Путин гэмтнүүдийг цээрлүүлэхээ амлав

2015 оны 11 сарын 18

Фото: Mohamed Abd El Ghany / Reuters

 

Египетэд сүйрсэн Оросын A321 агаарын хөлгийн сүйрлийн хариуцлагыг хүлээхээ мэдэгдсэн террористуудыг дэлхийн ямар ч цэгээс олон цээрлүүлнэ гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин амлав. Холбооны Аюулгүйн албаны тэргүүн Александр Бортниковын оролцсон онгоцны ослын шалтгааны мөрдөн байцаалтын үр дүнгийн талаар Кремльд хийсэн хүчнийхний зөвлөгөөн дээр энэ тухай тэр мэдээллээ.

 

“Орос орон ямар нэгэн шалтгаангүйгээр хийсэн дотоод, гадаадын бүдүүлэг террорист гэмт хэрэгтэй нэг биш удаа тулгарч байлаа. 2013 оны сүүлчээр Волгоград хотын төмөр замын буудалд хийсэн дэлбэрэлт мөн л ийм байв. Бид хэнийг ч юу ч мартаагүй” гэж Путин хэлэв.

 

Синайд оросуудыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг цээрлүүлнэ. “Хугацаа өнгөрсөн гэлгүйгээр бид үүнийг хийнэ. Тэднийг нэрээр нь мэдэж байх болно. Хаана ч тэд нуугдсан, бид тэднийг газар сайгүй эрж хайна. Бид тэднийг дэлхийн ямар ч цэгээс олон цээрлүүлнэ” хэмээн Оросын лидер онцлон хэлэв. Гэмт хэрэгтнүүдийг хаацайлагчид тийм нуух оролдлого нь тэдний нуруунд үүрэгдэнэ гэдгийг мэдэж байх ёстой гэж тэр анхааруулжээ.

 

Арваннэгдүгээр сарын 16-ны орой Кремльд болсон хүчнийхний зөвлөгөөн дээр, осолдсон онгоцны зорчигдын хувцас хунар, ачаа, онгоцны сэгээс гадаадын үйлдвэрлэлийн тэсрэх бодисны ул мөр илэрсэн гэж Путинд Александр Бортников илтгэсэн байна. Оросын мэргэжилтнүүдийн дүгнэлтээр агаарын хөлөг дотор гар хийцийн, нэг килограммын тротилийн хэмжээний хүчин чадалтай тэсрэх төхөөрөмж дэлбэрсэн байна хэмээн ХАА-ны дарга хэлээд “Энэ бол яахын аргагүй террористуудын үйлдэл” гэлээ.

 

Когалымавиа компанийн Airbus A321 онгоц аравдугаар сарын 31-ны өдөр Шарм-эль-Шейхаас Санкт-Петербургийн чиглэлд нисээд Синайн хойгийн хойд хэсэгт унасан байлаа. Онгоцонд явсан 224 хүн бүгд амь үрэгджээ. Онгоцыг унагасан гэх хариуцлагыг “Исламын улс” бүлэглэлд тангараг өргөсөн “Вилайят Синай” гэх байгууллагын дайчид өөртөө авсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна