М.Ичинноров: Хүүхэд хохирвол төр хамгаалалтад авдаг

2015 оны 11 сарын 18

УИХ-ын чуулганаар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүд хэлэлцэгдэж байгаа энэ үед гарын авлага болохуйц, олон улсын стандартыг нутагшуулах, сайн туршлагаас суралцах боломжийг нээсэн "Хүүхэд хамгааллын олон улсын стандарт" ном хэвлэгдэн гарлаа. Түүнийг танилцуулах уулзалт өчигдөр Хувь хүний хөгжлийн институтын танхимд болж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенес, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай, Хүүхдийг ивээх сан, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөлөл оролцов.

Номын зохиогч, Хүний эрхийн хуульч М.Ичинноров “Монгол хүүхэд бүр айдсаас ангид, хүчирхийллээс хамгаалагдсан, хайрлагдсан тийм л нийгмийг томчууд бид бүтээх үүрэгтэй. Тэдний бие махбод, сэтгэл санаа, оюун ухааныг хөгжүүлэхийн төлөө гар гараа барилцан зүтгэцгээе. Ийм эрх ашгийн төлөө эв эе, ойлголцол, хайр хамгаас илүү үгүйлэгдэж байна. Яг одоо... ” хэмээн нээлтийн танилцуулга дээр онцоллоо.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Ном бичнэ гэдэг амаргүй хөдөлмөр. М.Ичинноровтоо баяр хүргэе. Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа үед “Хүүхэд хамгааллын олон улсын стандарт”-ыг олны хүртэл болгож байгаа нь онцгой ач холбогдолтой. Улсын хөгжлийг сайхан байшин барьснаар нь хэмждэггүй, харин ирээдүйд үр хойчдоо байшин барих арга ухаан, улс орныг авч явах, хөгжүүлэх чадварыг хэр зэрэг түвшинд суулгаж өгөв гэдгээр тодорхойлогдоно” гэлээ.

Хүүхдийн эсрэг нийгэмд үйлдэгдэж буй бүх хэлбэрийн хүчирхийллээс тэднийг урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг нь хангах, хүүхэдтэй хамааралтай ажилладаг бүх байгууллага \хууль хяналтын, эрүүл мэнд, боловсрол, иргэний нийгэм, олон улсын байгууллага\ ажилтнуудын болон хууль тогтоогчид, бодлого боловсруулагчид, бүх түвшинд засаглалыг хэрэгжүүлэгчид, судлаачдын олон улсын хууль тогтоомжийн мэдлэгийг өсгөх, хандлагыг өөрчлөх, мэдрэмжтэй болгоход зориулж уг номыг туурвижээ. Энэ талаар номын зохиогч, Хүний эрхийн хуульч М.Ичинноровоос тодрууллаа.

-Манай улсад хүүхдийг хүчирхийллээс хамгаалах урьдчилан сэргийлэх тогтолцоо сул байна. Энэ чиглэлд зориулагдсан олон улсын туршлага, стандартыг нэгтгэсэн гарын авлага гэж ойлгож болох уу?

-Хүүхдийг хүчирхийллээс хамгаалахын тулд хамгийн түрүүнд хүчирхийлэл үйлдэгдэх, гэмт хэргийн хохирогч болохоос өмнө урьдчилан сэргийлэх нь чухал. Манай улсад үгүйлэгдэж байгаа зүй бол яах аргагүй урьдчилан сэргийлэлтийн тогтолцоо. Ийм тогтолцоо бүрдээгүйгээс олон хүүхэд хүчирхийллийн золиос болж байна. Саяхны нэг жишээг татахад л, дөрвөн настай охины амиа алдсан золгүй хэрэг. Тэр хүүхэд хүчирхийллийн орчинд амьдарч байсныг олон хүн мэдэж байсан ч мэдээлээгүй. Туслалцаа үзүүлээгүй. Урьдчилан сэргийлэх тогтолцоонд, олон улсын стандартад мэдээлэх үүрэгтэй хүмүүсийг хуулиар үүрэгжүүлж өгдөг. Энэ нь нэг талаараа хүүхдийн хүчирхийллээс хамгаалах нэг төрлийн хамгаалалт болж буй юм. Гэтэл манайд байдаггүй.

Урьдчилан сэргийлэх тогтолцооны бас нэг чухал хэсэг нь эрх зүйн хамгаалалт. Ямар үйлдлийг гэмт хэрэгт тооцох вэ гэдгийг хуулиараа хуульчилж, тодорхой тусгаж өгдөг. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл бол гэмт хэрэг юм аа гэдгийг хуулиндаа тодорхой зааж өгмөөр байна. Ингэснээр нийгэмд хүүхдийг хүчирхийлж болохгүй, үүнийг гэмт хэрэгт тооцно гээд мэддэг болчихвол эрх зүйн маш том хамгаалалт болж чадна.

Мөн хүүхэд нэгэнт хохирогч болсон бол яах вэ гэдгийг хууль зүйн зохицуулалтанд оруулдаг юм байна. Хүүхэд хохирогч болбол хамгаалалтад авна. Хэн хамгаалалтад авах вэ гэхээр төр. Төр яаж хамгаалалтад авах вэ гэхээр мэдээллийн нууцлалыг хадгалахаас эхэлнэ. Шаардлагатай бол хүчирхийлэл үйлдэгчээс тусгаарлана. Нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Сэтгэл зүйн туслалцаа үзүүлнэ. Шаардлагатай тохиолдолд эд материалаар туслах, нүүлгэн шилжүүлэх зэргээр хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах ёстой.

Байцаан шийтгэх процессын бүхий л туршид тухайн хүүхдийн дэргэд тусгай ажилтан ажиллуулдаг. Тэр ажилтан нь хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг сайн мэддэг, ойлгодог, туслалцаа үзүүлдэг үүрэгтэй. Өнөөдөр манайд энэ стандарт нэвтрээгүй байх жишээтэй. Энэ мэтчилэн маш олон нарийвчилсан стандартууд бий.

-Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж батлахдаа дээрх олон улсын стандартуудыг нутагшуулах шаардлагатай юм байна даа?

-НҮБ-аас гаргасан 17 загвар стратеги гэж бий. Энэ нь гурван үндсэн хэсэгтэй. Урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын, шүүн таслах үйл ажиллагааны явцад хүүхэд хохирохоос хамгаалах гэсэн стратеги байна. Улс орнуудад үүнийг нэвтрүүл, хуулиндаа тусга гээд гаргасан хэрэг. “Хүүхэд хамгааллын олон улсын стандарт” номоо хууль тогтоогч нарт, энэ чиглэлээр ажилладаг бүх хүмүүст, тэр дундаа цагдаагийн ажилтнууд, боловсролын байгууллагынханд гарын авлага болгоод өгч байгаа юм. Зүйрлэж хэлбэл, “хоол” болгоод өглөө, үүнийг халбагдаад мөлжөөд хэрэглээрэй л гэж хэлмээр байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна