Л.Лхагвасүрэн: Эрлийз адууг үржилд ашиглахад тохиромжгүй

2015 оны 11 сарын 17

Сэтгүүлч:
Өмнөговь

Өмнөговь аймгийн цөм сүрэг үржлийн төвийн захирал Л.Лхагвасүрэнгийн ярилцлагыг хүргэж байна.

- Аймгийн цөм сүрэг үржлийн төвийн даргаар хэдэн ажиллаж байгаа вэ?

- Би аймгийнхаа “Цөм сүрэг” үржлийн төвийн захирлаар 2006 оноос эхлэн ажиллаж байна. Анх манай төв Өмнөговь аймгийн “Говь гурван сайхан” үүлдрийн ямааны чанарыг сайжруулах гол зорилготой байгуулагдсан. Гэхдээ бид мал амьтан, шувууны цөм сүрэг үржлийн асуудалд анхаарал хандуулж аймаг орон нутагтайгаа хамтран ажилладаг. Би “Цөм сүрэг” үржлийн төвийн захирлын ажлыг зургаан жил хийж байна. Үүнээс өмнө Ханбогд суманд болон аймгийн хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газарт тус тус 10 жил ажилласан. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр энэ ажлыг 2006 оноос хийж байгаа.

-Танай аймаг шилмэл адуу шалгаруулах уралдаан зохион байгуулдаг гэсэн. Уралдааныхаа талаар мэдээлэл өгөөч?

- Шилмэл адууны үзэсгэлэн худалдааг Өмнөговь аймгийн төв дээр сүүлийн 10 жилийн хугацаанд адуу олонтой Ханхонгор, Манлай сумдад гурван удаа зохион байгуулсан. Шалгаруулалт дээр гүүний бие хаа, толгойны хийц, сэрвээний өндөр, ташаа, борви гээд биеийн тэнцлүүдийг харна. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд гэхэд л Цогтцэций сумын Шанхын угшилтай, аймгийн Алдарт уяач Батмөнх гэж хүний унаган гүү дэд байранд орлоо. Тэргүүн байранд нь Ханхонгор сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Нарангэрэлийн шарга гүү орсон. Шарга гүү  Шархацарын адуу юм билээ. Ер нь Өмнөговь аймагт Шанхын хийц, Шархацарын адуу нэлээд дөмөгт тооцогддог. Харин энэ жилийн шилдэг азарганы хувьд нутгийн адуу харьцангуй цөөн ирлээ. Энэ нэг талдаа гадны юмыг шүтэх хандлагад орчихсонтой холбоотой. Нөгөө талаар уяачид азарга тавихдаа анхаарах цаг нь болсны илрэл юм.

- 2012 оны шилмэл азаргаар тэгээд хаанахын адуу шалгарав?

- Азарганд Дундговь аймгийн Луус сумаас авчирсан аймгийн Алдарт уяач Батмөнхийн бор азарга шалгарсан. Энэ азарга аймгийн наадамд нэлээд хэдэн удаа түрүүлж айрагдчихсан мундаг адуу байгаа юм. Үр төл нь ч гэсэн аймагт сайн давхиж байгаа. Өнөө жилийн аймгийн баяр наадмаар гэхэд л төл хязаалан үрээ нь айрагдсан. Хоёрдугаар байранд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Д.Цэнд гэж хүний хүүгийнх нь угшилтай хээр азарга орсон. Тэр азаргыг би өөрөө авчирсан юм. Сүүлийн 10-аад жил харж байхад Өмнөговь аймагт адуугаа сайжруулъя гэсэн хүмүүс гаднаас ялангуяа Сүхбаатар, Хэнтий, Дорнод чигээс олон адуу авчирлаа. Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд 10 гаруй азарга, 20 гаруй эр даага шүдлэн үрээ авчирлаа. Энэ бүгд  манай аймгийн адууны чанарыг сайжруулахад их том хөрөнгө оруулалт болж байна.

- Үржил селекцийн тухайд ямар бодлого баримтлах нь зүйтэй вэ?

- Сүүлийн 50 гаруй жил Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймаг бол Монгол улсын адууны чанарыг сайжруулахад баталгаажчихсан нутаг гэж дүгнэлт гарчихаад байгаа. 50 жил гэдэг бол урт хугацаа, адуугаар яривал 3-4 үе юм. Манай аймгийн айраг, түрүү авч байгаа адууг харсан ч тэр, хэвлэл мэдээллээр бусад газрын уралдаан наадмын талаар үзэхэд ч тэр дийлэнх нь Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн гаралтай адуунууд байдаг. Тэр утгаараа манай аймгийн уяачид, малчид зүүн зүгээс адуу их авчирч байна. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас авчирсан Ө.Мөнхтайваны хээр соёолон гэхэд л улсад айрагдаж, аймгийн 80 жилийн ой, Говьшанх-4 бүсийн уралдаанд түрүүллээ. Үржлийн ажлыг ярихдаа говь нутгийнхаа адууг голлон ярих нь зүйтэй болов уу. Манай монголчууд олон зуун жилийн өмнөөс адууг гаршуулж ирсэн түүхтэй. Говь нутагт Монгол адууны 20 гаруй хувийг үржүүлдэг гэсэн тоо баримт бий. Говийн адуу бол цэвэр ардын селекциэр, малчдын өөрсдийнх нь нүдээр, гараар, амьдралаар бий болсон адуу учраас аргагүй л говь цөлийнхөө нутаг бэлчээрт тохирсон байдаг. Манай аймгийн баруун талын нутаг нь Монгол Алтайн нурууны шувтарга уулс. Тэр утгаараа газрын түвшнээс дээш нэлээд өндөр 2800 метр. Зүүн тал нь Шанхын уулс бол далайн түвшнээс дээш 1500 метр, говь талын хэсэг нь далайн түвшнээс 1200 метр. Өндөр нам аль ч нутагт нь адуу тархчихсан байдаг ч баруун тал уулархаг нутгаараа адуу арай цөөнтэй. Төвийн бүс Мандал-Овоо, Ханхонгор, Булган, Цогтцэций, Манлай сумдууд нь арай илүү 7000-8000-аас дээш тооны адуутай. Хурд нь төвийн бүс, зүүн талдаа хадгалагдаж ирсэн түүхэн уламжлалтай. Говийн адуу харьцангуй бие жижиг ч  бэлчээр ашиглах чадвартай, тэсвэр тэвчээртэй. Адууны шир арьсан бүрхэвч харьцангуй зузаан. Байгалийн хэт халуун, их хүйтэнд зохицсон. Монгол эрдэмтдийн бичсэнээр бэлчээр ашиглах чадвар гойд сайн, говийн тачирхан  өвс, харгана, хялгана, хялгана байхгүй бол үндсийг нь малтана. Цастай бол цасыг ухаад бэлчээрээсээ өвсөө олоод идчихнэ. Говийн адууны зүсэнд бараан зүсмийн адуу 70-80 %-ийг эзэлдэг, хар, хээр, хул. Бараан зүсмийн адуу тэсвэр тэвчээртэй, нарны тусгалыг сайн шингээж авна, тэр нь бие организмд нөлөөлдөг. Манай говийнхон ярьдаг л даа адуу барайж өсдөг, цайж цөөрдөг гэж. Энэ нь толгой холбох гээд хэлчихсэн үг ч биш. Монголчууд олон зуун жилийн турш адуу өсгөж үржүүлж ирсэн. Бараан зүс бол говийн адууны үндсэн зүс. Тэр утгаараа дагнан үржүүлээрэй гэсэн өвгөдийн сургаал юм.

- Үржил селекцийн ажлыг ажиглаад байхад манай уяачид өөрсдийн торгон мэдрэмж, амьдралын практикаар хийж байна. Эрдэм шинжилгээ, судалгааны хувьд хангалтгүй байх шиг. Та мэргэжлийн хүний хувьд үржил селекцийн тал дээр ямархуу бодлого баримтлах ёстой гэж боддог вэ? Гүү, азарганы тохироо гээд яриад л байдаг, үүнийг шинжлэх ухааны үүднээс яаж тайлбарлах ёстой юм бэ?

- Адууны асуудлаар сүүлийн таван жил их эрчимтэй ярьж байна. Аймгийн МСУХ-ны сүүлийн зөвлөгөөн дээр гэхэд л үржил селекцийн асуудлаар хүмүүс нэлээд ярилцаж хөөрөлдсөн. Анхны л том сургалт зөвлөгөөн болсон гэж ойлгож байгаа. Би 25 жил малзүйчээр ажилласан. Манай аймаг харьцангуй адуу цөөнтэй, тэр утгаараа үхрээс бусад төрлийн мал тэмээ, хонь ямаан дээр нэлээд ажилласан, хүмүүст ч зөвлөгөө өгч байсан. Азарга гүүний тохироо гэдэг бол анхаарах ёстой асуудал. Манайхан нэгдүгээр үеийн эрлийз азарга авчраад гүүнд гишгүүлээд байгаа нь шинжлэх ухааны талаасаа болохгүй.  Учир нь  нэгдүгээр үеийн эрлийз бол 50%-ийн цустай явж байгаа. Гарах төл нь гүү болон эрлийз адуунаас 50, 50%-ийн цусыг авч гарна. Тэгэхээр эрлийз азарганы төлд цэвэр цусны 25 % л орно гэсэн үг болж таарна. Яг цэвэр цусны азарганд гишгүүлчихсэн бол нутгийн гүүний 50%-ийн цустай, цэвэр цусны 50%-ийн цустай сайн адуу гарч ирнэ. Магадгүй эрлийз гэж авчирсан азарга нь эрлийзийн эрлийз байвал цус нь бага болно, ингэж дамжсан төлийн хурдлах чадвар нь багасна гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээр үеийн эрлийзийг үржилд ашиглах хэрэггүй. Эсвэл эр төлийг нь ашиглахгүйгээр охин төлийг нь ашиглаж болно. Охин төлийг нь дахин цэвэр цусны азарга, эрлийз азаргаар гишгүүлж, цусны хувийг нэмэгдүүлнэ гэсэн үг.

- Адуу малтай ойр байгаа хүн дан ганц судалгаа шинжилгээ хийгээд явдаггүй байх. Морь сонирхож уяа эвлүүлнэ биз?

- Тиймээ. Би одоогоос арав гаруй жилийн өмнө Дэжидийн Баяраа гэж найзтайгаа хамтраад Сүхбаатар аймгаас хэдэн адуу авчирсан юм. Тэгээд үрээ даагыг нь Цогтцэций суманд зарж борлуулаад, охин адууг нь авчирсан. Тэр гүүнүүдээс гарсан бага адуу 3-4 жилийн өмнөөс сум орон нутгийн чанартай наадамд айрагдаж л байна. Би ганц гайгүй азаргатай. Өнгөрсөн жил авчирсан учраас хөөрхий нутагшаагүй тал байлгүй яахав. Энэ жилээс сум багийн ой зэрэг уралдаанд 3-4 удаа айрагдчихлаа. Миний хэдэн адуу Алдарт уяач Нарангэрэлийн маллагаанд байдаг. Би Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат хадам эцэг Д.Цэндийнхээ хүү Цэрэг гэдэг хүнээс азарга авсан. Манай энэ авчирсан азарганы эцэг нь 14-15 настай азарга одоо Сүхбаатар аймагт байгаа. Тэр азарга Сүхбаатар аймгийн Алтан-Овооны даншиг наадамд 500-аас дээш тооны адуу уралдахад шүдлэндээ 7-д давхиж, 2004 онд 9 настай азарга мөн 500 гаруй азарга уралдахад 6-аар орж байсан юм билээ. Тэр азарганы төл есөн настай азарга, нэг соёолон үрээ, ганц нэг гүүнүүд надад бий.

- Хурдан хүлгүүд тань цахиур хагалан давхих тэр мөчид дахин уулзъя. Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай сэтгүүл Өмнөговь аймгийн тусгай дугаар, 2012 он

ЭХ СУРВАЛЖ: www.todmagnai.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна