Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн” гэж худал мэдүүлсэн гэж үзэн баривчилсан тухай бичиж байна.

Энэхүү мэдээллээс үзвэл түүнийг худал мэдүүлэг өгч, хэргийг илрүүлэх боломжийг төөрөгдүүлсэн гэж үзэж буй бололтой. Бололтой гэдэг нь энэ талаар үгүйсгэсэн эсвэл нотолсон мэдээлэл алга.

Анхаарал татаж буй бас нэгэн мэдээлэл нь Эрдэнэтээс сар гаруйн өмнө энэ хэрэгт холбогдуулан хоёр хүнийг барьж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан тухай. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү энэ хэргийг илэрнэ гэдэгт илтгэлтэй байгаагаа мэдэгдсэн бөгөөд Өргөдлийн байнгын хороонд энэ талаар гомдол ирсэн тухай дурдаад өнгөрлөө.

Харин энэ удаагийн ээлжит баривчилгаа хэрхэхийг урьдчилсан тааварлахад хэцүү. Сонгуулийн өмнөх ээлжит шуугиан байсан уу, эсвэл үнэхээр хэргийг мухарлахад хэрэг болохуйц шинэ сэжүүр гарч ирсэн үү гэдгийг хэлэхэд эрт байна.

Хэрэг гарсан 1998  оны аравдугаар сарын 2-ноос хойш нийтдээ 12 орчим хүнийг энэ хэрэгт сэжиглэж хорьж байжээ. Тэдний тоонд хүн амины хэрэгтэй Энхболд, ижил хүйстэн Нараа, хулгайн хэрэгтэй шар Эрдэнэ-Очир, бэлтгэл офицер Г.Отгонбямба, Баатаржав дүү, гэр бүлийнхнийгээ хөнөөсөн хэрэгтнүүд, ард Батсүх гэхчлэн хүмүүс сэжиглэгдэж байжээ. 2004 оны сонгуульд ялалт байгуулахын төлөө Д.Энхбатыг Францаас барьж ирж, хүчээр хэрэг тулган, эрүү шүүлтэд ч оруулж, эцэст нь өөд болсноор түүнийг хэрэгт буруугүй гэдгийг нотолсон. Энэ хэрэгт өнөөгийн НИТХ-ын дарга Д.Баттулга, Д.Энхбаатар, С.Батчулуун нарыг ч өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн хуулийг батлуулахын тулд С.Зоригийг хөнөөлгөсөн гэсэн хардлагаар сэжиглэж байлаа.  

Д.Булганыг баривчилсан мэдээллээс өмнө буюу 2010 онд хэвлэлээр С.Зоригийг хөнөөсөн алуурчин илэрч, гэмт хэрэгтнийг баривчлахаар цагдаагийнхан явсан тухай мэдээлэл гарч байсан ч Цагдаагийн ерөнхий газраас үгүйсгэж “Илрээгүй. Сэтгүүлчид андуурсан” гэх залруулга гаргаж байлаа.

Ийнхүү үе үе хэрэгт холбогдуулан нэг, хоёр хүнийг баривчилдаг ч өнөөг хүртэл жинхэнэ алуурчныг олоогүй байна. 

Харин энэ удаагийн ээлжит баривчилгаа хэрхэхийг урьдчилсан тааварлахад хэцүү. Сонгуулийн өмнөх ээлжит шуугиан байсан уу, эсвэл үнэхээр хэргийг мухарлахад хэрэг болохуйц шинэ сэжүүр гарч ирсэн үү гэдгийг хэлэхэд эрт байна.

Хэргийг илрүүлбэл мэдээж Монголын улс төр, нийгмийн том зүтгэлтэн бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг эзэнтэй болж, ашиг, оноо авахыг хүссэн улстөрчид түүгээр шоудахгүй болно. Улс төрийн захиалгат гэгддэг энэ хэргийг хэн нэгэнд үүрүүлсэн болоод өнгөрөхөөс илүүтэй үнэнийг олох нь хамгаас чухал билээ. Тиймээс сонгуулийн өмнөх ээлжит шоу биш байгаасай гэж найдъя.

Л.ТӨГС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна