Манилад “АПЕК”-ын лидерүүд цуглаж байна

2015 оны 11 сарын 17

 

Филиппиний нийслэл Манила хотноо Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (APEC) чуулга уулзалт маргааш /XI.18/ эхлэх гэж байна. Чуулга уулзалтад оролцохоор АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон “АПЕК”-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд Манилад хүрэлцэн иржээ.

 

Чуулга уулзалтаар худалдаа наймааны асуудлаас гадна бүс нутгийн зөрчил маргаан, терроризмын асуудлыг авч хэлэлцэхээр яригдаж байна. “АПЕК”-ын гишүүн Вьетнам, Филиппин, Малайз, Бруней, Тайван зэрэг орнууд Бээжинтэй газар нутгийн маргаан үүсгээд буй Өмнөд Хятадын тэнгисийн маргааныг чуулга уулзалтаар авч хэлэлцэх нь дамжиггүй.

 

Хоёр өдөр үргэлжлэх “АПЕК”-ын чуулга уулзалтад оролцохоор “Их 20” орны бүлгийн гишүүн Хятадын дарга Си Жинпин, Австралийн ерөнхий сайд Малкольм Тернбулл, Канадын Жастин Трюдо нар Туркээс шууд Манилад хүрэлцэн иржээ. Туркт болсон “Их 20” орны чуулга уулзалтаар Парист болсон халдлагын дараа терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр ярилцсан юм.

 

 

Үүний зэрэгцээ Парисын халдлагын дараа Филиппин улсын зүгээс олон орны төр, засгийн тэргүүнүүдийн чуулга уулзалтын аюулгүй байдалд онцгой анхаарал тавьж, хамгаалалтаа чангатгажээ. Филиппиний засгийн газраас “АПЕК”–ын чуулга уулзалтын үеэр аюулгүй байдлыг хангуулахаар Манила хотноо 20 мянга гаруй цэрэг, цагдааг эргүүл, хамгаалалтад гаргажээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна