Түмэн цэрэг-Төмөр зам

2015 оны 11 сарын 18

Цэрэгт явж үзсэн болов уу гэмээр зарим дарга нар төмөр замаа түмэн цэргээр бариулах мэргэн санаа олжээ. Нэг талаас эдийн засгийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалтад ажилгүй иргэдээ татан оролцуулах, дотоодын нөөц бололцоондоо тулгуурлаж, эдийн засгийн томоохон төслүүдээ хэрэгжүүлэх хоёр бодит шаардлагаас уг санаа нь урган гарсан юм дагуу даа.

Нөгөө талаас засаглалын болоод эдийн засгийн хямралаас болж ажлын байраа алдсан иргэдээ ажилтай болгох, “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрөө хэрэгжүүлэх гээд Ардчилсан нам “нэг сумаар хоёр туулай буудах” гоё санаагаа хэрэгжүүлэхээр ирэх оны төсөвт 24 тэрбум төгрөгийг суулгав.

Хүрз бариад шороо овоолох 10 мянган ажилгүй хүнийг хаанаас олох вэ гэсэн дарга нарын нүдэнд төсвөөс тэжээгдээд ажилгүй хэвтэж байгаа түмэн цэрэг харагдсан бололтой юм. “Цэргийн хүнийг мянган хоног тэжээж нэг өдөр хэрэглэдэг” гэсэн үг сайхан далим болсон ч биз. Ингээд ирэх жилээс “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд төмөр зам-түмэн цэрэг гэсэн нэгэн шинэ төсөл хэрэгжихээр болов.

Далайд гарцгүй, эх газрын орнуудын хувьд гуравдагч зах зээлд гарах хөл нь төмөр зам байдаг. Тэр утгаараа бид гар аргаар, хүний хүчээр төмөр зам барина гэж хөөрцөглөх биш, өндөр технолого, техникийн дэвшлээр богино хугацаанд зардлаа нөхөх  эдийн засгийн үр ашигтай экспортын төмөр зам барих ёстой. Тийм үр ашигтай төмөр замыг түмэн цэрэг барьж чадахгүй.

Ардчилсан намын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 251 дугаарт “Батлан хамгаалах бодлогын хүрээнд цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах, арга хэмжээ авах” гэсэн нэг зорилт тусгагдсан гэнэ. Энэ зорилт нь огт хэрэгжээгүй  байсныг нь олж хараад  түмэн цэрэг-төмөр зам   төслийг санаачилж, энэ нь УИХ-ын даргад жигтэйхэн их таалагдаж байгаа болохоор удахгүй Засгийн газар, чуулганы хуралдаанаар хэлэлцэх ч биз.

Гэхдээ дөрвөн жилийн өмнө буюу 2011 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо “Шинэ төмөр зам”-ын нээлтийн туузыг тухайн үеийн Зам тээврийн сайд Х.Баттулга хайчилж, хэдэн лам нар хийморийн сан уугиулснаас хойш Монголын төмөр замын салбарт шинэчлэлт хийсэнгүй. Одоо тэгээд Монгол Улс найман жил ярьсан төмөр замаа түмэн цэргээрээ бариулна хэмээн зүүдэлж эхэллээ.

Төрөөс баримтлах төмөр замын бодлогоо 2010 онд баталснаас хойш тоолбол өнгөрсөн таван жилийн хугацаанд монголчууд  төмөр зам гэсэн ганц сэдэв дээр ихээхэн улстөржиж, багагүй “зодолджээ”. Зөвхөн төмөр замын цариг нь олон улсад одоо мөрдөгдөж байгаа нарийн стандартаар тавигдах уу, Орост хэрэглэж байгаа өргөн стандартыг ашиглах уу гэсэн нэг асуултын  хайнаагаа өнөөдөр хагалж чадаагүй байна. Чингис бондоос 280 сая долларыг зарцуулсан, Зам тээврийн сайд асан А.Гансүхийн анх ярьж байснаар 2016 онд ашиглалтад орох Ухаанхудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр зам хаана ч байгаа юм, бүү мэд. Өндөр хөгжилтэй БНСУ-ын “Самсунг СТ” гэх “үнэтэй” компанийг төслийн ерөнхий гүйцэтгэгчээр авсан нь өнөөдөр захирал нь Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх цагдаа нарт шалгагдахад хүргэлээ.

Төмөр зам хүрзээр шороо овоолоод, дээр нь хар тос асгаад, индүүдээд хөлдөөчихдөг зүйл биш л дээ. Тэгээд ч авто зам барихад ч түмэн цэргийн шаардлага байхгүй болсон үе. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас суралцдаггүй юм аа гэхнээ  төмөр зам-түмэн цэрэг төслөө хэрэгжүүлье гэхэд энгийн ухаанаар бодоход тэрбум байтугай доллар хэрэгтэй болно гэдгийг  АН-ынхан тооцож үзсэн үү? Адаглаад л арван мянган цэргийн сарын цалинг дор хаяж нэг сая төгрөгөөр бодож, 12 сараар тооцвол манай төсвийн ачаалал дийлэхгүй. Тэгэхээрр энэ хөтөлбөр бас нэгэн мянгуужингийн үлгэр болоод дуусах  нь гарцаагүй.

Энэ сарын эхээр Л.Эрдэнэчимэгийн хамт суугаад 40 гишүүний гарын үсэг бүхий Тавантолгой тогтоолын төслийг Х.Баттулга хэвлэлийнхэнд танилцуулснаас хойш “Либериал хаус” гэх төрийн бус байгууллагын урилгаар очиж уншсан хоёр дахь "лекц" нь  түмэн цэрэг-төмөр зам төслийн тухай.   Лекцийнх нь нэр “Нэг үндэстэн-нэг цэрэг”. Эндээс Ардчилсан нам сонгуулийнхаа пиар хийлээ, хийлээ гэхэд  арай дөмөгхөн юм бодож олж барсангүй юу гэх бодол ч төрж байна. Хэн нэгэн дарга арван мянган хүрж, жоотуу, бээлий шахах аргаа олсон ч гэлээ төр нүүрсээ зөөх, тээвэрлэх, төмөр зам барих гээд микро төвшний ажилд хутгалдаг ямар ашиг сонирхол байна вэ. Төр оролцох тусмаа төмөр зам баригддаггүй гэдгийг өнгөрсөн найман жилийн гашуун туршлага маань хангалттай харуулав биш үү.

Түмэн цэргийн хүчээр төмөр замаа тавьчихдаг байсан бол шоргоолж шиг олон хүнтэй Хятад төмөр замын бүтээн байгуулалтаараа дэлхийд тэргүүлэх нь яав аа. Дэлхийн эдийн засгийн хоёр дахь том зах зээл болсон Хятадын хамгийн том бэрхшээлтэй асуудал нь төмөр зам юм. Аль XIX зууны үед гар аргаар, хүний хүчээр барьсан төмөр замууд нь хоцрогдож, дотоодынхоо ачаа тээврийн эргэлтийг дааж чадахгүй, хуучин төмөр замуудаа солихын тулд Хятадын Засгийн газар багагүй зардал, чирэгдэл гаргаж байна. Хятад улс төмөр замын маш том бодлого хэрэгжүүлж буй.  Оросууд ч Сибириэр дамжин Хятадтай нарийн царигтай төмөр замаар холбогдохыг хүсч байна. Богино хугацаанд зардлаа нөхөж, эдийн засгийн өндөр үр ашгийг хүртэхийн тулд Хятад Европ руу, Орос Хятад руу  холбогдох томоохон төслүүд хэрэгжүүлж байхад Монгол Улсын хууль тогтоох төрийн дээд байгууллагын дарга нь “төмөр замаа дотооддоо ашиглах ёстой, өрсөлдөх чадвартай болно” гэх утгатай яриа өгөөд сууж байх жишээний. Бидэнд дотоодод тээвэрлэх ачаа тээвэр бага, Монгол Улсын гол зорилго бол гуравдагч зах зээлд гарах экспортын төмөр замтай болох явдал шүү дээ. Тэгээд ч бид дотооддоо биш гадагшаагаа өрсөлдөж байж ашиг олно.

Далайд гарцгүй, эх газрын орнуудын хувьд гуравдагч зах зээлд гарах хөл нь төмөр зам байдаг. Тэр утгаараа бид гар аргаар, хүний хүчээр төмөр зам барина гэж хөөрцөглөх биш, өндөр технологи, техникийн дэвшлээр богино хугацаанд зардлаа нөхөх  эдийн засгийн үр ашигтай экспортын төмөр зам барих ёстой. Тийм үр ашигтай төмөр замыг түмэн цэрэг барьж чадахгүй

Тэр тусмаа түмэн цэргийг ажилтай болгохын тулд төмөр замаа бариулна гэж сэтгэж байгаагаасаа ядаж ичих ёстой юм шиг. Тэгж яривал харганыхаа ноосыг түүж эсгий үйлдвэрлэе л дээ. Илүү олон хүн ажлын байртай болно биш үү.

Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна