Дуурийн дуучдыг Италид бэлтгэнэ

2015 оны 11 сарын 17

Гадаад хэргийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ сарын 18-19 өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Франц улсад төрийн албан ёсны айлчлал хийж буй. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус нар тус тус бараалхана. Мөн хоёр улсын Засгийн газар болон байгууллага хооронд хамтран ажиллах хэлэлцээ, санамж бичигт гарын үсэг зурах юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ удаагийн айлчлал эртнээс яригдаж, хоёр улс хооронд тохиролцсон байсан. Иймээс Францын Парис хотноо болсон террорист халдлага гарсан гээд айлчлалыг шууд цуцалж, хойшлуулж болохгүй байсан гэж Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ. Дахин энэ сарын 30-нд Франц улсын Парис хотноо болох Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар НҮБ-ын конвенцийн оролцогч талуудын бага хурал, дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно. Энэ уулзалтад бэлтгэх ажил үргэлжил буй аж. Одоогоор уг уулзалтад дэлхийн 120 гаруй орны төрийн тэргүүн нар оролцохоо мэдэгджээ.

Бүгд найрамдах Итали улсын Элчин Монгол Улсад байгуулагдана

Өнгөрсөн аравдугаар сарын 23-24 ний өдрүүдэд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд найрамдах Итали улсын Гадаад хэргийн сайдын урилгаар тус улсад айлчлаад иржээ. Тус айлчлалын хүрээнд хоёр тал соёл, боловсролын салбарт хамтран ажиллах хэлэлцээ байгуулсан байна. Тухайлбал БНИУ-д Монголын дуурийн дуучдыг тэтгэлэгт хамруулж сургахаар болсон юм. Мөн ирэх онд БНИУ манай улсад өөрийн Элчин сайдын яамаа байгуулахаар тохиролцжээ.

МУ-ын Элчин сайдын яамнаас иргэддээ сэрэмжлүүлэг хүргэжээ

Монгол Улсын Элчин сайдын яамдаас сэрэмжлүүлэг гаргажээ. Тодруулбал өнгөрөгч Бямба гаригт Исламын улс бүлэглэлийн амиа золиослогчид Францын нийслэл Парис хотноо террорист халдлага үйлдэж, олон хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл удахгүй  Исламын улс бүлэглэл Москва, Вашингтон, Нью-Йорк хотод халдлага үйлдэнэ хэмээн мэдэгдсэн байна. Тиймээс Москва, Вашингтон хотод суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргаж, энэ зэвсэгт мөргөлдөөний золиос болохоос сэргийлж ойрын хугацаанд олон хүн цугласан газраар явахгүй байхыг монгол иргэддээ анхааруулжээ.  Халдлага үйлдэгчид хүн ам ихээр төвлөрсөн спорт, урлагийн тоглолт зэргийг сонгож буй учраас анхаарал болгоомжоо дээшлүүлэхийг иргэддээ сануулсан байна. Гэхдээ зөвхөн манай улсын элчин сайдын яам ч бус бусад улсын элчин сайдын яамд ч иргэддээ сануулга хүргэж эхэлсэн аж.

Д.УЛАМБАЯР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна