Долоон настай охиндоо 45 сая еврогийн алмаз бэлэглэжээ

2015 оны 11 сарын 17

 

Хятадын баячууд бэл бэнчингээ дэлхийд гайхуулж байна. Шан­хайн таксичин бай­гаад тэрбумтан болсон Лю Жикан нэгэн алмаз эрдэнийг 158 сая еврогоор үнэ цохин авч олныг алмайруулж байв. Тэгвэл бас нэг хятад тэрбумтан Жозеф Лау саяхан Женев дахь Sotheby дуудлага худалдаанаас “Хөх сар” хэмээх алмазыг 45 сая еврогоор худалдан авч долоон настай охиндоо бэлэг­лэжээ. Тэрээр 12 каратын алмазыг худал­даж авсан даруйдаа “Жозефины хөх сар” хэ­мээн нэрлэсэн байна. Жозеф Лау хоёр жилийн өмнө 26.5 сая еврогоор 16 ка­ратын өөр нэг алмаз худал­даж аваад “Тансаг Жозефин” хэмээн нэрлэж байв.

 

Хятад тэрбумтан дэл­хийн үнэтэй алмаз эрдэнийг үнэ цохин авч до­лоон настай Жозефин, 13 настай Зое охиныхоо нэрийг өгч дэлхийд ал­дарш­сан юм. 2009 онд долоон каратын алмазыг худалдан авч “Жозефины од” хэмээн нэрлэсэн аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард есөн каратын алмаз эрдэнийг 30 сая еврогоор авч “Зоегийн алмаз”, найман сая еврогоор арван каратын бадмаараг хавчаарыг өөрийн болгож “Зоегийн улаан” хэмээн нэрлэж байв.

 

1951 онд Хонконгт төр­сөн Жозеф Лау тэн­гэр гижигдсэн барил­гуу­даараа алдартай Британийн экс колонид үл хөдлөх хөрөнгийн най­маа эрхэлж баяжсан юм. Chinese Estates Holdings ком­панийн гол хувь­цаа эзэмшигч Forbes сэт­гүүлийн дэлхийн баячуудын жагсаалтад 114-т бичигджээ. Түүний хөрөнгө бэл 10.6 тэрбум еврод хүрчээ. Алмазын өргөн цуглуулгаас гадна дэл­хийн шилдэг 10 мянган дарсны агуулах, Энди Уорхолын гараар бүтсэн Мао Зедуны поп хөрөг (16 сая еврогийн үнэтэй) түүнд бий.  Жозеф Лау 2007 онд Sotheby дуудлага худалдаанаас Пол Гагины “Te Poipoi” хэмээх уран зургийг 36 сая еврогоор худалдаж авч байжээ.

 

Лау хэд хэдэн бүсгүй­тэй ханилж олон хүүхдийн эцэг болжээ. Эхний ач, зээ нь бага хүүхдүүдтэй нь чацуу. Хятадын тэргүүн баячууд эзэн хаад шигээ хэд хэдэн эхнэртэй байх нь ердийн үзэгдэл юм. Жозеф Лаугийн худалдан авалт алмаз эрдэнэ, урлагийн бүтээлээр хязгаарлагдахгүй. 2007 онд тэрээр Boeing 787 Dreamliner агаарын хөл­гийн анхны долоон худал­дан авагчийн нэг болж байв. 335 зор­чигчийн багтаамжтай гайхамшигтай нисэх он­гоцыг хувийн хэрэгцээн­дээ зориулж авсан аж.

 

2012 онд Макаогийн шүүх Лауг Португалын экс колонийн түшмэдийг 2.3 сая еврогоор хахуульд­­сан хэмээн хэрэгт татаж 2015 оны зун шийд­вэрээ гаргаж түүнд таван жилийн ял оноосон юм. Жозеф Лау Макаогийн нисэх буудлын орчимд казино байгуулахын тулд авлига өгсөн нь тог­тоогдсон аж. Гэвч Макао, Хонконгийн хооронд хэрэгтэн шилжүүлж авах гэрээ байдаггүй тул Лау шийтгэлээс зайлж чад­жээ. Жозеф Лау том хүү­дээ бизнесийн удирд­лагаа үлдээсэн ч хоёр жаа­хан охиндоо зориулж дэлхийн хамгийн үнэтэй ал­мазуудыг худалдаж ав­саар явна. Хятадад үүнийг эцгийн хайр гэдэг ажээ.

 

Н.МӨНХЖИН

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна