Зээл өгөөч, удаахгүй төлнө

2015 оны 11 сарын 18

-Эгч ээ, иргэний үнэмлэхээ түр үлдээе, зээлчих. Маргааш яг өгнө гэж хүмүүс цөөрөх үеийг харж байгаад нэгэн залуу дэлгүүрийн худалдагчаас гуйлаа. Худалдагч хариуд нь,

-Үгүй ээ, одоо эгч нь зээл өгч чадахгүй. Бараагаа татаж хүчрэхгүй байна. Орж ирээд гуйсан болгонд нь өгөөд байвал би өөрөө яах билээ. Зарим нь гуйж гуйж зээл авчихаад таг алга болчих юм гэж Дэнжийн 1000-д байрлах "Наран" дэлгүүрийн эзэн ширүүхэн дуугарлаа. Гурил, будаа, талх зэрэг өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй зүйлсээ зээлээр авах гэсэн хүмүүс өдөрт нэлээд хэд орж ирдэг гэв. “Эдийн засгийн хямрал хэрээс хэтэрч ард түмний амьдрал яаж уруудаж байгааг ойлгож мэдрэх төрийн түшээд ч алга” гэх жирийн иргэдийн яриа хатуухан сонсогдлоо.

Хотын төвийнхөнд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнээр голдуу үйлчилдэг "Номин”, “Миний зах" мэт томоохон сүлжээ дэлгүүрүүдийн борлуулалт хэр байгааг мэдэхийг хүссэн ч харамсалтай нь “Мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Харин хотын захаар буюу гэр хорооллоор байдал арай өөр. Долоон буудал, Хайлаастын дэлгүүрээр орвол байдал ямар байгааг нүдэнд харагдтал хэлэв.

"Дэлгэр Туул" хүнсний дэлгүүрээр ороход талх, нарийн боов, хүнсний ногоо тавих зориулалттай тавиурууд бичигнээс өөр зүйлгүй хоосон харагдана. Түүнчлэн бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүн ч цөөхөн, лангуугаа дүүргэх гэсэн шиг тараан байрлуулжээ. Тус дэлгүүрийн худалдагч Г.Бадмаа “Өмнөх жилүүдээ бодвол худалдан авалт эрс буурсан. Иргэд худалдан авах чадваргүй байна. Зөвхөн өнөөдөр, маргааш зайлшгүй хэрэг болох зүйлээ л авдаг. Архи, пиво болон жимс, чихэр авдаг хүн ховор болсон” гэв.

“Хэдэн хүүхдүүдийнхээ буянд болж л байна. Түүнээс биш хоол хүнсээ авч чадахгүй хэцүүхэн л байна” хэмээн өндөр настан Б.Жадамбаа гуай учирлалаа. Тэрээр цааш үргэлжлүүлэн “Энэ хямрал гээч зүйл арай л дэндэж байна. Хүн болсон хойно хааяа өөрийн дуртай зүйлээ авч идье гэхээр үнэ нь дийлдэхгүй, үнэтэй юм гэж хэлэхээр заримдаа дэлгүүрийн охинд загнуулна. "Ах минь бид хамгийн боломжтой хямд үнээр л зарж байна гэх юм" гэж гомдоллов. “Буруу хойшоо” гэж уулга алдсан тэрээр "Энэ улс оронд юу болоод байгааг ойлгохоо болилоо” хэмээн улстөржих янзтай.

"Хүн яг өнөөдөр өөрт нь хэрэгтэй юу байна, түүнийгээ л худалдаж авна. Илүү дутуу амттан, шоколад мэтийн зүйлс зарагдах нь бага болсон" гэж "Элгэн Ус" хүнсний дэлгүүрийн эзэн Д.Урангоо тайлбарлав. "Дэлгүүр гэхээр л маш их хэмжээний мөнгө эргэлддэг юм шиг ойлгох хүмүүс олон. Заримдаа зээл өгөхгүй болохоор элдэв үгээр дайрч доромжлох ч үе гарна. Бид өөрсдөө гэрээт борлуулагчдаасаа авсан барааныхаа тооцоог хийж чадахгүй үе гардаг. Тэднээс авсан барааныхаа тооцоог сарын сүүлээр л төлдөг"-ийг Д.Урангоо нуусангүй.

"Өдөр бүр л өглөөнөөс орой хүртэл ажилладаг. Тэгсэн хэр нь авч байгаа цалингаа хараад ажилласан ч юм шиг, үгүй ч юм шиг санагддаг. Хөдөлмөрлөж, ажилласан илүү цагийнхаа хэрээр үнэлүүлдэг бол олон юм ярихгүй.

Мөнгөгүй болсон иргэд барьцаалах ч бөгжгүй болж, өөрийг нь Монгол Улсын иргэн гэдгийг батлах хамгийн үнэ цэнэтэй бичиг баримтаа барьцаанд тавиад авч чадалгүй орхих тохиолдол ч бишгүй гардаг болжээ. Бичиг баримт болон гар утас, ээмэг, бөгжөө барьцаанд үлдээгээд алга болох нь энүүхэнд.

Цалин нэмүүлье гэхээр халагдах бичиг ширээн дээр бэлэн байгааг сануулдаг. Тиймээс цалин бага ч ажил хийж байна. Ядаж хоосон хонохгүй байхын төлөө хичээж байна" гэх иргэд ч таарч байсан юм.

"Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлохтой" адил зүйл тохиолдоод байна. Хэсэг бүлэг хүний амьдрал сайжирснаас биш ард иргэд талхаа ч авч чадахгүй болтлоо доротойж байна" гэж нүүрс зарах дөч гаран насны ах бухимдангуй хэлэв.

Харин цааш үргэлжлүүлэн дэлгүүрүүдээр орвол дээрх байдал давтагдаж, хүмүүсийн амнаас хямрал гэх үг “Сайн байна уу”-тай адил гарна.

Мөнгөгүй болсон иргэд барьцаалах ч бөгжгүй болж, өөрийг нь Монгол Улсын иргэн гэдгийг батлах хамгийн үнэ цэнэтэй бичиг баримтаа барьцаанд тавиад авч чадалгүй орхих тохиолдол ч бишгүй гардаг болжээ. Бичиг баримт болон гар утас, ээмэг, бөгжөө барьцаанд үлдээгээд алга болох нь энүүхэнд. Тийм учраас хамгийн дээд тал нь тав, зургаан мянгаар л зээл өгдөг гэж "Хөв Хөргийн гол" дэлгүүрийн эзэн хэллээ.

“Сүүлийн жилүүдэд гурил будааны үнэ нэмэгдэхийн хэрээр түүнийгээ дагаж талх, боорцогны үнэ нэмэгдэж байна. 25 кг будаа л гэхэд 50 мянган төгрөг болсон. Ийм нөхцөлд амьдарна гэдэг хэцүү, энэ зүйл ганцхан надад тохиолдоод байгаа юм биш. Дийлэнх маань өөрт болоод гэр бүлдээ зайлшгүй хэрэгтэй зүйлийг л арай хийж авч байна” гэж Л.Янжинлхам гуай халаглаж байв.

Удаахгүй төлнө гэдэг үгийг сонсмооргүй байгаа ч учирлан гуйх нэгнээ өрөвдөж, зээл өгсөн хүмүүсийн амьдралын нэгээхэн хэсгийг уншигч таньд хүргэлээ. Гэхдээ дэлгүүрүүд ч өөрсдөө хүндхэн байдалд ороод эхэлжээ.

Ж.ХАТАНБААТАР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна