Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2015 оны 11 сарын 17

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2015.11.17/ хамтран хуралдаж Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн А.Бакей хийсэн юм.

Ажлын хэсгээс төслийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсгийг “Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хэрэгжилтийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан хугацаанд УИХ-д өргөн мэдүүлнэ”, төслийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсгийг “Засгийн газар улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн жилийн эцсийн хэрэгжилтийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан хугацаанд УИХ-д өргөн мэдүүлнэ”, төслийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг “Бүсчилсэн хөгжлийн бодлогыг Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай, Хот байгуулалтын тухай хуультай уялдуулан боловсруулна” хэмээн өөрчлөн найруулах зэрэг саналууд гаргасан хэмээн УИХ-ын А.Бакей танилцуулгадаа дурдсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Бямбацогт, Д.Ганхуяг, С.Одонтуяа, Су.Батболд нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Үүний дараа Ажлын хэсгээс танилцуулсан болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм. УИХ-ын гишүүн А.Бакейн танилцуулсан дээрх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Ажлын хэсгээс, “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Засаг даргын бүрэн эрхэд үл хамаарах асуудал болон хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй, үндэслэлгүй зорилт, арга хэмжээг тусгахыг хориглоно”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үр дүн нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй” гэсэн заалтуудыг хуулийн төслөөс хасах санал оруулсныг гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Харин Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдсантай холбогдуулж УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж батлуулах санал дэмжигдлээ. Хуулийн төслийг хамтарсан хуралдаанаар ийнхүү хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна