Д.Алтанхуяг: Цөмөөхэй балетанд гурван гол шинэчлэлт хийж байгаа

2015 оны 11 сарын 18

“Цөмөөхэй” балетын гол дүр болон тайзан дээр гарах 180 хүүхдүүдийн шалгаруулалтанд нийт 260 гаруй хүүхдүүд оролцлоо. Өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон шалгаруулалтаас 10 охин Кларагийн дүрд өрсөлдөх болно

"Цөмөөхэй" балет шинэ гол дүр хайж байгаа талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ. Товлогдсон өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн чанх хойно байрлах "Монголын балетын хөгжил сан"-гийн байранд очвол сэтгэл нь догдолсон олон хүүхдүүд цугларчээ. Амралтын өдөр хүүхдээ дагуулан ирсэн эцэг эхчүүдийн харц нь бяцхан үрсээ сонгогдчих болов уу гэсэн итгэл тээсэн өнгөөр гэрэлтэнэ.

Шалгаруулалтын танхимд МУГЖ Д.Алтанхуяг өөрөө хүүхдүүдтэй ажиллаж байв. Тэрбээр ердөө хоёр хоногийн өмнө Монголд ирсэн бөгөөд "Цөмөөхэй" балетад оролцох хүүхдүүдийг сонгох, бэлтгэл сургуулилттай холбоотой гол ажлуудаа амжуулахаар иржээ.

Дэлхийн олон оронд "Цөмөөхэй" балет шинэ жилийн уур амьсгалыг хамгийн сайн төрүүлдэг сонгодог бүжгэн жүжигт тооцогддог. Энэ жилээс эхлэн уг балет ДБЭТ-ын урын санд албан ёсоор нэмэгдэж, жил бүр уламжлагдан тоглогдохоор болж байна. Тиймээс мэргэжлийн балетчидтай, мэргэжлийн тайзан дээр гарч, дэлхийн одтой хамт үзэгч олондоо баярын уур амьсгал бэлэглэнэ гэдэг үнэхээр жилд ганц л тохиох боломж.

Энэ жил "Цөмөөхэй" балетад гурван гол шинэчлэлт хийж байгаа хэмээн Д.Алтанхуяг хэллээ. Үүнд, шинэ жилийн гацуурыг ДБЭТ-ын тайзанд тохируулж харьцааг нь шинэчлэх, цас оруулалтыг нэмж улам гоё болгох мөн хурга гэх шинэ дүр нэмж байгаа юм байна. Өмнөх жил баавгай тайзан дээр бүжиглэж байсан учраас энэ жилийн шинэчлэлт мөн адил сонирхолтой болох биз ээ.

Шалгаруулалтанд бүртгүүлсэн хүүхдүүдээс энэ жил 180 хүүхдүүд сонгон тайзан дээр хоёр ээлжээр гаргах болно. Түүнээс гадна Клара охин болон бусад дүрүүдийг мөн сонгох юм. Сонголтыг Д.Алтанхуяг өөрөө голчлон харж байгаа ч гол дүр бол шилдэгийн шилдэг байх ёстой учраас өөр олон шүүгчид оролцоно. Тэгэхдээ тэдгээр шүүгчдийг балетын сургууль, сургалттай ямар нэгэн байдлаар холбоогүй хүмүүсээр бүрдүүлэх гэнэ.

Хамгийн гол шалгуур бол хүүхдийн эвсэл, сонсгол хоёр юм. Хэдий балетын сургуульд явдаггүй, бүжиглэж чадахгүй байсан ч гэлээ үнэхээр авьяаслаг хүүхдүүдэд боломж олгож байгаа. Тиймээс мэргэжлийн сургууль, сургалтанд хамрагдаагүй олон хүүхдүүд иржээ. Үнэндээ балетын сургалт өндөр өртөгтэй учраас жил бүрийн "Цөмөөхэй" балетын шалгаруулалт авьяасаа тодруулах, мэргэжлийн баг хамт олон руу орох хүсэлтэй хүүхдүүдэд гарц болох ач холбогдолтой ажээ.

Өнгөрсөн жилийн хувьд гол дүрийн охиныг нэгд өндрөөр нь сонгож авсан байна. Хоёрдугаарт, тухайн охин тайзан дээр ч, амьдрал дээр ч эелдэг зөөлөн, уран хөдөлгөөнтэй, сайхан сэтгэлтэй байдаг хувь хүний чанарыг нь харжээ. Гуравт нь хөдөлгөөний эвсэл байсан бөгөөд хамгийн сүүлд балетээр хичээллэсэн чадварыг харгалзсан байна.

Хүн өмнөө том зорилго тавьж, түүндээ хүрэх гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй байж хөгжиж, дэвжиж чаддаг. "Цөмөөхэй" балет жил бүр хүүхдүүдэд урам зориг өгч, зорилго тэмүүллийг нь өдөөдөг нэгэн чухал үйл явдал байхыг "Монголын балетын хөгжил сан"-гийнхан хүсчээ. Тиймээс Д.Алтанхуяг олон хүүхдүүдээс "Бидэнтэй хамт түүх бичилцэхэд бэлэн үү" гэж асууж байлаа.

Учир нь Д.Алтанхуяг сангийнхаа дэргэд "Монголын шинэ балет" гэх сургууль байгуулж байгаа. Түүний ажилладаг Бостоны балетын сургууль нь Хойд Америкийн хамгийн шилдэг сургуульд тооцогддог билээ. Тэндхийн ололт амжилт, алдаа дутагдлыг судалсны үндсэн дээр олон улсын түвшинд үнэлэгдэхүйц балетчид бэлтгэх нь энэ сургуулийн гол зорилго юм. 

Энэ жил гол дүрийн шалгаруулалтанд тэнцсэн хүүхдүүдэд тус сургуульд бүтэн жил үнэгүй сурах тэтгэлэг олгох юм байна.

ЭХ СУРВАЛЖ: BURO247.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна