Хөлбөмбөгийн тоглолтын өмнө хүмүүсийг сандаргажээ

2015 оны 11 сарын 18

 

Парисын халдлагын дараа дэлхий дахин ялангуяа Европын орнууд түгшүүрт автаад байна. Тухайлбал, Германы Ханновер хотноо өнгөрсөн шөнө болсон Нидерланд-Германы багийн хөлбөмбөгийн тоглолтын өмнө цагдаа нар цэнгэлдэхээс хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Германы цагдаагийн газарт хэн нэгэн хөлбөмбөгийн цэнгэлдэхэд тэсрэх бөмбөг дэлбэлэх гэж байна гэх мэдээлэл ирсэн аж. Цагдаа нар энэ мэдээллийг нухацтай авч үзэн, аюулгүй байдлыг шалгах үүднээс үзэгчдийг яаралтай нүүлгэн шилжүүлж, хөлбөмбөгийн тоглолтыг 90 минут орчим саатуулсан байна. Хөлбөмбөгийн тоглолтыг Германы канцлер Ангела Меркель болон засгийн газрын албаны гурван хүн үзэх байжээ.

 

Германы “Der Spiegel” болон “Bild Zeitung” хэвлэлд мэдээлснээр тэсрэх бөмбөгний мэдээлэл Францын тагнуулын албанаас ирсэн гэжээ. Францын талаас Германд Иракийн хэт даврагчид халдлага үйлдэхээр төлөвлөж байгааг анхааруулсан аж.

 

 

Өмнө нь өнгөрсөн баасан гаригт Парист гарсан олон халдлагын үеэр “Stade de France” хөлбөмбөгийн цэнгэлдэхийн гадна гурван хүн амиа золиосолж, тэсрэх бөмбөг дэлбэлсэн юм. Парисын халдлагад 129 хүн амь үрэгдэж, 350 гаруй хүн гэмтэж бэртсэний заримынх нь биеийн байдал муу байгаа аж.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна