Оросын онгоцнууд “ИУ”-д цохилт өглөө

2015 оны 11 сарын 18

Ту-22М3. Фото: Дмитрий Духанин / «Коммерсантъ»

 

Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн байрлалд Оросын алсын нислэгийн хүчний 23 онгоц цохилт өгсөн тухай ерөнхийлөгч Путинд Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу илтгэсэн тухай ТАСС мэдээлжээ.

 

Фото: Министерство обороны РФ

 

ОХУ-ын Агаар, сансрын хүчний онгоцнууд арваннэгдүгээр сарын 17-ны өдөр буюу өчигдөр 127 байлдааны нислэг хийж, террористуудын 206 байгууламжид цохилт өглөө гэж сайд хэлэв.

 

Шойгугийн хэлснээр, өглөөний 05:00 - 05:30 (москвагийн цагаар) Моздокын нисэх буудлаас хөөрсөн Ту-22М3 гэх 12 бөмбөгдөгч онгоцнууд Ракка ба Дейр-эз-Зорын районыг бөмбөгджээ. Ту-22М3 хоёр дахь цохилтоо 16:00 - 17:30 цагийн хооронд хийсэн байна. Мөн стратегийн пуужин тээгч таван Ту-95МС, зургаан Ту-160 бөмбөгдөгч онгоцнууд 9:00 - 9:40 цагийн хооронд 36 далавчит пуужингаар Сири дэх цэгүүдэд цохилт өгчээ.

 

Өмнө нь, АНУ-ын засаг захиргааны төлөөлөгч, оросууд Сири дэх цэгүүдэд агаарын болон далайн байрлалын далавчит пуужингуудаар цохилт хийсэн тухай Reuters агентлагт мэдээлсэн байна. Агентлагийн эх сурвалж тэмдэглэхдээ, Сири дэх агаарын нислэгийн аюулгүй байдлын хэлэлцээрийн хүрээнд Москва агаарын цохилт хийх тухай Вашингтонд өмнөөс мэдээлсэн гэжээ.

 

“Исламын улс” өөрийн нийслэл гэж зарласан Ракка хот дахь байнуудад Газар дундын тэнгисээс Оросын шумбадаг онгоцноос далавчит пуужинг харвасан гэж Францын Le Monde сонин 17-ны шөнө мэдээлэв.

 

Сергей Шойгу дээрх ажиллагааны явцад нисэх онгоцноос 34 далавчит пуужингаар террористуудад цохилт хийсэн гэлээ. Сири дэх Оросын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш ийнхүү стратегийн нисэх хүчнийг анх удаагаа ашиглагдсан бөгөөд далавчит пуужингаар хийсэн хоёр дахь удаагийн цохилт нь энэ байлаа.

 

Онгоцны ослын шалтгааны мөрдөн байцаалтын үр дүнгийн талаар Кремльд хийсэн хүчнийхний зөвөлгөөн дээр Путин Сири дэх Оросын нисэх хүчний ажиллагааг улам идэвхжүүлэх тушаал өгсөн юм. “Бидний нисэх хүчний байлдааны ажиллагаа зүгээр нэг үргэлжлэх биш, түүний хүчийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэмт хэрэгтнүүд цээрлэл зайлшгүйг ойлгох ёстой” хэмээн Путин хэлжээ.

 

 

Хамгийн анх 2015 оны аравдугаар 7-нд Орос Каспийн тэнгисийн флотоос 3М14 цогцолборын «Калибр» гэх 26 далавчит пуужингаар Иран, Иракийн дээгүүр харван Сири дэх террористуудын байрлалыг буудсан юм. Одоо тэд агаарын ангиллын пуужингаа амжилттай ашиглав. Мөн Хар тэнгисийн флотын хөлгөөс далайн байрлалын пуужинг дахин бууджээ.

 

Энэ нь зүгээр нэг цохилт биш, зэвсгийг байлдааны нөхцөлд ашиглах, мөн Европ байрлуулах АНУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах систем ямар ч нөхцөлд цохилтод өртөх болно гэдгийг харуулж байгаа юм.

 

Фото: Григорий Сысоев / РИА Новости

 

Путины өгсөн тушаалын дагуу Сирид байлдааны ажиллагаа явуулж байгаа нисэх бүлэглэлийн хүчийг 37 онгоцоор зузаатгана гэж Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга армийн генерал Валерий Герасимов мэдэгдлээ. Сири дэх нэгтгэлдээ найман Су-34 бөмбөгдөгч, дөрвөн Су-27 сөнөөгч онгоцоор хүч нэмэх бөгөөд Алсын нислэгийн хүчний 25 онгоц өөрийн нутгаас уг ажиллагаанд оролцох юм байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна