Санал асуулгын хуулийг дэмжив

2015 оны 11 сарын 17

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, гишүүдийн 52.6 хувь нь “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн юм. Ингэснээр эл асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх болж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Н.Батбаяр нарын гишүүд УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байсан юм. Уг хуулийн төслийг УИХ 1995 онд баталж байсан ч нэг ч удаа хэрэглэж байгаагүй. Гэвч өөрчлөх шаардлага үүссэн аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд иргэдээс санал асуухдаа “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу, үгүй юу” гэсэн асуудлаар санал авах нь буруу. Дэмжих боломжгүй маш олон заалт Үндсэн хуулийн өөрчлөлтөөр орж ирсэн. Үүнийг нэг уутанд багтаан санал асуух нь буруу. Зүйл заалт бүрээр нь санал асуух ёстой” гэсэн байр суурь илэрхийлж байлаа. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон. Одоогийн Үндсэн хууль шилжилтийн үеийг зохицуулсан хууль. Тогтолцоогоо өөрчлөөгүй цагт эдийн засгийн хямралыг гэтлэхгүй, засаглалын хямралыг даван туулахгүй. Үүнд парламентад суудалтай бүхий л улстөрийн намын зөвшилцөл хэрэгтэй” гэж байлаа.

Одоо байнгын хорооны хуралдаан түр завсарлаад байна. Нэг цагийн дараа эргэн хуралдаж Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. УИХ-д нэр бүхий дөрвөн хуулийн төсөл өргөн мэдүүлэгдсэн. Энэ бүхнийг хэлэлцэх юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна