Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Р.Бурмаа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Су.Батболд нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 100-92.9 хувийн саналаар төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Эдгээр хуулиудыг чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа ажлын хэсэг гарган, нэгтгэхээр болж байна.

Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын гишүүдийн боловсруулсан Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тусад нь хэлэлцэх ёстой хэмээн үзлээ. Ингэхдээ уг хуулийг мөн хэлэлцэхийг нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэсэн.

Уг хуулийн төсөл нь Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлттэй холбогдож гарсан зохицуулалт туссан тул ийн тусад нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Онцлоход, Р.Бурмаа нарын гишүүдийн боловсруулсан хуулийн төсөлд УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгуулийн тухай зохицуулалт туссан бол Су.Батболд, О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн төслүүдэд УИХ-ын сонгууль зохион байгуулахтай холбоотой зохицуулалт суусан юм. Эдгээрт ижил болон өөр зохицуулалтууд  олон бий. Жишээ нь, Р.Бурмаа нарын өргөн мэдүүлсэн Сонгуулийн нэгдсэн хуульд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор буюу 48х28-аар, Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн төсөлд мөн одоогийн тогтолцоогоо хадгалахаар тусгасан. Гэхдээ нэг тойрогт нэг намын хоёр хүн нэр дэвшиж саналаа хуваадгийг болиулж хаалт тавьсан зохицуулалт тусгасан. Харин О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд Монгол Улс нэг тойрог байхаар заасан нь намаа дугуйлахын хажуугаар хүнийг нь хамтад нь дугуйлах зарчим юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор мөн Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн ч эхлээд хуулийг баталсны дараа тогтоолыг нь хэлэлцэх нь зүйтэй юм хэмээн үзлээ.

Энэхүү тогтоолоор санал асуулгыг зохион байгуулах тов тогтоохтой холбоотой зохицуулалт туссан юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж