Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжих үү?

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжих үү?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.11.17/ хуралдаанаар Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, гишүүдийн 52.6 хувь нь “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор  Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон.  Уг хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүд дараах байр суурь илэрхийлснийг онцлон хүргэж байна.


Ц.Нямдорж: Хууралтад унахгүй

Ард нийтийн санал асуулга явуулах бол УИХ-ын гишүүдийн тоог 99 болгохыг зөвшөөрч байна уу, үгүй юу гэдгээр санал хураах ёстой. Одоо бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжих үү, үгүй юу гэдгээр санал хураахаар явж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хоёр арга бий. Эхнийх нь, УИХ-д байгаа 57 гишүүн зөвшөөрөх, нөгөө нь ард түмнээс санал асууж зөвшөөрүүлэх.

УИХ-аас 2010 онд баталсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хууль санаачлагч /Н.Батбаяр гишүүн/ огт уншаагүй байна. Мань мэт нь ийм хуурталтад унахгүй. Та нар хууран мэхлэлт явуулж чадахгүй. Журмын тухай хуулийг сайн уншаарай. Үндсэн хуулийн суурь зарчмыг өөрчилсөн нэмэлтийн тухай ярьж болохгүй гээд биччихсэн. Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог зарчим суурь зарчим. Одоо энэнд хөнгөн хэлбэрээр өөрчлөлт оруулна гэвэл 2010 онд баталсан Үндсэн хуульд нэмэлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаас аргагүй. Энэ хуулиа уншаарай.


М.Энхболд: Намуудын дөрөвний гурав нь дэмжихгүй байгаа

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл бий. Засч янзлах анхаарах шаардлага бий боловч өнөөдөр бололцоо байхгүй. Өнгөрсөн есдүгээр сарын 6-нд улс төрийн намуудын удирдлагуудыг оролцуулсан үндэсний зөвшилцлийн 13 дахь удаагийн уулзалт хийсэн. Түүнд оролцсон Монголын улс төрийн намуудын дөрөвны гурав нь энэ УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх боломжгүй гэж дүгнэж байгаа.

Хоёрт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан төсөл нь ажлын хэсгийн гишүүдийнхээ санаа бодлыг бүрэн дүүрэн тусгаагүй. УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож байгааг яриагүй, таван жилийн хугацаатай сонгогдохыг ажлын хэсэгтэйгээ яриагүй. Ард нийтийн санал асуулга явуулахаа ч ажлын хэсэг дээр яриагүй. Нэг хүн хуйвалдааны зарчмаар оруулж ирсэн гэж харахад хүргэж байгаа. Гуравт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн дүгнэлт гаргасан УИХ-ын дэд дарга Л.Цог гарын үсгээ зураагүй байгаа. Дөрөвт, нэг үйл ажиллагаа хийхийн тулд нэг хууль өөрчилж байгаа нь буруу. УИХ нэг компанид зориулж, нэг хүнд зориулж хууль гаргадаггүй.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн тулд Үндсэн хуулийг хамгаалж буй бүхий л хуулийг өөрчлөхөөр оруулж ирж байна. Он гарахад 40-50 хоног үлдлээ. Цаг хугацаа талаасаа боломжгүй.

Улс төр, эдийн засаг самуурсанд Үндсэн хууль буруугүй. Энэ хуулийг 25 жил мөрдөж байгаа. Улс орны тулгамдсан асуудлыг зохицуулаад явж байсан. Яаран сандран өөрчлөлт хийх хэрэггүй.


Г.Уянга: УИХ-ын сонгуультай хамт санал асууж болно

Хувьсгалын хоёр зам байна. Тайван замын хувьсгал бол Үндсэн хуулийн өөрчлөлт. Олонхийн зөвшилцлийг хангахын тулд энэ асуудлыг оруулж ирж байгаа нь зөв. МАНАН-гийн зөвшилцлийг ард түмэн хүлээж авахгүй болсон учраас ард түмнээр хэлэлцүүлье гэж байна. Өөрчлөлтүүдийг яриад санал асуулгаа явуулах нь чухал. Томъёоллыг УИХ батална. Ямар томъёоллоор санал асуулгаа батлах вэ гэдгээ энд ярилцаж шийднэ. Өмнө нь маргаантай асуудлыг нэг ч удаа ард түмнээсээ асууж байгаагүй. Өөрчлөлт оруулах асуудал зөвхөн энэ биш.

Тэгэхээр би УИХ-ын сонгуультай хамт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхээ хамтад нь аваад явуулах бололцоо бий гэж хэлэх гээд байна. Төсөв зардал хэмнэнэ, ард түмэндээ хангалттай таниулах бололцоотой болно.


М.Батчимэг: Засгийн газарт эрх мэдэл олгох ёстой

Зөвшилцөлд хүрэх орон зай нь байгаа бол өөрчлөлт хийгээсэй гэж бодож байна. Дараагийн дөрвөн жилд улс орны эдийн засаг битгий хямраасай, энэ УИХ-аас илүү Засаг огцруулах, сайд огцруулах тухай битгий яриасай. Дараагийн дөрвөн жилд ард түмний амьдралыг илүү өөд татах боломж гараасай. Үндсэн хууль руу бүх бурууг чихэж болохгүй. Үндсэн хууль Монголд ахиц дэвшил авчирсан. Гэхдээ 23 жилийн дараа өөрчлөлт хийх шаардлага бий болсон. Би хувьдаа энэ УИХ-ын үлдэж байгаа хугацаанд нэн тэргүүнд хийх ёстой ажил бол Засгийн газарт бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг нь олгох. УИХ-аас хамаарал багататайгаар эдийн засгаа хөгжүүлэх боломжийг Засгийн газартаа өгөх. Үүний тулд Ерөнхий сайд нь сайд нараа томилдог болох, УИХ эцэс төгсгөлгүй сайд нар огцруулах асуудлыг хэлэлцдэг ард түмний санаа бодлыг тогтворгүй болгож байгаа, УИХ-ын нэр хүндийг унагаж байгаа энэ байдлаасаа салах ёстой.

2012 оны сонгуулийн тогтолцоо их зүйлийг өөрчилсөн. Сонгуулийн холимог тогтолцоогоор олонхи төрөх магадлал бага. Дараа нь ямар ч нам сонгуульд яллаа ч Ерөнхий сайд нь эрх мэдэл багатай, олон намын зөвшилцлөөр Засгийн газар бүрдэнэ. 2012 оны сонгуульд Ардчилсан нам ялаад өнөөдөр ийм болсон юм биш, сонгуулийн тогтолцоо ийм болгосон. Тийм учраас дараагийн дөрвөн жилд хямрал багатай улс орон бий болгоё гэвэл УИХ-ын бүрэн эрхийнхээ хугацаанд хийх ёстой ажил бол Засгийн газарт эрх мэдэл олгож, улстөржилтөөс салж УИХ хууль тогтоох ажилдаа орох.


Х.Тэмүүжин: Хүний эрхийг хэрчинэ

Одоогийн Үндсэн хууль бол шилжилтийн Үндсэн хууль. Бид судлаачдынхаа үгийг авдаггүй. 2007онд судлаачид загвар Үндсэн хуулийн төслийг боловсруулж байсан. Монгол Улс шилжилтийнхээ Үндсэн хуулиар явбал цаашаа улам бүр тогтолцооны гажиг руу орж, гажигтай ардчилал улам бэхжинэ. Энэ нь өөрөө хүний эрхийг хэрчээд шударга ёсыг үгүй хийгээд, эдийн засгаа мөлхүүлээд дуусна гэдэг дүгнэлт 10 жилийн өмнө гарсан. Энийг ухаалаг харах ёстой.

Улс орнуудыг ажиглахад тогтолцооныхоо гажгийг засахаас илүүтэй энэ нь хүний хүчин зүйлээс шалтгаалж байна гээд сайн удирдагч хайгаад явсан нь ихэнхдээ мөхлийн ирмэг рүү таагүй дүр зураг олсон байдаг. Нэг бол дарангуйлагчийн диктатур, эсвэл цэргийн хагас диктатур тогтдог. Тогтолцоогоо сайжруулах гэж оролдсон улс орон бүр эдийн засгийн хувьд бэхжиж, хүний эрх нь сайжраад иргэдийн амьдралын чанар дээшилсэн байгаа. Тийм учраас өнөөдрийнхөөс муу үр дагавар гарсан ч алдаанд хүрэхгүй байх тогтолцоонд хүрэх нь бидний сонголт. Өнөөдөр өргөн баригдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд авах ч юм бий, хаях ч юм бий. Тогтолцоогоо сайжруулахын тулд хамтраад сууж ярих цаг нь болсон.


С.Баярцогт: Цаг хугацаа байхгүй гэдэг буруу

Ардын намынхан цаг хугацааны хувьд хязгаарлагдмал гэж ярьж байгаа. 1992 онд баталсан ардчилсан анхны Үндсэн хуулийг 76 хоног хэлэлцээд баталж байсан. 430 депутаттай байсан. Хэлэлцүүлгийг хангалттай хийж амжиж байсан. Бидэнд одоо 60 хоног бий. Цаг хугацааны хувьд хязгаарлагдмал гэдэг бол буруу.

 


Н.Батбаяр: Ард түмнээс асуухаас айгаа юу?

Ард нийтийн санал асуулга явуулахын тулд нийт сонгогчдын 50-иас дээш хувь нь оролцсон байх шаардлагатай. 50-иас дээш хувь нь саналыг дэмжсэн байвал хүчинтэйд тооцно. Ард түмний зүгээс дэмжиж буй асуудлыг нь л Үндсэн хуульд оруулна. Ард түмний сонгоогүй ямар нэг өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахгүй. Тэгэхээр 23 жилийн дараа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах боломжийг ганцхан ард түмэн л сонгох болно. Нөгөөтэйгүүр ард түмэн Үндсэн хуульд заасан “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасны дагуу эрхийг нь эдлүүлье. Ард түмний санааг зовоосон олон асуудал, намуудын талцал зэргийг олон түмнээрээ шийдье гэсэн үүднээс уг хуулийн төслийг өргөн барьсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал ганцхан өнөөдөр яригдаагүй. 1992 онд ардчилсан Үндсэн хуулийг цагаас хойш л яригдаж байгаа. 2012 оны сонгуулийн дараа ажлын хэсэг гарч ажилласан. Ажлын хэсгийн зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдэг дүгнэлт гаргасан. Бусад улс орныг харахад тогтвортой төр, тогтвортой бодлоготой байдаг учраас хөгжиж байна. Монгол Улсад энэ нөхцөл нь бүрдээгүй байна. Өнгөрсөн хугацаанд 14 Засгийн газар ажилласан. Нэг засгийн газар хоёр жил хүрэхгүй хугацаанд ажилласан байдаг. Мөн долоон Засгийн газрыг огцруулсан. Төр засгийг тогтвортой байлгах тогтолцоог нь бий болгохын тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаас аргагүй. Ардын нам яахаараа ард түмнээсээ асуухаас айгаад байгаа юм бэ?. Төр, түмэн олон хоёрын чинь дунд түймэр дэгдэх гээд байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж