МАН-ынхан хурал орхиж гарлаа

2015 оны 11 сарын 18

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр МАН-ын гишүүд хуралдаанаа орхиж гарлаа. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар хуралдааныг орхиж гарсан юм.

Тус бүлэг Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслөөр завсарлага авах хүсэлт тавьсан ч өнгөрсөн нэгдүгээр сард уг хуулиар завсарлага авсан байсан тул байнгын хорооны дарга Д.Батцогт өгөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн.

Үүний дараа дээрх нэр бүхий гишүүд хуралдааныг орхиж гарлаа.

Тус байнгын хорооны хуралдаан товлосон цагаасаа гурван цагаар хойшлогдож эхэлсэн бөгөөд Л.Эрдэнэчимэг гишүүн суга таягтай ирж ирц бүрдүүллээ. Тэрээр хөлөө гэмтээжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд ийн хуралдаандаа суухгүй байгаа шалтгаан нь Малчдын тэтгэврийн насыг урагшлуулах тухай хуулийн төслийг өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхлэхийг шаардаж буйтай холбоотой.

Тус бүлгийн гишүүд Малчдын тэтгэврийн насыг урагшлуулах тухай хуулийн төслийг хоёр жилийн өмнө санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн ч хэлэлцүүлэгт оруулаагүй байгаа юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна