А.Баярцэцэг: Нэг баг болж намайг дэмжээрэй

2015 оны 11 сарын 18

Австрийн нийслэл Вена хотноо “Эх дэлхийн мисс-2015” буюу “Miss Earth” тэмцээн энэ сарын 18-нд эхлэх юм. Тус тэмцээнд дэлхийн 95 орны мисс өрсөлдөж байгаагаас Монгол Улсаа төлөөлөн “Miss Mongolia-2015” тэмцээний тэргүүн мисс А.Баярцэцэг оролцож байна. А.Баярцэцэг өнөөдөр Австри улсыг зорьсон бөгөөд түүнтэй бид явахаас нь өмнө ярилцлаа.

-Юуны өмнө “Miss Earth-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа танд баяр хүргэе. Энэ тэмцээний шалгаруулалт хэрхэн явагдаж байна вэ?

-Энэ удаагийн тэмцээнд 95 орны миссүүд оролцож байна. Бид гурван долоо хоногийн турш Австрийн Вена хотод байна. Энэ хугацаанд 12 шалгуур үзүүлэлт болох бөгөөд үүн дээр одоо явж байгаа сошиал хандалтын дүн нөлөөлнө. Эндээс шилдэг 16 мисс шалгарч финалын шалгаруулалтын өдөр буюу арванхоёрдугаар сарын 5-д шөвгийн найм болон хагас шигшээд өрсөлдөх миссүүд тодорно. Гурван долоо хоногийн турш миссүүд олон хөтөлбөр, шалгаруулалтад орох бөгөөд шүүгч нар үнэлгээгээ өгөөд явна. Мөн бидний нэг гол авах үнэлгээ бол улсынхаа тухай танилцуулсан видео болон фотог шэйрлэсэн санал тооцогдоно. Шалгаруулалтад лайкийн тоо тооцогдохгүй бөгөөд зөвхөн фэйсбүүк, твиттерт шэйрлэснээр санал тооцогдоно. Фото болон видео төрөлд түрүүлсэн миссүүд топ 16-д автоматаар орно. “Miss photo” шалгаруулалтад өөрийн орны мисстээ саналаа өгөхийн тулд www.missearth.tv холбоосоор орох юм.

-Тэмцээнд оролцож буй миссүүдээс таньдаг мисс байгаа юу? Бусад орны миссүүдийг хэр судалсан бэ?

-Румыны мисс байгаа. Бид өнгөрсөн онд Япон улсад болсон “Miss international-2014” тэмцээний үеэр танилцаж, найзууд болсон. Өнгөрсөн жилийн тэмцээний туршлагаас харж байхад өрсөлдөгч миссүүдийг судлах нь сайн талтай биш санагдсан. Сэтгэл зүйн тоглолтууд их орж ирдэг. Хэн ирэхийг нь мэдэж байгаа болохоор өөрөө өөрийгөө сайн бэлдэх л чухал байдаг.

“Эх дэлхийн мисс-2015” тэмцээний шалгаруулалтын тухайд дээр хэлсэнчлэн интернэт дэх хоёр санал асуулга чухал байгаа. Тиймээс “Miss Earth-2015” гэсэн фэйсбүүк, твиттер хаяг руу ороод оролцогчоо дэмжих хэрэгтэй. Миний хувьд энэ тэмцээнд оролцсоноор эх орноо дэлхий дахинд сурталчлан таниулах, эргээд эх орондоо жуулчдыг татах зорилготой. Энэхүү видеог үзээд олон орны хүмүүс сэтгэгдлээ бичиж байна. Одоо хандалт нь 120.000-д хүрчихлээ. Энд хэдийгээр намайг дэмжиж байгаа боловч цаана нь бид эх орноо дэлхий дахинаа сурталчлахад хамтдаа байна гэсэн үг. Би амжилттай оролцохын тулд хичээх болно.

-Таныг “Miss international-2014” тэмцээнд оролцож байхдаа каллиграф уран бичлэг бичиж байсан гэсэн?

-Би хоёр дахь удаагаа Олон улсын миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байна. Анхны тэмцээн бол Японд болсон “Miss international-2014” тэмцээн юм. Энэ тэмцээний шилдэг 10-т багтаж чадаагүй ч гэсэн авьяаслаг миссийн тоонд орсон. 80-аад орны гоо бүсгүйчүүдээс авьяаслаг 10 оролцогчийг хүндэтгэлийн хүлээн авалтын арга хэмжээнд тоглуулсан. Эндээс долоо нь үндэсний бүжгээ бүжиглэж, хоёр нь дуу дуулж байсан. Би салса, бачата, меренге, кизомба зэрэг латин америк бүжиг бүжиглэдэг. Гэхдээ тэр тэмцээн дээр үндэснийхээ урлагийг харуулсан, содон үзүүлбэр харуулахыг хүссэн. Тэгээд “наран” гэдэг үгийг монгол уран бичгийн каллиграф үзүүлбэр үзүүлэхээр бэлтгэсэн. Япон улсад каллиграф урлаг их хөгжсөн бөгөөд энэ үгийг сонгосон нь үзэгчдэд ч их таалагдсан. Тэр үед надад маш сайхан санагдаж байлаа. Энэ бичгийг анх “Бичиг, соёл” үндэсний каллиграфын төв, уран бичээч М.Баярманлай багш надад зааж өгсөн.

-Энэ удаагийн “Miss Earth” тэмцээн дээр калиграф бичгийг бичиж үзүүлэх үү?

-Бэлдсэн номер бий. Энэ удаа үндэсний бүжигтэйгээ хослуулаад каллиграф бичгийг үзүүлнэ. М.Баярманлай багшийн удирдлагын дор бүх номеруудаа бэлдсэн байгаа.

-“Miss Mongolia-2015” тэмцээний үеэр “Миний боловсрол дэлхийд өрсөлдөнө” сэдвээр Англи, Испани хэлээр илтгэл тавьж “Оюунлаг мисс” өргөмжлөл хүртэж байсан. Гадаад хэлийг хэрхэн сурсан бэ?

-Би “Сант” сургуулийг төгссөний дараа ШУТИС-ийг КТМС-ийг маркетингийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Дунд сургуульд байхын гадаад хэлний хичээлд сонирхолтой байсан. Их сургуульд сурч байхдаа Европын холбооны тэтгэлэгт хамрагдаж, Испани улсад нэг жил суралцсан. Олон улсын оюутнууд суралцаж байсан болохоор англи хэлний маань мэдлэг улам сайжирсан. Испани хэл язгуур нь латин гаралтай хэл. Англи, Орос хэлтэй хүн Испани хэлийг сурахад дөхөм байдаг. Тийм болохоор надад испани хэлийг сурахад хүндрэл байгаагүй. Миний бодлоор гадаад хэлийг сурахад орчин их нөлөөлнө. Хэдийгээр гадаадад байхгүй ч гэсэн Монголд англиар ярих олон хүмүүс байна. Сүүлийн хоёр жил би Америкийн Лос-Анжелес хотод суралцаж, жүжигчний мэргэжил эзэмшсэн болохоор хэлний мэдлэг улам сайжирсан.

-Дунд сургуульд байхдаа волейболоор хичээллэдэг байсан гэж сонслоо?

-Биеийг өв тэгш хөгжүүлэхээс гадна өндөр болгодог гэдэг үүднээс волейболын спортоор хичээллэсэн. Дунд сургуульд байхдаа тасралтгүй дөрвөн жил волейбол тоглосондоо. Одоо ажлын ачааллаас болоод спортоор хичээллэж амжихгүй боллоо. Гэхдээ одоо дасгал хийж, идэвхтэй хөдөлгөөнтэй амьдрахыг хичээдэг.

-Таны хувьд “My club online community” багт нэгдэж, мод суулгах ажилд гар бие оролцжээ. Энэ багт хэрхэн нэгдсэн бэ?

-Би энэ багт КТМС-ийн оюутан байхдаа нэгдсэн. Манай сургуулийн түүхийн н.Сэрждарам багш мод тарих хүсэлтэй байгаад бидний саналыг дэмжиж байсан. Тэр үед долоон оюутан нэг баг болоод багшаар удирдуулаад анх клуб нээсэн. Одоогоос найман жилийн өмнө энэ клуб нээгдэж байсан бол одоо 3000 гаруй гишүүнтэй боллоо. Жил бүр уур амьсгалын дулаарал, цөлжилтийн эсрэг Монгол орныхоо өнцөг булан бүрт мод тарьсаар 120 гаруй мянгад хүрсэн.

-АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” киноны хоёрдугаар цувралд дүр бүтээжээ. Ямар дүр бүтээсэн бэ?

-Намайг “Марко Поло” кинонд тоглоход холбож өгсөн хүн бол “Miss Mongolia-2015” тэмцээний шүүгчээр ажиллаж байсан жүжигчин М.Оргил. Бидэнд англи хэлтэй хүн хэрэгтэй байна, хамтарч ажиллаач гэж М.Оргил ах санал тавьж байсан. “Марко Поло” киноны зохиолч, найруулагч нар Монголд ирэхдээ шинэ дүр бодно гэж хэлээд явсан. Удалгүй дараа нь надад санал ирж, шалгаруулалтад ороод тэнцсэн. “Марко Поло” кинонд бэлэвсэн, монгол эмэгтэйн дүрийг бүтээсэн. 1-р ангийн дүрд тоглосон уран бүтээлчид дараагийн ангид тоглож байгаа болохоор шинэ дүр цөөн байгаа. “Марко Поло” кинонд тоглож байхад сэтгэл өндөр байлаа. Хамт тоглож байгаа манай уран бүтээлчид бол үнэхээр мундаг байсан. Би үүнийг нэг том боломж болов уу гэж харсан. Зураг авалтын тухайд Унгар, Словак, Малайз улсад болсон. Миний дүрийн зураг авалт дууссан.

-Таныг баримтат кино найруулж байгаа гэсэн. Кинонд тоглохоос гадна найруулах ямар байна вэ?

-Надад сурах зүйл их байна. Одоо 24 настай. АНУ-д жүжигчний мэргэжил эзэмшээд илүү их өөрийгөө дайчин болгож чадлаа. Би Улаанбаатар хотод төрсөн айлын ганц охин. Хөдөөгийн амьдралыг тэр бүр мэдэхгүй болохоор надад мэдэх, сурах зүйл их байлаа. Соёлын өв уламжлалыг хайрлан хамгаалах тухай “Язгуур лугаа” баримтат уран сайхны киног найруулсан. Энэ киноны зураг авалтыг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын малчин н.Мөнхөөгийн гэрт авсан. Би энэ киног хийхийн тулд малчин айлд хоёр сар байсан. Яг тэр айлын хүүхэд шиг бүх ажилд оролцоод хоёр сарын турш байсан. Энэ баримтат киноны зураг авалт дууссан байгаа. “Miss Earth-2015” тэмцээнд оролцож ирсний дараа кинон дээрээ ажиллана.

-Таны “Miss Earth Mongolia 2015 Eco-Beauty” видео youtube-д хамгийн их хандалттай явна. Одоо таны завгүй өдрүүд эхэллээ дээ?

-“Эх дэлхийн мисс-2015” тэмцээний шалгаруулалтын тухайд дээр хэлсэнчлэн интернэт дэх хоёр санал асуулга чухал байгаа. Тиймээс “Miss Earth-2015” гэсэн фэйсбүүк, твиттер хаяг руу ороод оролцогчоо дэмжих хэрэгтэй. Миний хувьд энэ тэмцээнд оролцсоноор эх орноо дэлхий дахинд сурталчлан таниулах, эргээд эх орондоо жуулчдыг татах зорилготой. Энэхүү видеог үзээд олон орны хүмүүс сэтгэгдлээ бичиж байна. Одоо хандалт нь 120.000-д хүрчихлээ. Энд хэдийгээр намайг дэмжиж байгаа боловч цаана нь бид эх орноо дэлхий дахинаа сурталчлахад хамтдаа байна гэсэн үг. Би амжилттай оролцохын тулд хичээх болно. Та бүхнийг нэг баг болж дэмжээрэй гэж хүсч байна.


“Miss Earth” тэмцээний ялагч гоо бүсгүй тухайн жилийн байгаль орчин, экологийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд “Miss Earth” сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл хөтөлбөрийн элч төлөөлөгч болдог аж. Тэмцээний эхний шалгаруулалт фото болон видео гэсэн хоёр төрлөөр шилдэг 16-г тодруулах юм. Энэхүү шалгаруулалт 12 дугаар сарын 5-ны өдөр дуусна. “Miss photo” шалгаруулалтад А.Баярцэцэгт саналаа өгөхийн тулд http://www.missearth.tv/vote-photogenic.php холбоосоор орж дэмжээрэй. Шалгаруулалтад лайкийн тоо тооцогдохгүй бөгөөд зөвхөн фэйсбүүк, твиттерт шэйрлэгдсэнээр санал тооцогдох юм байна.

 

Баярцэцэгийн twitter хаяг: https://twitter.com/earth_mgl

Орох холбоос: http://www.missearth.tv/vote-photogenic.php

Ч.БОЛОРЧУЛУУН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна