“Харвони” эмийг хоног тоолон хүлээсээр...

2015 оны 11 сарын 18

Элэгний С вирусийн эсрэг “Харвони” эмийн хүлээлт их байна. Эрүүл мэнд, спортын яамны өгч буй мэдээллээр энэ сардаа багтаж “Харвони” эмийг Монголд оруулж ирнэ гэсэн. Гэхдээ яг хэдэнд гэдэг нь тодорхойгүй байна. Уг нь Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа өнгөрөгч баасан гаригт “Элэгний эм яг долоо хоногийн дараа орж ирэхээр болсон” гэж мэдээлсэн ч цаанаасаа бараа нь ачигдаагүй гэх шалтгаанаар дахин тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэв.

Энэ зуур иргэдийн дунд “Харвони” эм хэзээ ирэх вэ? гэдэг асуулт хариултгүй хэвээр л байна. Учир нь элэгний С вирусийн эмийг хоног тоолон хүлээж буй, өвчин нь хүнд шатандаа орсон 50 мянга гаруй хүн байгаа юм. Энэ бол зөвхөн өвчин нь хүнд шатандаа орсон, өнөө маргаашгүй эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай хүний тоо. Үүний цаана дахиад 150 мянган хүн бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад элэгний С вирустэй хүний тоо одоогоор 200 мянга гаруй гэж тоологдож буй. Одоогоор гэхийн учир нь Монголын нөхцөлд элэгний С вирус тархах магадлал өндөр хэмээн эмч нар сануулсаар байгаа юм. С вирус ариутгалгүй, бохир орчинд арьс салстыг гэмтээсэн үйлчилгээ авахад халддаг. Тухайлбал, ариутгаагүй багаж хэрэгсэл, орчинд чих, хамар цоолох, шивээс, шүдний эмчилгээ хийхэд С вирус халдах өндөр магадлалтай. Ялангуяа шаардлага хангасан, хангаагүй олон шүдний эмнэлэгтэй Монголын нөхцөлд С вирус халдварлах нөхцөл бүрдсэн гэж хэлж болохоор байдаг аж. Дээрээс нь С вирустэй эхээс урагт, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдварлах магадлал өндөр.

Эрүүл мэнд, спортын яамны мэдээлснээр эхний ээлжинд 1600 хүнд “Харвони” эмийг олгоно гэсэн. Харин хоёр дахь үе шат нь ирэх оны хоёрдугаар сард 2000 хүнд олгоно. Иргэдийн хувьд итгэмжлэгдсэн 10 лабораторид очиж С вирусээ шинжлүүлж байгаа. Тэгвэл эхний ээлжийн 1600 хүний тоо аль хэдийн гүйцжээ. Одоо шинжилгээ өгөх иргэдийн хувьд 2016 оноос наашгүй болох нь.

Ямартай ч элэгний эмнэлэг, шинжилгээний лабораториуд “Элэгний эм хэзээ ирэх вэ” гэж асуусан иргэдээр дүүрээд байна.

Монгол Улсын иргэдийн элэгний өвчнөөр нас баралт нь үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Зөвхөн С вирус ч гэлтгүй Монгол Улсын хэмжээнд элэгний гурван төрлийн вирустэй 400 мянга гаруй иргэн бий гэх судалгаа гарсан. Мөн Монгол Улс элэгний хавдрын нас баралтаар дэлхийн дунджаас найм дахин их гэдэг. Элэгний өвчлөлтэй холбоотой бараан тоонуудыг дурдаад байвал урсаад л байна.

Нэгэнт байдал ийм болсон үед дэлхийн зах зээлийн үнээс 99 хувиар хөнгөлж, нэг курсийг нь 1200 ам.доллароор олгох, 98 хувийн эдгэрэлттэй гэх “Харвони” эмийн хүлээлт их байхаас яах вэ. Ийм л учраас иргэд “Харвони” эмийг хоног тоолон хүлээсээр...

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна