Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс хуралдав

2015 оны 11 сарын 17

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2015.11.17/ боллоо.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, тус комиссын дарга Д.Ганбат, зургаа дахь удаагийн Өршөөлийн хуулийг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтын хүрээнд шүүх байгууллага хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой болохыг тэмдэглэв. Хууль батлагдсанаас хойш Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх байгууллагууд өндөр зохион байгуулалттай, сайн ажилласан болохыг дурдаад талархал илэрхийллээ. Мөн Татварын Ерөнхий газраас комиссын нэрээр ирүүлсэн албан бичгийг танилцуулсан юм. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг хэрхэн ойлгож, хэрэгжүүлэх талаар тодруулга хүсчээ. Тухайлбал, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гарсан гааль, татвартай холбоотой зөрчлийг ил тодоор мэдүүлэх боломжийг хувь хүн, хуулийн этгээдэд олгох зорилгоор Гааль, Татварын албаны зүгээс хяналт шалгалтыг зогсоогоод байгаа бол цагдаагийн байгууллагаас татварын холбогдолтой хяналт, шалгалт хийлгүүлэх хүсэлтийг Татварын албанд ирүүлсээр байгаа юм байна. Мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрхэн уялдуулах талаар, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заалтад татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил хамаарах эсэх, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан “шийдвэр” гэснийг өөрт төлүүлэхээр гаргасан шүүхийн шийдвэр хэмээн ойлгож хэрэгжүүлэх эсэх, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрт татвар төлөгчид нөхөн татвар, алданги, хүү, торгууль, ногдуулсан татварын улсын байцаагчийн акт хамаарах эсэх, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хянагдаж байгаа татварын хэрэг хэрэгсэхгүй болсон тохиолдолд тухайн татвар төлөгчид захиргааны хариуцлага, торгууль, алданги, хүү хүлээлгэх эсэх, 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгоход гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлсэн байхаар заасан тул  уг нөхөн төлөх хохирлын хэмжээг хэрхэн тодорхойлох, хууль батлагдахаас өмнөх хугацаанд татварын хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэгдсэн бол захиргааны хариуцлага ногдуулах эсэхийг тодруулж өгөхийг хүсчээ.

Тус тодруулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон Улсын дээд шүүх, Улсын Прокурорын Ерөнхий газар, Мөрдөн байцаах газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд байр сууриа илэрхийлэв.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрхэн уялдуулах талаар байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, эдгээр хуулийг хэрэгжүүлэх явцад ялангуяа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхдээ Татварын байгууллага, цагдаагийн байгууллага тэргүүтэй холбогдох төрийн байгууллагууд эрх сануулах үйл ажиллагааг хэр явуулж байгааг тодруулж, энэ үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар саналаа хэллээ.

Хэлэлцүүлгийн явцад Татварын Ерөнхий газрын дарга Б.Ариунсан дээрх хуулиудын хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл өгч, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар танилцуулсан юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт үр дүнтэй байгаа бөгөөд олон татвар төлөгч хамрагдах хүсэлтэй байгаагааг тоо баримтаас харж болно гэв. Нийт татварын 98 хувийг бүрдүүлдэг гол компаниудын 50 хувь нь өнөөдрийн байдлаар татварын холбогдолтой зөрчилтэй байгаа. Энэ нь эдийн засгийн тогтолцооноос үүдэлтэй хэмээн үзэж байгаа бөгөөд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд тэнцвэртэйгээр шийдэх боломж бий гэв.

Ийнхүү комисс өнөөдрийн хуралдаанаараа Өршөөлийн хуульд заасан захиргааны зөрчилд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 210 орчим хуульд заасан захиргааны зөрчлийг хамааруулж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Мөн зөрчилд зөвхөн алданги, хүү, торгууль зэрэг хамаарах бол татвар, төлбөр, хураамж зэрэг үндсэн төлбөр нь чөлөөлөгдөхгүй байхаар тогтлоо. Түүнчлэн захиргааны зөрчлийн шийдвэрлэхдээ хууль хэрэглэх эрх бүхий субьектүүд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, харин шүүхийн шийдвэрээр захиргааны арга хэмжээ тооцсон тохиолдолд шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх санал гаргасныг комиссын гишүүд 100 хувь дэмжлээ.

Комиссын хуралдаанд комиссын дарга, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, нарийн бичгийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Ц.Оюунгэрэл болон комиссын бусад гишүүд оролцлоо.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна